СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Эдийн засаг | 2022-11-30

Япон гараа сунгана...

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
1 жилийн өмнө

Гурван өгүүлбэрээр:

  1. Япон Улсын ЗГ-ын буцалтгүй тусламжаар “Монгол Улсын эрчим хүчний хангамжийг сайжруулах төсөл”-ийг хэрэгжүүлэхээр болов.
  2. Улсын хэмжээнд шугам сүлжээ, дэд станцын шинэчлэл шийдэхэд 161 сая ам.долларын санхүүжилт шаардлагатай гэж ЭХЯ үзэж байна.
  3. 2022 он гарсаар өндөгний үнэ 13 орчим хувиар өсөж, 11 дүгээр сарын 21-ний байдлаар 508 төгрөг хүрээд байна.

Японы туслалцаа нэмэгдэв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНХАУ-д төрийн айлчлал хийснийхээ дараа Япон Улсад айлчлалаа эхлүүлж, тус улсын Ерөнхий сайд Ф.Кишидатай албан ёсны хэлэлцээ хийлээ. Хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойтой зэрэгцэж буй энэхүү төрийн айлчлалын хүрээнд Монгол, Японы Стратегийн түншлэлийн харилцааны түвшинг ахиулан "Тусгай стратегийн түншлэл”-ийн зарчимд тулгуурлан хөгжүүлэхээр тогтов. Мөн Япон Улсын Засгийн газрын буцалтгүй тусламжаар Дарханы дэд станцад бага чадлын баттерейн цэнэг хураагуур суурилуулах, “Монгол Улсын эрчим хүчний хангамжийг сайжруулах төсөл”-ийг хэрэгжүүлэхээр тохирч, ноот бичигт гарын үсэг зурсан байна. Үүний зэрэгцээ “Устөрөгчийн үйлдвэрлэл ба дагалдах бүтээгдэхүүн боловсруулах” чиглэлд Японы талтай хамтран ажиллах сонирхлоо Монголын тал илэрхийллээ. 

Ачаалал ба эрсдэл

Улсын хэмжээнд шугам сүлжээ, дэд станцын шинэчлэл шийдэхэд 161 сая ам.долларын санхүүжилт шаардлагатай гэж Эрчим хүчний яам үзэж байна. Цахилгаан, дулааны эрчим хүчний хэрэглээ жилд дунджаар 7-8 хувиар тогтмол өсөж байгаа бөгөөд төвийн бүсийн нэгдсэн сүлжээний цахилгаан хүчний оргил ачаалал 2021 онд 1387 мВт хүрсэн байна. Энэ үзүүлэлт цаашид жил бүр 100 мВт орчмоор өсөж, 2025 онд 1680 мВт хүрэх төлөвтэй байгааг тооцоолжээ. Үнэ тарифын шинэчлэл хийгээгүйн улмаас эрчим хүчний засвар үйлчилгээ үзүүлдэг дийлэнх компаниуд үйл ажиллагаагаа царцааж, зогсоосон нь томоохон эрсдэл дагуулж буйг "Nomadic New Energy" ХХК-ний Үүсгэн байгуулагч Д.Үлэмж онцолж байв. Мөн өсөн нэмэгдэж буй хэрэглээний дийлэнх нь импортоос хамааралтай үйлдвэрлэл, ахуйн хэрэглээ байгаа тул цаашид экспортын үйлдвэрлэл явуулж байгаа хэрэглэгчдийг тэргүүн ээлжинд эрчим хүчээр хангах бодлого барихаа Эрчим хүчний сайд мэдэгдээд байна.

