Сэлэнгэ аймгийн НЭ-ийн дарга Ц.Эрдэнэчимэгтэй уулзаж ярилцлаа.
-Танд энэ өдрийн мэндийг хүргэе. НЭ-ийн үйл ажиллагаа нэлээд өргөжиж техник тоног төхөөрөмж сайжирч, эмчилгээний чанар хүртээмж дээшилж байгаа гэж сонслоо. Мөн эрт илрүүлгийн үзлэг, оношлогооны ажлын явц хэр байна даа?
-2022 онд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар манайд хоёр том ажил хийгдсэн. Нэг нь Засгийн газрын хөтөлбөрт орсон, Эрүүл мэндийн яамны хүрээнд Засгийн газраас хөрөнгө оруулалт нь шийдэгдсэн эрт илрүүлгийн үзлэг явуулах. Өөрөөр хэлбэл 4 насны багцаар бүх насныханд эрт илрүүлгийн үзлэг шинжилгээ хийх.
Энэ ажлын санхүүгийн асуудал шийдэгдээд манайд 1.8 тэрбум төгрөгийн өртөгтэй эрт илрүүлгийн байрны засвар үйлчилгээ, тоног төхөөрөмж, тавилга хэрэгсэлийн хөрөнгө оруулалт орсон. Ингээд өнгөрсөн 5-р сарын 1-ний өдрөөс энэ ажил улс даяар анх эхэлсэн. Одоо сайхан жигдрээд, хүмүүс маш идэвхтэй оролцоод явж байна.
Өнөөдрийн байдлаар манай эрт илрүүлэх үзлэгт 3000-аад хүн ороод байгаа. Энэ эрт илрүүлгийн үзлэг нь ялангуяа зонхилон тохиолдож байгаа зүрх судас, артерийн даралт ихдэх өвчин, хавдар, халдварт бус нийтлэг өвчлөлүүдийг эрт үед нь илрүүлэх, урьдчилан сэргийлэх, эмчлэх зорилго бүхий төв юм. 0-17 хүртэлх насны хүүхдүүдэд анхан шатны тусламж үйлчилгээг өрх, сумын эмнэлэг хийж байгаа. Харин 18-аас дээш насныханд эрт илрүүлгийн төв үйлчилгээ үзүүлж байна.
Энэ төв дээр одоогийн байдлаар дурангийн, эхоны эмч ажиллаж, рентген шинжилгээнүүд, зүрхний бичлэг, биеийн өндөр, жин, кальцийг тодорхойлох, бусад асуумжийн шинжилгээнүүд, хавдар илрүүлэх маркерүүд, өтгөнд далдас илрүүлэх үйлчилгээ үзүүлж байгаа. Өмнө нь манайд хийдэггүй байсан олон төрлийн шинжилгээнүүдийг хийж, бусад эмч нар маань дүгнэлт хийж байна.
Ингээд тухайн хүнд ямарваа нэгэн өвчин илэрвэл цаашаа амбулаторийн нарийн мэргэжлийн эмчийн мэдэлд илгээж байгаа. Хүмүүс тэр бүр хийлгэж чадаад байдаггүй ходоод, улаан хоолой, хоол боловсруулах замын дуранг энэ төвд их хийлгэж байна.
Хоёрдугаарт эмэгтэйчүүдийн умайн хүзүүний хавдар илрүүлэх эсийн шинжилгээг хийж байгаа. Мөн бүдүүн, шулуун гэдэсний хавдар эмгэгийг илрүүлэх өтгөнд далдас илрүүлэх, шижигтэй тохиолдолд цааш нь гүнзгийрүүлэн судлах анхан шатны шинжилгээнүүдийг хийж байна.
-Энэ төв маш сайхан тохижсон харагдана. Өдөрт хичнээн хүнд үйлчилгээ үзүүлж байна. Хүмүүсийн идэвх ямар байна вэ?
-Эрт илрүүлэгийн орчин нөхцөл маш сайхан нийцсэн. Гүйцэтгэсэн компани засвар үйлчилгээг маш сайн хийж өгсөн. Энд байнгын 7-8 хүн үйл ажиллагаа явуулдаг. Одоогийн байдлаар энэ төвд хүн төрсөн өдрөөсөө хойш дараа оныхоо төрсөн өдрөө хүртэлх 1 жилийн хугацаанд ЭМД-аараа үйлчлүүлнэ. Нэмэлт төлбөр байхгүй.
