УИХ-ын чуулганы үдээс хойшх хуралдаан эхэлж, “Эрчим хүчний салбарын өнөөгийн байдал, шинэ сэргэлтийн бодлого, Засгийн Газрын үйл ажиллагааны хөтөлбөрт туссан томоохон төсөл, арга хэмжээний талаар” мэдээлэл сонсов.
Мэдээллийг Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн хийлээ. Тэрбээр, Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд 5 зорилтын хүрээнд 13 арга хэмжээ, 22 хөгжлийн төсөл хэрэгжүүлэхээр төлөвлөж байна. 1750 мгв-аар эрчим хүчний эх үүсвэрийг нэмэгдүүлнэ. Зарим нь хэрэгжээд, зарим нь 2023,2024 онд ашиглалтад оруулахаар ажиллаж байна гэлээ.
УИХ дахь Ардчилсан намын бүлэг хэлэлцэж буй асуудлаар санал, дүгнэлтээ танилцуулав.
УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл:
-Эрхэм гишүүд ээ, Засгийн газраас урьдын адил олон бэрхшээлээ сонсгож байна. Хөгжлийн хязгаарлагч болж хувирсан эрчим хүчний салбарын нэг нь энэ. 30 жилийн өмнө тог хязгаарлана, цахилгаан тасална гэдэг байлаа. Гунигтай нь, 30 жилийн дараа дахин ярьж эхлэх нь. Бид урагшаа биш, арагшаа ухарч байна. Цахилгаан эрчим хүчний хэрэглээгээр бизнест учруулж буй хүндрэлийн индексээр 190 орноос манай улс 150-д оржээ. Төв цэгээс хоёрхон км-ийн цаана модон жорлон, зөөврийн устай айлууд байгаа нь эрчим хүчтэй шууд холбоотой. Онцгой стратегийн бүхэл бүтэн энэ салбарын хагас жарны түүхийг үгүйсгэхгүй ч улс төрийн системийн хамтын бүтээл юм.
Таван удаа байршил тогтоосон 5-р цахилгаан станц хаачив? 2012-2016 онд муу нэртэй Хөгжлийн банкны Чингис бондын санхүүжилтээр Амгалангийн ДЦС-ыг барьж, 3,4-р цахилгааны станцыг өргөтгөснөөс өөр шинэчлэл хийгдсэнгүй. Ийм нөхцөлд үйлдвэрлэл хөгжих, эдийн засаг тэлэх тухай ярих арга алга. Эрчим хүчийг сонгуулийн хэрэгсэл, халамж болгож, зах зээлийн өртгөөр борлуулахгүй байна. Иргэдээ дарамталсан хөрштэйгөө муудалцсан хоёр УЦС-ын асуудлаа яах гээ вэ? Хүн төрөлхтөн сансар эрхэс ярьж байхад талын монголчууд бид лаа, шүдэнзээ ярьсаар л байна. Тууштай зоригтой ажиллахыг эрх баригч та бүхнээс хүсье гэлээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Өмнөх хуралд Билэгт одоо Адьшаа гээд адилхан 2 байнаа