Түлшний хамаарал

ОХУ-ын төрийн өмчит "Rosneft" компани 2023 оноос эхлэн Монгол Улсад дэлхийн зах зээлийн ханшаас 10 хувиар хямд үнээр дизель түлш нийлүүлэхээр болсныг УУХҮ-ийн сайд мэдээллээ. Үүсээд буй дизель түлшний хомсдолоос шалтгаалан тус компани нийлүүлэлтээ нэмэгдүүлж, XII сард 83 мянган тоннд хүргэхээр болсон байна. Монгол улсын хувьд сардаа 80 мянган тонн дизель түлш хэрэглэдгээс 60 хувийг нь "Rosneft"  нийлүүлдэг байна.  

Анхны цэнэг хураагуур

Завхан аймгийн Алдархаан суманд 5 МВт-ын хүчин чадал бүхий нарны цахилгаан станц, Улиастай хотод 3.6 МВт.ц-ийн багтаамж бүхий цэнэг хураагуурын системийг Япон Улсын хамтарсан буцалтгүй тусламж, Азийн Хөгжлийн Банкны хөнгөлөлттэй зээлээр байгууллаа. Улиастай хотод суурилуулсан цэнэг хураагуурын систем нь Монгол Улсын Эрчим хүчний системд анх удаа ашиглагдах дэвшилтэт технологи болсон аж. Бүтээн байгуулалтын үр дүнд жилд дунджаар 10.2 сая КВт.ц эрчим хүчийг үйлдвэрлэх юм. Цаашдаа 25 жилийн турш бүс нутгийн 8,329 өрхийг найдвартай цахилгаан эрчим хүчээр хангах төдийгүй 223,813 тонн нүүрсхүчлийн хийн (CO2) ялгаруулалтаас сэргийлнэ гэсэн урьдчилсан тооцоолол гарсныг Эрчим хүчний яамнаас мэдээллээ. 

Байр суурь

"Голомт банкны IPO Монголын Хөрөнгийн Биржийн түүхэн дэх хамгийн том IPO-д тооцогдож байгаа. Одоо бид чанаргүй активын асуудлаа цэгцлэх ажлаа эцэслэхэд дөхөж байгаатай зэрэгцээд үйл ажиллагааны орлого болон ашгийн хэмжээ өндөр байна. Энэ оны хувьд 90 орчим тэрбум төгрөгийн ашигтай ажиллах бол ирэх оноос эхлээд ашгийн хэмжээ 120 тэрбум, 150 тэрбум гээд тогтмол нэмэгдэх төсөөлөлтэй байгаа. Банкнууд санхүүгийн бусад бүтээгдэхүүн, санхүүгийн салбаруудыг холбох тал дээр илүү чухал үүрэг гүйцэтгэж байх ёстой. Банкны салбарын хувьд ДНБ-ий өсөлтөөс хамаагүй эрчтэй байх орон зай бий" хэмээн "Голомт банк" ХК-ийн Гүйцэтгэх захирал Норихико Като "Bloomberg TV Mongolia"-д ярилцлага өгөхдөө өгүүлсэн юм.

Голомт "Greenshoe" зарлав

IPO захиалга өндөр байгаатай холбогдуулан Голомт банк "greenshoe" зарлаж, санал болгож буй хувьцааныхаа 15 хувьтай тэнцэх хэмжээний буюу 12,060,411 ширхэг хувьцааг нэмж гаргахаар шийдвэрлэжээ. Ингэснээр тус компани зах зээлд ойролцоогоор 92 сая ширхэг хувьцаа гаргаж, хөрөнгө оруулагчдаас нийт 118 тэрбум төгрөг татан төвлөрүүлэхээр болж байна. "Голомт банк" ХК-ийн IPO захиалга өнөөдөр дуусах бөгөөд сүүлийн байдлаар захиалгын явц нь 141.48 хувийн гүйцэтгэлтэй, нийт 146 тэрбум төгрөг татан төвлөрүүлээд байна.

