Жагсаалтай холбоотойгоор үүсээд буй нөхцөл байдлын талаар Цагдаагийн ерөнхий газраар мэдээлэл өглөө.
ЦЕГ-ын Дэд бөгөөд НЦУГ-ын дарга, бригадын генерал Р.Отгонжаргал
-Үндсэн хуульд Монгол Улсын иргэн үндсэн эрх чөлөөгөө баталгаатай эдэлж, итгэл үнэмшилтэй байх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, үг хэлэх, хэвлэн нийтлэх, тайван жагсаал цуглаан хийх эрх чөлөөтэй гэж заасан.
Жагсаал цуглаан хийх журмын тухай хуулиар үзэл бодлоо илэрхийлэх, жагсаал цуглаан хийх иргэд жагсаалынхаа зорилго, агуулгыг танилцуулж, бүртгүүлсэн байхыг шаарддаг. Иргэдийн үзэл бодлоо илэрхийлж буй энэхүү жагсаал бүртгэлгүйгээр зохион байгуулагдаж байна. Цагдаагийн байгууллагын зүгээс жагсаал цуглаан зохион байгуулж байгаа болон нийт иргэдийн аюулгүй байдлыг хангах чиглэлээр ажиллаж байна.
Иргэдийн үзэл бодлоо илэрхийлж буй жагсаал цуглааныг далимдуулж, нийгмийн дэг журмыг бүлэглэн зөрчих, архидан согтуурах, жагсаалын агуулга зорилгыг өөрчлөх үйлдлүүд гарч байна. Тухайлбал, жагсаалыг далимдуулж, нүүрсний хулгайн хэрэгт холбогдон шалгагдаж байгаа "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн өмнөх удирдлагууд олон нийтийн цахим сүлжээг ашиглан өөрсдийн ажилчдаа болон иргэдийг жагсаалд оролцуулах, уриалах, нийтийг хамарсан эмх замбараагүй байдал үүсгэх зэрэг хандлага гарч байна.
Өнөөдөр үдээс хойш жагсаалд бага насны хүүхдийг татан оролцуулах, үймээн самуунд уриалах, төрийн эрхийг хууль бусаар авах гэмт хэргийн шинжтэй үйлдлийг гаргаж байна. Жишээлбэл, гацуур мод шатаасан иргэнийг шалгахад мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн нь тогтоогдсон. Дөрвөн иргэн дарагдаж хүнд, хөнгөн хэлбэрээр бэртсэн.
Хэрэгт холбогдсон хүмүүс өдөөн турхирах, төрийн тусгай хамгаалалт бүхий обьект руу халдах, гудамж замын хөдөлгөөнийг бүслэн хаах, бусдын зорчих эрхийг хязгаарлах, аливаа байгууллагын хэвийн үйл ажиллагааг алдагдуулах нөхцөл байдал жагсаалыг өөр тийш нь хүндрүүлэх хандлагатай байна.
Иймд хууль иргэн бүрд нэгэн адил үйлчлэхийг анхааруулж, хууль бус үйлдлийг таслан зогсоох болно. Бага насны хүүхэд болон залуучуудад анхаарал хандуулж, жагсаалд оролцуулахгүй байхыг сануулж байна.
Төрийн байгууллагаас тавьж буй хууль ёсны шаардлагыг биелээгүй тохиолдолд холбогдох хуульд заасны дагуу холбогдох арга хэмжээг авна гэлээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Аая я яа. Зарим хүмүүсийг хар тамхи хэрэглэсэн хариу хэдэн 7 хоног болоод гардаггүй л юм бна лээ. Энэ яасан хурдан хариу гараад бнаа
Харлуулах гээд л ядчих юм. Нэг овоолсон сүрэл шатаа л биз.