Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ Тайландын Хаант Улсын Бангкок хотноо зохион байгуулагдаж буй НҮБ-ын Ази, Номхон далайн эдийн засаг, нийгмийн комиссын Байгаль орчин, хөгжлийн хорооны 7 дугаар хуралдаанд оролцож байна.
Энэ удаагийн хуралдаанаар агаарын бохирдлын асуудлаар оролцогч талууд хэлэлцэж, тус комиссын 53 орны 300 гаруй төлөөлөгчид 2023 оны гуравдугаар сарын 02-04-ний өдрүүдэд Монгол Улсад чуулахаар эцэслэн шийдвэрлэхийн зэрэгцээ агаарын бохирдлын эсрэг бүс нутгийн үйл ажиллагааны хөтөлбөрийг батлав.
Бүс нутгийн үйл ажиллагааны хөтөлбөрт дэлхийн бусад улс орон, бүс нутгийн сайн туршлагыг харгалзан агаарын чанарын менежментийг сайжруулах, шинжлэх ухаан болон бодлогод суурилсан хамтын ажиллагааг дэмжих;
Гишүүд болон холбогдох талуудын шаардлагатай бөгөөд зохистой гэж үзсэн агаарын бохирдлын асуудал, түүнийг шийдвэрлэх арга замын талаар мэдээлэл, шилдэг туршлагыг солилцох нээлттэй бүс нутгийн платформыг бий болгох;
Агаарын бохирдлын асуудлаар улс орнуудын дотоодын болон бүс нутгийн хамтын ажиллагааг дэмжих;
Агаарын бохирдлын эсрэг олон талт хамтын ажиллагааг эрчимжүүлэх техник, санхүүгийн эх үүсвэрийг тодорхойлох;
Хил дамнасан агаарын бохирдлыг бууруулах зэрэг агаарын чанарын үр дүнтэй менежментийг хэрэгжүүлэхэд чиглэсэн яриа хэлэлцээг дэмжих, техникийн хамтын ажиллагааг бий болгох.
Гишүүн болон холбогдох талуудын эрх бүхий байгууллагууд дээр дурдсан яриа хэлэлцээ, техникийн хамтын ажиллагааны сэдэвчилсэн чиглэлийг тодорхойлно.
Хил дамнасан урт хугацааны агаарын бохирдлын тухай конвенц зэрэг олон улсын байгууллагуудтай хамтран ажиллах юм.
Түүнчлэн жил бүрийн 9 дүгээр сарын 7-нд тохиодог Хөх тэнгэрийн төлөөх Олон улсын цэвэр агаарын өдрийг бүс нутгийн хэмжээнд тэмдэглэн өнгөрүүлэх арга хэмжээг шилдэг туршлага, шийдлүүдийг хуваалцах арга хэрэгсэл болгон ашиглах;
Агаарын бохирдлыг бууруулах, хүний эрүүл мэнд, байгалийн экосистем, газар тариаланд үзүүлэх нөлөөллийг бууруулах чиглэлээр үйл ажиллагааны үндэсний хөтөлбөрүүдийг боловсруулахад дэмжлэг үзүүлэх зорилгоор чадавхыг бэхжүүлэх тодорхой хэрэгцээ, сургалтын хөтөлбөрүүдийг тодорхойлох;
Хөдөө аж ахуй, аж үйлдвэр, нийтийн тээвэр, хатуу хог хаягдал зэрэг салбарын агаарын бохирдлыг бууруулахад дэмжлэг үзүүлэх чадавхыг бэхжүүлэх тодорхой хэрэгцээ, сургалтын хөтөлбөрүүдийг тодорхойлох;
Хөдөө аж ахуйн салбарт биомассын шаталтаас үүдэлтэй бүс нутгийн агаарын бохирдлыг үр дүнтэй удирдах хүчин чармайлтыг дэмжихийн тулд сайн туршлага, технологийн шийдлүүдийн талаарх мэдээллийг хуваалцах зэрэг техникийн туслалцаа үзүүлэх;
Агаарын бохирдлыг үүсгэгч салбаруудад цэвэр технологи, агаарын бохирдлыг бууруулах арга техникийг нэвтрүүлэх зорилгоор хувийн хэвшлийн түншлэлийг дэмжих;
Бүс нутгийн чадавхыг бэхжүүлэхийн тулд одоо байгаа бүс нутгийн платформуудыг ашиглах;
Хойд-Өмнөд, Өмнөд-Өмнөдийг дэмжих механизмуудыг татан оролцуулж, чадавхыг бэхжүүлэх хүчин чармайлтыг дэмжих олон талт түншлэлийг хөгжүүлэх;
Агаарын бохирдлыг бууруулахад хувь нэмрээ оруулж болох уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, дасан зохицох арга хэмжээг эрэмбэлэх талаар сонирхсон үндэсний байгууллагуудад туслалцаа үзүүлж, чадавхыг бэхжүүлэх зэрэг санаачилгуудыг хөтөлбөрт тусгажээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.