Гурван өгүүлбэрээр:
Нүүрсний "хулгай"
Цагаанхад гаалийн хяналтын талбайд нүүрс дутсан хэргийг хууль хяналтын байгууллагаар шалгуулахаар XI сарын 22-нд хүсэлт өгсөн гэж "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Онцгой бүрэн эрхт төлөөлөгч Ж.Ганбат мэдээллээ. Тус компанийн ашиглалтын талбайгаас 268.3 мянган тонн нүүрс олборлосныг “Тавантолгой” ХК, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хамтарсан ажлын хэсгийн тайланд баталгаажуулсан ч нягтлан бодох бүртгэлийн тайланд бүртгээгүй хэрэг одоо ч эцэслэгдээгүй байгаа аж. Өөрөөр хэлбэл гэм буруутай этгээдийг тогтоож, хохирлыг барагдуулаагүй байна. Мөн 40 их наяд төгрөгийн нүүрс дутсан гэх мэдээлэл нь “Эрдэнэс Тавантолгой”-н тооцоолол биш гэдгийг тэрбээр өгүүлсэн. Одоогоор “Эрдэнэс Тавантолгой” компани нүүрс борлуулалтын 142 гэрээг ил болгоод байгаа юм.
Starlink Монголд
Цахим хөгжил, харилцаа холбооны яам Илон Маскийн "SpaceX" компанийн хөгжүүлдэг хиймэл дагуулын интернэтийн үйлчилгээ болох "Starlink"-ийг Монголд нэвтрүүлэх боломжтойг илэрхийлсэн байна. Өөрөөр хэлбэл Монголд нам орбитын хиймэл дагуулаас интернэтийн үйлчилгээ үзүүлэх эрхзүйн орчин, бодлогын баримт бичгийг боловсруулжээ. Өртгийн хувьд 2 сая орчим төгрөгөөр "Starlink"-ийн хүлээн авагчийг худалдан аваад, сар бүр ойролцоогоор 380,000 төгрөгийг хэрэглээний төлбөрт төлнө гэж яамнаас мэдээлсэн байна. Энэ үйлчилгээг хүн амын төвлөрөл багатай, алслагдмал газруудад ашиглахад тохиромжтойг Илон Маск онцолж байгаа юм.
Хөрөнгийн зах XI сард
Монголын Хөрөнгийн бирж 11 дүгээр сард 13.2 тэрбум төгрөгийн арилжаа хийгдсэн нь өмнөх сараас 5.1 дахин бага үзүүлэлт боллоо. “Голомт банк”-ны анхдагч зах зээлийн арилжааны захиалгын 174.8 тэрбум төгрөгийн дүнг СЗХ-оос баталсны дараа 12 дугаар сарын арилжаанд оруулан тооцохоор болжээ. Өнгөрсөн сард нийт арилжааны үнийн дүнгийн 50 орчим хувийг багц хувьцааны арилжаа бүрдүүлсэн нь онцлог байлаа. Тухайлбал тус бүр хоёр удаагийн багцын арилжаагаар “Монгол шуудан” ХК-ийн 3.2 сая ширхэг хувьцаа 2.4 орчим тэрбум төгрөгөөр, “Тавантолгой” ХК-ийн 349.7 мянган ширхэг хувьцаа 2.8 орчим тэрбум төгрөгөөр эргэлтэд орсон байна. Монголын Хөрөнгийн бирж болон “ХААН банк” IPO хийснээр арилжаа идэвхжих хүлээлттэй байна.
