Жүдо бөхийн цуврал тэмцээнүүдийн нэг болох "HONG KONG ASIAN OPEN 2018" өнөөдөр хөнгөн жингийн барилдаанууд эхлэлээ.
Манайхнаас өнөөдөр эрэгтэйчүүдийн -60кг, 66кг, 73кг жингүүдэд нийт 6 бөх барилдсан ба эмэгтэйчүүдийн -52кг, -57кг, -63кг жингүүдэд нийт 8 бөх барилдлаа.
Эрэгтэйчүүдийн -73кг жингийн А хэсэгт Г.Чойжилсүрэн эхний тойрогт Индонези улсын тамирчинг хугацаанаас өмнө цэвэр савж хоёрдугаар тойрогт АНУ-ын тамирчинг нэмэлт цаг дээр ялсан байна. Хэсгийн аваргын төлөө Австрали улсын тамирчинг ялж хагас шигшээ барилдаанд Тажикстан улсын тамирчинд ялагдснаар хүрэл медалийн төлөө барилдах эрхтэй боллоо.
Мөн жингийн D хэсэгт Н.Хадбаатар эхний тойрогт гоц мөргөж хоёрдугаар тойрогт ОХУ-ын бөхийг хугацаанаас өмнө цэвэр савсан байна. Хэсгийн аваргын төлөө Тажикстан улсын тамирчинд ялагдснаар дагах барилдаанд БНСУ-ын бөхийг ялж хүрэл медалийн төлөө хэдхэн мөчийн дараа нутаг нэгт Г.Чойжилсүрэнтэй барилдах гэж байна.