Гурван өгүүлбэрээр:
"Эрдэнэс Монгол"-ын өөрчлөлт
ЗГ-ын хуралдаанаар "Эрдэнэс Монгол" ХХК-ийн Гүйцэтгэх захирлаар Эдийн засаг, хөгжлийн дэд сайд Д.Наранцогтыг томилсон байна. Тус компанийг группийн зарчмаар ажиллуулах өнгөрсөн V сард гарсан шийдвэрийн дагуу дүрэмд нэмэлт өөрчлөлт оруулснаар зэс, нүүрс, ховор металл, дэд бүтцийн гэсэн дөрвөн групп компанийн хүрээнд үйл ажиллагаа явуулахаар болсон. Ингэснээр компанид төрийн өмчийн оролцоотой уул уурхайн 34 компани харъяалагдах юм.
Зорилт ба бодит байдал
Засгийн газрын ногоон хөгжлийн зорилтууд хэт өөдрөг бөгөөд хэрхэн биелэх нь тодорхой бус хэвээр байгааг НҮБ-ын хөгжлийн хөтөлбөрийн судалгаа харуулж байна. Монгол Улсын Засгийн газар 2030 он гэхэд нийт хүлэмжийн хийн ялгаруулалтаа 22.7 хувиар, эрчим хүчний үйлдвэрлэл нийлүүлэлтийн салбарт хүлэмжийн хийн ялгаруулалтаа 50 хувиар бууруулах зорилт тавин ажиллаж байгаа. Гэвч 2020-2024 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт нүүрсний цахилгаан станцуудыг шинээр барих зорилт тусгагдсан тул сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрлэл, эрчим хүч хэмнэлтийн төлөвлөгөөг хэрэгжүүлсэн ч Монгол Улс үндэсний хэмжээнд тодорхойлсон хувь нэмрээ биелүүлж чадахгүйд хүрэх магадлалтай гэж үзсэн байна.
ХК-иуд ба засаглал
Монголын хөрөнгийн бирж нийт 47 хувьцаат компанид компанийн засаглалын кодексын хэрэгжилтийн үнэлгээ хийжээ. Үүнд "Эрдэнэ ресурс девелопмент корпорэйшн" ХК хэрэгжилт хамгийн сайн буюу ганцаараа 72 оноо авч, 100 хувийн гүйцэтгэлтэй гэж үнэлүүлсэн байна. Харин "Ард Санхүүгийн Нэгдэл", "Э-транс Ложистикс", "Сэнтрал Экспресс Си Ви Эс", "Улаанбаатар БҮК", "Сүү" "Монголын хөрөнгийн бирж" гэсэн хувьцаат компаниуд тус тус 65 онооноос дээш үнэлгээтэй буюу 90 хувиас дээгүүр гүйцэтгэлтэйгээр удаалжээ. Мөн "Топ-20" сагсад багтдаг компаниудаас "Бодь даатгал", "Монос хүнс", "Лэндмн ББСБ" компаниуд 80-аас дээш хувийн дүнтэй, харин "АПУ" 79.17 хувь, "Богд банк" 70.83 хувь гэж үнэлүүлсэн байна.
Байр суурь
"Түрээсийн орон сууц тодорхой хэмжээнд нэмэгдсэн шалтгаан нь худалдаа, борлуулалт багассанаар борлуулагчид түр хугацаанд түрээс рүү төвлөрсөнтэй холбоотой. Үл хөдлөх хөрөнгийн зах зээл динамик байдлаар биш олон төрлөөр хувирч эхэлдэг. Хаана бэлэн мөнгөний эрэлт их байна, хаана хүмүүсийн хэрэгцээ илүү өндөр байна тийшээ борлуулагчид, зуучлалын компаниуд төвлөрдөг. Үл хөдлөх хөрөнгийн салбар нь өөрөө Монгол Улсад том салбарт тооцогддог учраас цаашдаа эерэг чиг хандлагатай байна. Гэхдээ олон улсын байдлаас болж өмнөх шигээ хурдан сэргэх байдал харагдахгүй байгаа" хэмээн Үл хөдлөх хөрөнгийн бизнес эрхлэгчдийн Дээвэр нэгдсэн холбооны Гүйцэтгэх захирал Д.Мөнхтүвшин "Bloomberg TV Mongolia"-д ярилцлага өгөхдөө өгүүлсэн юм.
"Ремикон"-ы өсөлт
III улиралд "Ремикон" ХК-ийн нийт борлуулалтын орлого 2.8 тэрбум төгрөгт хүрсэн нь өмнөх оны мөн үеэс 30 орчим хувиар өссөн үзүүлэлт боллоо. Түүхий эд материалын үнийн өсөлт, ялангуяа мөнгөн дүнгээр хамгийн их жин дардаг цементийн үнэ багадаа 80 хувиар өссөн нь үүнд голчлон нөлөөлжээ. Үүнээс гадна түлшний үнэ оны эхэн үетэй харьцуулбал 50 хувиар, дүүргэгч материалуудын үнэ 40 орчим хувиар өссөн байна. Эдгээр нь бүтээгдэхүүний нэгж үнэ болон борлуулалт өсөхөд нөлөөлсөн болохыг тус компанийн Гүйцэтгэх захирал Э.Мөнхсайхан мэдээлэв.