Эхлээд иргэд маань нэг их ойлгохгүй байсан. 5-6 сард ачаалал бага байсан. Харин одоо бол ерөнхийдөө 12-р сарын 20-ны өдөр хүртэлх бүх цаг дууссан. Өдөрт бид 25 хүн үздэг. Яагаад гэвэл шинжилгээ маань чанартай байх ёстой. Хүчин чадал сайтай байх ёстой.
Хамгийн гол захирагдаж байгаа зүйл бол дурангийнхаа хүчин чадалд захирагдаж байна. Тэгээд тодорхой 2-3 хоногт бүх хариу нь гарсан байхаар зохион байгуулж байгаа учраас өдөрт 25-аас хэтрүүлэхгүйгээр үйлчилгээ үзүүлж байгаа юм. Энэ үзлэг маань цааш үргэлжлээд явна.
-Аймгийн НЭ жилийн жилд халдаггүй хүйтэн гэдгээрээ гайхагддаг. Өвчтэй хүмүүс эмчлүүлэх гэж хэвтээд нэмж өвчин аваад гарлаа гэх яриа ч байдаг. Энэ жилийн тухайд халаалтын системдээ бүтээн байгуулалтын өөрчлөлт хийсэн гэсэн энэ талаараа сонирхуулаач?
-Уул нь 2 талын халаалттай явах ёстой барилга маань сэнсэн халаалтынх нь төхөөрөмж байхгүй болсон учраас 50 хувийн халаалттай явж байсан.
Намайг анх 2013 онд ажлаа аваад ирж байхад манай ажилчид өвлийн цагт нөгөө үстэй ноостой, годон гуталтайгаа ажил дээрээ явдаг байлаа. Би ажил дээрээ хаалганы завсраар хараад гайхдаг байсан. Эмнэлэг дотор тийм үстэй ноостой гуталтай явах ёсгүй ш дээ. Гэтэл тийм их хүйтэн учраас өмсдөг байсан.
Иргэд мэднэ. Манай эмнэлэг чинь маш их хүйтэн өвлийн цагт тав тухгүй хүнд байсан. Ингээд 2014 онд Засгийн газрын хөрөнгө оруулалтаар аппарат тоног төхөөрөмжүүд ирсэн чинь тэр орчин цагийн төхөөрөмжүүд чинь маш мэдрэг, өрөөний хэм 17-гоос доош буунгууд бүгд ажиллахаа больчихдог. Маш их хэцүү байсан.
2014 оны аймгийн ИТХ-аар дулаан, цэвэр бохир ус, агааржуулалтын системийн эх засварын төсвийг хийгээд, 76 сая төгрөгийн аймгийн хөрөнгө оруулалтаар зураг төсвийг нь хийгээд батлагдсан. Харамсалтай нь ЭМЯ, 6 дахь сайдын нүүр үзэж байж, ноднин Ерөнхий сайд, манай ЭМ-ийн сайд, Сангийн сайд хамт ирж байж газар дээр нь шийдээд энэ хөрөнгө оруулалтыг хийе гэдэг шийдвэр гарч энэ ажил маань эхэлсэн. Энэ жил нийтдээ 2.7 тэрбум төгрөгийн өртөг бүхий ажил эхэлсэн.
Эхний удаадаа халаалтын системээ бүрэн дуусгана. Одоо сүүлийнхээ хэсгийн халаалтыг өгч эхэлж байна. Дараа нь үе шаттайгаар хийнэ. Манайх ганцхан том барилгатайгаас гадна дагавар барилгууд байдаг. Эдээрийн халаалтын асуудлыг бас хуучнаар нь өгсөн. Ирэх жил үргэлжлээд халаалт, агааржуулалтын систем, нойл, угаалтуур гээд ариун цэврийн байгууламжуудыг шинэчлэх ажил хийгдэнэ.
