Увс аймгийн Засаг даргыг хамаарал бүхий хүмүүстээ давуу байдал олгосон хэрэгт шалгаж дуусав
Орон нутгийн 2020 оны сонгуулийн үр дүнд Увс аймгийн ИТХ-д АН болон МАН ойролцоо суудал авсан. Ингээд АН-ынхан нь бие даагчидтайгаа нийлэн тус аймгийг удирдах болсон юм.
Улмаар Увс аймгийн Засаг даргаар тус аймгийн I сургуульд физикийн багшаар ажиллаж байсан, ИТХ-ын дарга асан Ч.Чимэдийг томилсон. Гэвч тухайн үеийн Ерөнхий сайд түүнийг батламжлахаас татгалзсан ч хоёр дахь удаагаа нэрийг нь илгээснээр хүлээн зөвшөөрсөн удаатай.
Тэгвэл тус аймгийн ИТХ дахь сөрөг хүчнийхэн нь Засаг даргыгаа хууль зөрчсөн гэсэн үндэслэлээр АТГ-т шалгуулахаар хандсан аж.
АТГ-ынхан Ч.Чимэдэд холбогдох хэргийг шалгаж дуусаад яллах дүгнэлт үйлдүүлэхээр НПГ-т хүргүүлжээ.
Тэрбээр өөрийнхөө зөвлөх, нэг намын болон төрөл садны хамаарал бүхий хүмүүст давуу байдал олгож, хууль зөрчин, худалдаа, үйлчилгээ, барилга байгууламжийн зориулалтаар газар олгосон хэрэгт холбогдсон байна. Уг газрыг аймгийн газар зохион байгуулалтын 2021 оны төлөвлөгөөнд тусгаагүй атлаа ойр тойрныхоо хүмүүст эзэмшүүлсэн гэсэн үндэслэлээр хууль сахиулах байгууллагынханд шалгуулжээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.