Rio санхүүжилтээ нэмнэ
Эрчим хүчний шилжилттэй холбоотойгоор 2035 он гэхэд гол бүтээгдэхүүнүүдийн уламлжлалт эх үүсвэрийн эрэлтээс гадна 25 хувийн нэмэлт эрэлт үүснэ гэж "Rio Tinto" компани үзэж байна. Энэ эрэлтэд хүрэхийн тулд зэсийн Оюу толгой, литийн Rincon, төмрийн хүдрийн Simandou зэрэг төслүүддээ жил бүр 3 тэрбум ам.доллар хүртэлх хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөжээ. Түүнчлэн "Rio Tinto" 2050 он гэхэд үйл ажиллагааныхаа нүүрстөрөгчийн ялгарал болон шингээлтийн зөрүүг тэглэх зорилт тавьсан. Энэ хүрээнд ирэх гурван жилд уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг төслүүдэд 1.5 тэрбум ам.доллар, 2030 он хүртэл нийт 7.5 тэрбум ам.долларын санхүүжилт зарцуулахаар төлөвлөсөн байна.
Хятадын өсөлтийн эцэг
1993-2003 оны хооронд БНХАУ-ын даргын албан тушаалыг хашиж байсан Жянь Зэмин 96 насандаа таалал төгслөө. 1989 оны Тяньаньмэний талбайн эмгэнэлт үйл явдлын дараа төрийн тэргүүн болсон түүний засаглалын жилүүдэд Хятадын хаалттай эдийн засаг нээгдэж, өнөөгийн хурдацтай өсөлтийн эхлэл тавигдсан гэдэг. Тэрбээр бизнес эрхлэгчдийг Коммунист намд нэгдэхийг уриалж, БНХАУ-ыг дэлхийн худалдааны байгууллагын гишүүнээр элсэхэд голлох үүрэгтэй оролцон, гаднын томоохон компаниудын хөрөнгө оруулалтыг татаж чадсаны ачаар тус улсын эдийн засаг 1989-2002 оны хооронд даруй гурав дахин тэлсэн. Мөн 1997 онд Хонгконгийг Их Британиас тайван замаар шилжүүлэн авсан нь түүний гол гавъяа гэж тооцогддог юм.
Инфляц хяналтад оров уу?
Дэлхийн бондын зах зээлийн үнэлгээ энэ сард 2.8 их наяд ам.доллароор өссөн нь сарын дүнгээр дээд хэмжээ болж байна. Энэ нь дэлхийн төв банкнууд инфляцыг хяналтдаа авч эхэлж байгаагийн илрэл гэж хөрөнгө оруулагчид үзэж эхэлжээ. 1990-ээд оноос хойших үзүүлэлтүүдийг авч үзвэл Засгийн газрын болон хөрөнгө оруулалтын түвшний компаниудын бондын үнэт цаасны зах зээлийн үнэлгээ 59.2 их наяд ам.доллар болж өссөн байна. Өөрөөр хэлбэл IX сард "баавгай" зах зээлд ороод байсан бондын зах зээлд АНУ-ын инфляц хүлээлтээс илүү саарч, Холбооны нөөцийн банк бодлогын хүүгээ нэмэгдүүлэх эрчээ сааруулах дохио өгсөн нь сайнаар нөлөөлж байна.
Дөнгөж эхлэл
Азийн хөрөнгийн зах зээл бусад бүс нутагтай харьцуулахад 1993 оноос хойших хамгийн өндөр өсөлттэй сараа үдлээ. Тухайлбал: Ази, Номхон далайн бүсийн “MSCI” индекс энэ сард 14 хувиар өссөн нь 1998 оноос хойших дээд үзүүлэлт болж байна. Үүнтэй харьцуулахад “MSCI” дэлхийн бүх орны үзүүлэлтийг багцалсан индекс нь зургаа хүрэхгүй хувиар өссөн байна. Үүнд БНХАУ COVID-19-ийг Үл тэвчих бодлогын хүрээнд хэрэгжүүлж буй хязгаарлалтаа эрт сулруулах дохио өгч байгаа болон АНУ-ын Төв банк бодлогын хүүгээ нэмэгдүүлэх эрчээ сааруулахаар байгаа нь голлон нөлөөлжээ. Хөрөнгийн менежментийн чиглэлд үйл ажиллагаа явуулдаг “Nikko Asset” компани Азийн хөрөнгийн зах зээлийн энэхүү өсөлтийг “Дөнгөж эхлэл төдийгүй, 2023 он хүртэл үргэлжилнэ” гэж үзэж байна.
Татгалзахын аргагүй санал
Хөл бөмбөгийн од Кристиано Рональдо Саудын Арабын нэгэн клубт асар өндөр цалинтай тоглох санал авсан болохыг ESPN мэдээлжээ. Гэхдээ тэрбээр одоо үргэлжилж буй ДАШТ дууссаны дараа шийдвэрээ гаргахаар болсон аж. Эх сурвалжийн мэдээлснээр Саудын Арабын Al-Nassr клуб түүнд жилийн 100 сая ам.доллароос 207 сая ам.доллар хүртэлх цалинг 3.5 жилийн гэрээтэйгээр санал болгосон гэнэ. Хэдхэн өдрийн өмнө Рональдо төдийлөн хүссэн хэмжээндээ тоглож чадахгүй байсан Английн "Манчестер Юнайтед" клубыг орхих шийдвэр гаргасан билээ.
BloombergTV.mn танд санал болгож байна
ОУВС БНХАУ-ын эдийн засгийн өсөлтийн төсөөллөө бууруулж магадгүй
“Fortescue Metals” дахин эмэгтэй Гүйцэтгэх захиралтай болов
“Seoul Metro”-ийн ажилчид 2016 оноос хойш анх удаа ажил хаялт зарлалаа
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.