Байр суурь
"Хувьцааны төвлөрөл буюу Class A, B хувьцаа нь сүүлийн жилүүдэд АНУ-ын зах зээлд маш эрчимтэй нэмэгдэж байгаа. Class A нь олон нийтэд нээлттэйгээр арилжаалагддаг бол Class B нь хаалттай арилжаалагддаг, саналын эрхтэй, бизнесийн зангилааг авч явдаг гэдгээрээ онцлог. Харин МХБ-ийн I ангилалд бүртгэлтэй компаниудыг харвал Монгол Улсад ч мөн хувьцааны төвлөрөл их байна. Тухайлбал Эрдэнэ Ресурс, Төрийн Банк, Сүү, АПУ гэх мэт компаниудын хувьцааны 90-ээс дээш хувийг 2-3 хөрөнгө оруулагч эзэмшиж байна. Хувьцааны төвлөрөл хэт их байхын давуу тал нь тухайн компанийн манлайлал, Гүйцэтгэх захирлын алсын хараанаас ихээхэн хамаарна. Харин сөрөг тал гэвэл компанийн засаглал муудах, үнэ цэн нь буурах магадлал их байдгийг академик судалгаагаар баталсан" хэмээн "Ти Ди Би Секьюритис ҮЦК" ХХК-ийн Дэд захирал Г.Энхбат онцоллоо.
Аялал жуулчлалын дэмжлэг
Засгийн газрын хуралдаанаар аялал жуулчлалын салбарт 55 тэрбум төгрөгийн зээлийг хөнгөлөлттэй олгох шийдвэр гарлаа. Хөнгөлөлттэй зээлийг арилжааны банкны эх үүсвэрээр шийдвэрлэх ба банкны зээлийн нийт хүүгийн 7 хувийг Засгийн газар 2 жилийн хугацаанд төлөхөөр болжээ. Мөн аялал жуулчлалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд агаарын тээврийн либеральчлалыг эхлүүлэхээр тусгасныг Засгийн газраас мэдээлсэн. Энэ хүрээнд гурван жилийн хугацаанд Монголыг зорих нислэгт хязгаарлалт тавихгүй, бүх улсаас ирэх агаарын хөлгийг хүлээн авна гэж тусгаад байгаа.
Метаны төслийн ахиц
Австралийн Хөрөнгийн биржид бүртгэлтэй “Talon Energy” компани опцион гаргаж, метан хийн “Гурвантэс XXXV” төслийн 33 хувийг худалдан авснаа мэдээллээ. Нарийн сухайтын нүүрсний уурхайд хэрэгжиж буй энэхүү төслийг “TMK Energy” компани хэрэгжүүлж байгаа юм. Төслийн эхний үе шат буюу нөөц тогтоох хайгуулын хөтөлбөрөөр сайн үр дүн гарснаар “Talon Energy” дээрх төсөлд хувь эзэмшихээр болсон тул төслийн дараагийн шат болох туршилтын цооног өрөмдөх хөтөлбөрийг 100 хувь санхүүжүүлэхээр болжээ. Энэ ажил ирэх оны эхний улиралд эхлэх бөгөөд нийт 3.15 сая ам.доллар зарцуулах юм байна.
Тийзний үнэ
Онгоцны шатахууны үнэ Сингапурын бирж дээр 1100 орчим ам.доллар байгаа бол Монголын компаниудад нийлүүлж буй үнэ 1700 орчим ам.доллар байгаа нь нислэгийн үнэ өндөр байхад нөлөөлж байна гэж Зам тээврийн хөгжлийн сайд мэдээллээ. Тийзний үнийн 28-46 хувь нь шатахууны зардал байдаг тул онгоцны шатахууны үнийг 1 тонныг нь 300-400 ам.доллараар буулгахад билетийн үнэ 8-10 хувиар хямдрах боломжтой гэж үзэж буй. Харин "Эрчис ойл" төрийн өмчит компани байгуулагдсанаар онгоцны шатахууныг 1300 орчим ам.доллараар нийлүүлж байгаа юм байна. Гэхдээ нэг компани давамгайлна гэсэн ойлголт байхгүй бөгөөд цаашдаа "Rosneft" компаниас 246 ам.доллараар хямд үнээр шатахуун авах хүлээлттэй байгааг Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ж.Ганбаатар мэдээлжээ.