Өвчтэй хүн ирээд давхар өвчин аваад гарлаа гэж ярьдаг байсан нь оргүй зүйл биш. Үнэхээр орчин нөхцөл өвлийн цагт хүнд байсан. Эмнэлгийн халаалтад аймгийн удирдлагууд санаа тавиагүй биш, тавьсаар ирсэн. Тухайлбал аймаг 2 удаа энэ халаалтын систем дээр хөрөнгө гаргасан. Өнгөрсөн жил мэргэжлийн хүн 11 сарын 26-нд яг өдийд юм байна тохируулга хийсэн. Тэгэхэд 3-4 хэмээр нэмэгдсэн.
Бид 2015 оны өвөл 12 сарын 31-нд тэг зогсолт хийж, 70 гаруй сая төгрөгөөр бас тохируулга хийж нэг амсхийж байсан. Ингээд сайжирсаар өнөөдөр өрөөний температур 22-23 хэмтэй болсон. Халаалт бол яг бүрэн хүчин чадлаараа ирээгүй байхад ийм байгаа юм чинь энэ өвөл ер нь эмнэлэг дулаан байх нь. Манай хүмүүс сэтгэл өндөр, ажилчид маань ч ая тухтай нөхцөлд ажлаа хийхээр боллоо.
Үстэй гуталтай биш, нөгөө стандартын шаардлага хангасан хувцас хэрэгсэлтэйгээ ажиллах боломж бүрдэж байна. Энэ мэтанх төлөвлөсөн ажил маань цуварч хийгдсээр байгаад 30 жилийн дараа сангийн ажил жинхэнэ ёсоороо шинэчлэгдэж байна.
-Эмнэлгийн ажилчдын ажиллах нөхцөл, цалин хангамжид нэлээд өөрчлөлт орж байх шиг. Энэ байдал манай эмнэлгийн ажиллах нөхцөлд хэр нийцэж байна. Аймгийн иргэд Улаанбаатар, Дархан-Уул аймаг руу нэлээд явж эмчлүүлдэг талтай?
-Энэ жилийн хувьд өнгөрсөн оны 3 сарын 1-нээс эхлээд төсвөөс бүрэн санхүүждэг байснаа больсон. Одоо өөрсдөө цэвэр гүйцэтгэлээ хийгээд тэрийг нь ЭМД чанарыг нь шалгаж худалдан аваад мөнгөө бид буцааж зардлаа гаргадаг болсон. Хуучин төсвөөс мөнгө авч байгаа юм чинь гээд л хаа сайгүй хэнийг ч хаана ажиллуулж болдог байсан.
Тэгвэл одоо бид ажлын байрнаасаа 1 минут ч холдохын аргагүй болж байна. Яагаад гэвэл тэр бүхэнд дараагийн үйл ажиллагаа явуулах мөнгө маань урсаж байдаг учраас. Энэ утгаар ЭМД-аас тухайн хүний өвчинд тохирсон эмчилгээг хийж байна уу, үгүй юу гэдгийг их шаарддаг болсон. Иргэд маань энэ дээр нэг ойлголтыг сайн авах хэрэгтэй байна. Хуучин эмнэлэгт хэвтлээ гэхэд нэгэнт хэвтсэн юм чинь бүх өвчнөө эмчлүүлээд авья гэдэг байсан. Тэгвэл одоо бол тухайн өвчиний удирдамжид заасны дагуу ямар шинжилгээ хийх, ямар эмчилгээ хийхийг л шаарддаг болсон.
Өмнө нь мэдрэлд хэвтэж байсан хүн уламжлалд очоод эмчилгээ хийлгэчихдэг байсан. Одоо бол үгүй. Хэрвээ хийх л юм бол манайх алдагдалд орно. Энэ системд улсын хэмжээнд бүх эмнэлэг орсон. Тэгэхээр энэ нэг талдаа их хатуу чанга болсон юм шиг боловч, нөгөө талдаа хүмүүс эмчээ сонгох эрхтэй болж байгаа. Яг энэ хүрээгээрээ юу гарч ирж байа вэ? гэхээр. Одоо байгууллагууд тэдэн сая төгрөгийн цалин өглөө энэ тэр гээд байгаа ш дээ. Энэ чинь өөрөө гүйцэтгэлийн санхүүжилт.