"Тавантолгой" эргэн өсөв

Мягмар гарагийн арилжаагаар "Топ-20" индекс 2.3 хувиар өсөж 33718.26 нэгж болсон бол хөрөнгийн захаар нийт 726.8 мянган ширхэг үнэт цаас 178.6 сая төгрөгөөр эргэлтэд орсон байна. "Тавантолгой" ХК-ийн нэгж хувьцааны ханш өмнөх өдөр нь 7.82 хувиар буурч, сүүлийн дөрвөн сарын доод ханшдаа хүрээд байсан бол мягмар гарагт арилжаа хаахад 10.01 хувиар өсөж, зах зээлийн үнэлгээ нь эргээд 400 тэрбум төгрөг давсан нь онцлох хөдөлгөөн байв. Мөн "Сэнтрал экспресс Си Ви Эс" ХК болон "Ремикон" компанийн тус тус 100 мянган ширхэг хувьцаа эргэлтэд орсон нь хамгийн идэвхтэй арилжаа боллоо.

Өндөгний үнэ

ҮСХ-ны тайлангаас харвал 2022 он гарсаар өндөгний үнэ 13 орчим хувиар өсөж, 11 дүгээр сарын 21-ний байдлаар 508 төгрөг хүрээд байна. Өндөгний үнэ нэмэгдэхэд импортоор авдаг тахианы тэжээлийн түүхий эдийн үнэ өссөн нь голлон нөлөөлсөн байна. Монгол Улс өндөгний хэрэгцээнийхээ талаас дээш хувийг импортоор хангадаг. Харин дотоодын өндөгний хэрэгцээний 30 хувийг дангаараа хангадаг “Түмэн шувуут” компани он гарсаар өндөгнийхөө үнийг хоёр удаа нэмжээ. Тухайлбал, энэ оны эхээр “Түмэн шувуут”-ын нэг өндөгний үнэ 420 төгрөг байсан бол одоо 470 төгрөг болсон байна. 

"Хол байсан нь өлзийтэй"

Крипто зах зээлийн уналт цаашид үргэлжлэх орон зай байсаар байгааг “Mobius Capital Partners”-ийн хамтран үүсгэн байгуулагч Марк Мобиус анхааруулсан байна. Ялангуяа “Bitcoin”-ийн ханш эргэн унаж, 10 мянган ам.доллар хүрч магадгүйг тэрбээр онцлоод, виртуал хөрөнгө “дэндүү аюултай” тул өөрийн болон үйлчлүүлэгчдийнхээ мөнгөөр үүнд хөрөнгө оруулалт хийхгүй болохоо илэрхийлжээ. Тэрбумтан Сэм Бэнкман-Фридийн “FTX” крипто бирж дуулиантайгаар дампуурлаа зарласан нь виртуал хөрөнгийн зах зээлийг дээсэн дөрөөн дээр авчирч, бусад криптовалютын компаниудыг араасаа дагуулж магадгүй гэсэн болгоомжлол бий болгоод байгаа билээ.

Дижитал ихэр

“Anglo American” компани Перу улсын өмнөд хэсэгт орших Квеллавеко зэсийн уурхайд NASA-ийн хөгжүүлсэн гурван хэмжээст AR технологи нэвтрүүлэх болсноо зарлалаа. Олборлолтын явцад суурилуулсан мэдрэгчүүдийн тусламжтайгаар уурхайн виртуал хуулбарыг бий болгож, бүх үйл ажиллагааг хянах нь энэхүү технологийн гол зарчим аж. Үүгээр зогсохгүй тэдгээр хуулбарууд нь хиймэл оюуны тусламжтайгаар уурхайн ажиллах зарчимд “суралцаж”, тоног, төхөөрөмж болон үйл ажиллагаанд гарах доголдлоос сэргийлэх зөвлөмж өгдөг болох юм. NASA энэхүү технологийг 50 гаруй жилийн өмнө “Apollo 13” хөлөгт эвдрэл гарсны дараа хөлгийн гишүүдийг аврах зорилгоор анх ашиглаж байжээ.