Шинэ үлэг гүрвэл
Усанд сэлдэг үлэг гүрвэлийн олдворыг Монголын говиос анх удаа нээж илрүүлснийг "Smithsonian" сэтгүүл мэдээллээ. Natovenator polydontus хэмээн нэрлээд буй энэхүү үлэг гүрвэлийн араг яс бараг бүтнээрээ олдсон бөгөөд 71 сая жилийн настай, биеийн ерөнхий бүтэц нь усны шувуутай төстэй, ердөө 30 гаруй см урттай, махан идэштэй байсныг тогтоосон байна. Анх 2008 онд Өмнөговь аймгийн Хэрмэн цавын ойролцоох Баруунгоёотын тогтоцоос Монгол-Солонгосын хамтарсан экспедиц тус олдворыг илрүүлж байсан ч цоо шинэ төрөл зүйл болохыг нь саяхан тогтоожээ.
Эерэг хүлээлт
БНХАУ ирэх долоон сарын турш цар тахлын эсрэг хязгаарлалтуудаа үе шаттайгаар сулруулж, 2023 оны дунд үе гэхэд эдийн засгаа бүрэн нээх төлөвтэй гэж “Bloomberg Economics” тооцоолжээ. Тус улсын эрх баригчид “коронавирус”-ийн халдварын батлагдсан тохиолдол болон ойрын хавьтлуудыг заавал тусгаарлах журам болон улс доторх зорчих хөдөлгөөн, дотоодын аялал жуулчлалд тавьсан хязгаарлалтаа аажмаар сулруулна гэж үзсэн байна. Харин “Nomura Holdings” компанийн шинжээчдийн үзэж байгаагаар 2023 оны гуравдугаар сараас эхлэн Бээжин эдийн засгаа нээх ажлыг бодитойгоор эхлүүлэх төлөвтэй байгаа аж.
Зэсийн сэргэлт
Металлын хэрэглээгээр тэргүүлэгч БНХАУ-д цар тахлын хязгаарлалтууд суларч, эрэлт нэмэгдэж магадгүй гэсэн хүлээлт хөрөнгө оруулагчдын дунд бий болсонтой зэрэгцэн зэсийн үнэ 2021 оны дөрөвдүгээр сараас хойших хамгийн өндөр өсөлттэй сараа үдсэн байна. Арван нэгдүгээр сард Лондоны металлын биржид зэсийн үнийн долоон сар үргэлжилсэн уналтын мөчлөг зогсож, 11 хувиар өсжээ. Өнгөрсөн сард зэсийн гол үйлдвэрлэгч Чили улс жилийн дүнгээр 2021 оны долдугаар сараас хойш анх удаа гарцаа нэмэгдүүлснээ мэдэгдсэн нь тус металлын үнэ өсөхөд мөн нөлөөлжээ. Лондоны биржид зэсийн үнэ сүүлийн байдлаар 2.5 хувиар өсөж, тонн нь 8239 ам.доллар болсон байна.
BloombergTV.mn танд санал болгож байна
Евро бүсийн инфляц сүүлийн жил хагасын хугацаанд анх удаа саарав
Холбооны Нөөцийн банк XII сараас эхлэн бодлогын хүүгээ бага дүнгээр өсгөх дохио өгөв
Онцлох чарт
Хүн амын бууралт, насжилтаас болж аль хэдийн хүндрэлтэй тулгарах болсон ОХУ-д цэргийн дайчилгаа зарлагдсанаас хойш хоёр сарын хугацаанд ажиллах хүчний хомсдол дээд цэгтээ хүрээд байна. Москвагийн Гайдар хүрээлэнгийн судалгаанаас үзвэл дайчилгаанаас шалтгаалж Оросын нийт аж үйлдвэрлэлийн 1/3 нь ажиллах хүчний дутагдалд орох эрсдэлтэй болжээ. 300 мянган иргэн албанд татагдаж, үүнээс ч олон иргэн дайчилгаанаас зугтан гадаад руу гарсан нь тус улсад эрэгтэй ажиллах хүчний нөөцийг 2 хувиар бууруулахаар байна. Bloomberg Economics ОХУ-ын энэ оны эдийн засгийн өсөлт ердөө 0.5 хувь байна гэж тооцоолсны гол шалтгаануудын нэг нь энэ аж.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.