Хуучин 10 хүн үзсэн ч, 100 хүн үзсэн ч адилхан байсан. Нөгөө ажилласан жилээр л цалингаа аваад сууж байсан. Одоо бол биш. Хэн юу хийж чадна тэр хүн илүү цалин авах боломж бүрдэж байгаа.
Манайхан өнөөдрийг хүртэл хэрэгжүүлж чадаагүй байна. Ирэх оны 1 сарын 1-нээс эхэлнэ. Үүнийг хийхийн тулд тусгай бүтээмжийн үнэлгээ гэдгийг хийж байж ордог юм байна. Шууд өгдөггүй юм байна. Ингээд ирэхээр үйлчлүүлэгч маань эмчээ сонгох эрхтэй болж байгаа юм. Нэгэнтээ даатгалаараа юмаа худалдаж авч байгаа учраас илүү сайн эмчид үзүүлэхийг бодно. Тухайн эмч олон хүн авах тусмаа цалин өндөр байна. Хүнийг татахын тулд нөгөө мэдлэг мэргэжлээ дээшлүүлэх, харилцаа хандлагаа сайжруулах хэрэгтэй болно.
Ааш муутай хүн дээр хүн ирэх үү, 3 хатгадаг сувилагчаар хүн тариулах уу, үгүй юу гээд асуудал гарна ш дээ. Энэ маань тогтолцооныхоо хувьд маш зөв тогтолцоо болсон. Гэхдээ үүнийг хэрэгжүүлэхэд дан ганц эмнэлгийнхэн биш.
Манай ард иргэд бас үйлчилгээний соёлд суралцах хэрэгтэй болж байгаа юм. Загнана, заавал хэвтэх ёстой гэж дайрна. Одоо эмнэлэгт хэвтүүлэх тусламж үйлчилгээнээс дэлхий нийтээрээ татгалзаж байна. Манайх 3-хан сая хүнтэй мөртлөө жилдээ 1 сая хүн эмнэлэгт хэвтдэг гэнэ л дээ. Германы эмч нар ирээд толгой сэгсрээд бүр гайхаж байсан.
Манайхан эмнэлгийг сувилал гэж боддог. Би жилд 2 удаа хэвтдэг. Намрын ажил дууслаа одоо нэг хэвтье гэдэг асуудал одоо байхгүй болсон. Шаардлагагүй хүн хэвтүүлсэн бол эмнэлэг өөрөө алдагдлаа хүлээгээд л яваад байна. Тэр чинь тусгай шалгадаг нарийн юм байдаг. Цахим болчихсон. Хүн оролцоод байх ч шаардлагагүй юм билээ.
Шаардлагагүй хүмүүс эмнэлэгт хэвтээд байна гэдэг чинь шаардлагатай хүмүүс хэвтэж, тусламж үйлчилгээ авахад нь саад болоод байгаа гэсэн үг. Асуудал үүсгээд, очер дугаар бий болгоод л. Гэтэл амь тулсан хүмүүс хойшоо ухраад л байна ш дээ. Энэ бүхнийг сайжруулахын тулд нэлээд юм хийж байна.
Манайх дотрын, зүрх судас, эхо, нүд, мэдрэлийн эмчийн хүлээгдэл ихтэй байсан. Үүнийгээ бид зохицуулаад өдрийн үйлчилгээг өдөрт нь гэсэн зарчим барьж, тасагт байгаа дотрын кабинетээ нэмж байна. Эмч нарынхаа ачааллыг тэнцвэржүүлж байна. Дээр нь лабораторийнхоо цагийг 2 цагаар утасгасан. Үдээс өмнө 10.30 цаг гээд шинжилгээ авч дуусдаг байсан бол хариугаа өдөрт нь гаргадаг болж байна. Хуучин тэгж явж байтал кобид гараад больсон.
Шүдээ уртасгах гэсэн боловч 4 эмчийн маань нэг нь жирэмсний амралттай, нөгөөх нь сурч байгаа болохоор 2 эмчтэй уртасгаж болохгүй байна. Мөн шаардлагагүй шинжилгээнүүдээс татгалзаж байгаа. Аажим зөв гольдролдоо орох байх. Хувийн эмнэлгүүд манайхтай адил санхүүжилт авдаг болсон. Хуучин бага санхүүжилт өгдөг байсан ш дээ. Тэгэхээр хүнд сонгох эрх их нээлттэй болсон.