Ам.долларын ноёрхол дуусна

АНУ-ын Холбооны Нөөцийн банк бодлогын хүүг нэмэгдүүлэх эрчээ сааруулах дохиог зах зээлд өгөөд байгаатай зэрэгцэн ам.долларын ханшийн ноёрхол дуусаж байна гэж “JPMorgan”, “Morgan Stanley”-ийн шинжээчид мэдээллээ. Ам.долларын өсөлт саарснаар бусад валютад өсөх орон зай гарч ирж, тэр дундаа иен, евро болон бусад хөгжингүй орнуудын валютад хийх хөрөнгө оруулалт нэмэгдэнэ гэж онцолсон байна. 2022 он гарсаар эрчимтэй өсөж байсан “Bloomberg Dollar Spot Index” есдүгээр сарын оргил түвшнээсээ зургаа гаруй хувиар буураад байгаа юм.

Хоосон цаасны хүч

Цар тахлын хатуу хязгаарлалтыг эсэргүүцэн жагсаж буй БНХАУ-ын иргэд хууль сахиулагчидтай сөргөлдөхгүйгээр дуу хоолойгоо хүргэх нэгэн сонирхолтой тактикийг ашиглаж эхэлжээ. Тэд хотын төв, гудамжны булан, метроны буудлуудад хоосон цагаан цаас барин зогсох болсон байна. Анх 2020 онд Хонгконгт үндэсний аюулгүй байдлын хууль батлагдсаны дараа гарсан томоохон эсэргүүцлийн хөдөлгөөний үеэр хоосон цагаан цаас нь иргэдийн бухимдлын бэлгэ тэмдэг болж байжээ. Учир нь хоосон цаас барьснаар салан тусгаарлах үзлийг илэрхийлэх аливаа уриа лоозон гаргасан гэж буруутгагдах үндэслэл байхгүй гэж жагсагчид үзсэн байна. Эсэргүүцлийн энэ хэлбэр БНХАУ-д хурдацтай тархаж буйн нэгэн жишээ нь тус улсын бичгийн хэрэгслийн тэргүүлэх үйлдвэрлэгч “Shanghai M&G Stationery” компани А4 хэмжээтэй бичгийн цаасны худалдаагаа зогсоох “яаралтай мэдэгдэл” гаргасан тухай мэдээ байв.

BloombergTV.mn танд санал болгож байна

Кристин Лагард: Евро бүсийн инфляц X сард оргил түвшиндээ хүрсэн гэж найдаж чадахгүй нь

OPEС+ газрын тосны гарцаа дахин бууруулах төлөвтэй байна

Онцлох чарт

АНУ-д Гүйцэтгэх захирлын цалин болон ажилтны дундаж цалингийн харьцаа 1960-аад оны дунд үед 20:1 байсан бол өнгөрсөн онд 399:1-д хүрснийг АНУ-ын “Economic Policy Institute” ашгийн бус байгууллагаас мэдээллээ. Ямар ч компани дунджаас доогуур түвшний цалин авдаг Гүйцэтгэх захиралтай байхыг хүсдэггүй бөгөөд ядаж ойролцоо бизнесүүдтэй зэрэгцэх, эсвэл илүү гарах хэмжээний урамшуулал олгохыг зорьдог байна. Энэ нь CEO нарын цалин орлого тасралтгүй өсөхөд нөлөөлсөөр иржээ.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

hun
1 жилийн өмнө
202.21.124.132

ЯПОН ЯАХАВ ГАРАА СУНГААД ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАРЫГ ЧИНЬ АВАРЧИХЛАА ХАРИН ДАРАА НЬ ЭНЭ ЭРЧИМ ХҮЧНИЙ БАЙГУУЛЛАГА ЧИНЬ ҮНЭН ЗӨВ ШУДРАГА АЖИЛЛАЖ ЧАДХУУ ТИЙМ ХЭМЖЭЭНИЙ ШУДРАГА ҮНЭНЧ ХУВИЙН АМБИЦАА 1Д ТАВЬДАГГҮЙ ХҮН ГЭЖ БНА УУ

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.