Улсын дээд шүүхийн хяналтын шатны шүүх хурлаар Шүүхийн сахилгын хорооны шийдвэрлэсэн, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Галбадар, С.Батгэрэл, Н.Баярмаа нарт холбогдох сахилгын хэргийг лхагва гарагт хянан хэлэлцэхээр болжээ.
Бусдын эд хөрөнгө залилан мэхэлсэн хэрэгт холбогдож, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр гэм буруутай, эсэхийг нь хэлэлцсэн “Ургах говь” ХХК-ийн захирал О.Энхжаргал эл гурван шүүгчийн эсрэг Шүүхийн сахилгын хороонд гомдол гаргасан аж.
Сахилгын хорооныхон өнгөрсөн долдугаар сард хэлэлцээд дээрх гурван шүүгчид хаалттай сануулах сахилгын шийтгэл оноосон байдаг. Уг хорооны шийдвэр, магадлалыг шүүгч С.Батгэрэл эс зөвшөөрч Улсын дээд шүүхэд гомдол гаргасан юм байна.
Үүнээс өмнө О.Энхжаргал шүүгч Л.Галбадарын эсрэг гомдол гаргасан бөгөөд тухайн шүүгч илт алдаа гаргасан байсан учраас нээлттэй сануулах сахилгын шийтгэл оноосон байдаг.
Тодруулбал, Л.Галбадар нэр бүхий шүүгдэгч ямар гэмт хэрэгт гэм буруутай болох талаар шийтгэх тогтоолд бичээгүйгээс гадна хохирлын асуудлыг шийдвэрлээгүй, энэ талаар дүгнэлт өгөөгүй нь давж заалдах шатны шүүхийн магадлалаар тодорхой болж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн холбогдох заалтыг зөрчсөн гэж дүгнэжээ.
Улсын дээд шүүх дээрх гурван шүүгчийн холбогдсон сахилгын хэргийг ийнхүү хэлэлцэхээр товлосон бол Шүүхийн сахилгын хорооны хурлаар Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Б.Халиун, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Болдбаатар, Улсын дээд шүүхийн шүүгч С.Соёмбо-Эрдэнэ, нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Ариунхишиг, М.Алдар, Т.Өсөхбаяр нарын холбогдсон сахилгын хэргийг энэ сарын 7-ны лхагва гарагт хэлэлцэхээр товлоод байна.
“Нэхүүл”, “Дархан Монгол ногоон нэгдэл” ТББ-ын тэргүүн Д.Даш “Өмгөөлөгч Б.Баасанцогттой хамт ёс зүйгээ зөрчсөн” хэмээн эдгээр зургаан шүүгчид сахилгын арга хэмжээ авхуулахаар гомдол гаргасан билээ.
Шүүхийн сахилгын хорооны гишүүд өнгөрсөн дөрөвдүгээр сард уг сахилгын хэргийг хэлэлцээд Б.Халиун, З.Болдбаатар, С.Соёмбо-Эрдэнэ, М.Алдар, Т.Өсөхбаяр, Б.Ариунхишиг нарыг Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт хэсэгчилсэн байдлаар шилжүүлсэн үед нэг газар цугларсан нь ёс зүйгээ зөрчсөн үйлдэл гэж дүгнэсэн.
Харин өмгөөлөгч Б.Баасанцогттой тухайн өдөр нэг орон сууцад байсан нь тогтоогдоогүй, хоёр эмэгтэй шүүгч тэдэнтэй тухайн байранд хоносон гэдэг нь нотлогдоогүй гэсэн дүгнэлт гаргасан билээ.
Улмаар З.Болдбаатарыг огцруулах, С.Соёмбо-Эрдэнэ, М.Алдар, Т.Өсөхбаяр нарт цалинг нь зургаан сарын хугацаанд 20 хувиар бууруулах, Б.Ариунхишиг, Б.Халиун нарт сануулах шийтгэл оноосон юм.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.