Эмнэлгийн тусламж үйлчилгээг ойлгомжтой болгохыг бид хичээж байна. Энд иргэд маань их зөв ойлгож, бидэнтэй хамтарч ажиллаасай. Эцсийн эцэст иргэдийн маань л эрүүл мэндийн асуудал шүү дээ.
Иргэд мааань эрт илрүүлэгтэй идэвхтэй оролцоорой. Залуучууд маш маш идэвхтэй орж байгаа. Ялангуяа 30-40 насныхан. Залуучууд маань сайхан эрүүл байгаа болохоор их баярлаж байна. Бас ахмадууд маань сайн орж байгаа. Тэгээд 45-55 насныхан шилжилтийн гол дунд орчихсон нөхдүүд эрүүл мэнддээ анхаарахгүй. Бас хууч өвчтэй болчихсон байна. 2-3 жилдээ энэ мяагаар яваад түүнээс хойш 2 жил тутамд, тодорхой нэг зүйлийг дагнаж явах бодлого барьж байгаа юм билээ. Нэг зүйл рүү чиглэсэн элэг ч юм уу, бөөр ч юм уу гэх мэт.
-Сүүлийн үед цус харвалт залуужиж, иргэд маш их энэ өвчнөөр өвдөж байна. Учир шалтгаан нь юу байгаа бол. Мэргэжлийн хүний хувьд та юу гэж үзэж байна. Эмнэлэгт суурилуулсан тэр ухаалаг аппаратуудын хүчин чадал хэр байгаа вэ?
-Өнгөрсөн жил эрчимт эмчилгээний тасгаар бүтэн жилийн турш 53 хүн эмчилсэн байдаг. Гэтэл одоо өнөөдрийн байдлаар 86 болчоод байна. Энэ хүмүүсийн бараг 50 орчим хувь нь харвалт байгаа.
Харвалт 2 янз. Судас хагарснаас үүссэн харвалт, нөгөөх нь цус хомсдлын харвалт гэж. Аль аль нь байгаад байна.
Энд бас нэг онцлог дурьдахад яг ковидын үед ЭМЯ, Засгийн газраас хөрөнгө санхүүгийн хувьд үнэхээр их хөрөнгө хуваарилсан. 2014 онд манайх магадлан итгэмжлэлд орж байхад манай нийт нэгдсэн эмнэлэгт байх ёстой шаардлагатай тоног төхөөрөмжийн эзлэх хувь 48 хувьтай байсан. Сая магадлан итгэмжлэлд ороход манайх 95 хувьтай болсон. Одоо онцгой хэдэн төхөөрөмжийг хангачихвал 100 хувьдаа хүрнэ. Ингээд ирэхээр дараагийн шатлалын эмнэлэг рүү яваад байх шаардлагагүй болно.
Үүний хүрээнд өнгөрсөн жил 1.3 тэрбум төгрөгийн өртөг бүхий томографикийн аппараттай болсон. 64 зүсэлттэй, шинэ. Энэ маш ач холбогдолтой төхөөрөмж. Хуучин бид харвалтуудыг шууд клиникээр нь ялгах боломж ховор байсан. Дээрх хоёр харвалтын шинж тэмдэгүүд нь ижил гараад байдаг.
Харвалттай хүмүүсийг дор хаяж 72 цаг хөдөлгөдөггүй. Эндээ эмчилгээг нь хийж байгаад дараагийн шатлал руу томографиктай аппараттай эмнэлэг рүү хамгийн ойр нь Дархан-Уул аймгийн Саран элит эмнэлэг рүү, хамгийн хол нь Улаанбаатар хотын 3-р эмнэлэг рүү явуулдаг байсан. Энэ төхөөрөмжтэй болсноор бид харвалтыг 15 минутын дотор оношлож байна. Энэ хэмжээгээр эмчилгээндээ маш хурдан орно гэсэн үг. Үүнийхээ ачаар хот руу явуулдаг, эмчилж чаддаггүй байсан цус хомсдлын 23 харвалтыг эндээ оношилж эмчилсэн. Бүгд эдгэрсэн.
Тархины бүлэн авах мэс заслыг эндээ хийдэг болсон. 3-р эмнэлгээс мэргэжлийн баг дуудаад манай эмч нар хамтраад цусны бүлэн авах мэс заслыг хийж байна. Гэмтлийн улмаас үүссэн тархины бүлэнгүүдийг гэмтлийн эмч нартай хамтраад хийж байна. Сая нэг эмч дуудчихаад байж байна. Энэ мэтчилэн эмч нар маань орон нутагтаа чадавхижиж, хамтын ажиллагаа өргөжиж байна.
Хүмүүсийг чирэгдэл болгоод хот явуулахад дор хаяж 2-3 хүн дагаад явна. Тэр хотод амьдрана гэдэг хэцүү ш дээ. Дараагийн сэхээн амьдруулах эмчилгээг манайх сайн хийж байгаа. Эрчимт эмчилгээний 3 эмчтэй болсон.
Эмнэлэг гэдэг бол яаралтай тусламж, эрчимт эмчилгээг үзүүлж байдаг газар шүү дээ. Энэ аппараттай болсноор бүх төрлийн харвалтаас гадна, бүх төрлийн хавдар, гэмтлүүдийг оношилж байна. Томографиктай болоод, мэргэжлийн хүмүүс бэлтгэгдээд ирснээр манай эмчилгээний чанарт маш их өөрчлөлт гарсан.
Мөн ходоод хоол боловсруулах замын дурангаар бид маш ихийг илрүүлж байна. Сая компьютер томографикаар хүүхдийн тархины хавдар 5, том хүний тархины хавдар 8-ыг илрүүлсэн. Тэр хүмүүс хавдартай гэж орж ирээгүй, зүгээр л шинж тэмдэгээр оношлоход л илэрч байна. Хавдрыг хэдий чинээ эрт үед нь илрүүлнэ, эмчилгээ нь төдий чинээ хурдан байна гэсэн үг.
Энэ мэт бидэнд өөдөлж, ахиж, дэвшиж байгаа зүйл их байна.
-Эмнэлгийн ажилчид, эмч нар ихэд залуужсан харагдана. Цаашид хийхээр төлөвлөсөн ажлуудаасаа дурьдаач?
-Ирэх жилээс бид хавдрын тусламж үйлчилгээг өргөжүүлээд хавдрын хими эмчилгээг авья гэж бодож байгаа. Химийн эмчилгээ чинь бас хэцүү ш дээ. Хотод очоод байна. Цаашаа ч бодож санасан юм бий. Тухайлбал ходоодны дурангийн хагалгааг хийх, ходоодны эрт үеийн хавдрыг дурандаж байх үедээ хуулах хагалгааг хийдэг болох. Үүнийг хийх эмчээ нийгмийн асуудлыг нь шийдчих юм бол эндээ авч ирэх гээд байгаа.
Манай нийт эмчийн 80 орчим хувь нь 35 хүртэлх насны залуучууд болсон. Дээд тал нь 42 настай, тэгээд 50-аас дээш настай хэд байна. Дунд үе гэж байхгүй. Би 2013 онд ирсэн цагаасаа хойш 67 эмчийг ажилд авсан байдаг. Тэр үед манай нарийн мэргэжлээр мэргэшсэн эмчийн эзлэх хувь 43 байсан. Одоо 80 хувьтай болсон. Түүнээсээ ахиад төрөлжсөн нарийн мэргэжил гэж байдаг. Мэс засал дотроо дахиад бүдүүн нарийн гэдэсний гээд нарийссан байдаг. Энэ маань 23 хувьтай байсан бол одоо 57 гаруй хувьтай болсон.
Одоо эмнэлгийн тухайд орчин нөхцөлөө, өрөө тасалгаагаа сайжруулаад авбал болчих гээд л байна. Зүгээр нэг урсгал засвар нэртэй будаг түрхээд орхичихмооргүй байна. Санхүүгийн эх үүсвэр хайж байна, орчин нөхцөлийг нь тухтай байлгах юмсан гээд бодож байна. Иргэд маань сэтгэл ханамж өндөр үйлчилгээгээ аваад, эрүүл саруул байвал бидний гол зорилго энэ.
-Цаг зав гарган ярилцсан танд баярлалаа.
Эх сурвалж: Монцамэ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.