СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Эдийн засаг | 2022-11-28

Bloomberg TV: Нүүрс ба айсуй хүндрэл...

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
1 жилийн өмнө

Гурван өгүүлбэрээр:

  1. Эрдэс баялгийн салбараас төсөвт төвлөрүүлсэн орлого оны эхний 10 сард 3.3 их наяд төгрөг болсон нь нэгдсэн төвийн орлогын 23.8 хувийг бүрдүүлжээ.
  2. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх болон БНХАУ-ын Ерөнхийлөгч Ши Жиньпин нар уулзаж, албан ёсны хэлэлцээ хийнэ.
  3. Судалгаагаар Монгол Улс ОХУ-ын импортын цахилгаан эрчим хүчний төлбөр тооцоонд 30 орчим тэрбум төгрөгийн алдагдал хүлээсэн байна.

Уул уурхайн орлого

Эрдэс баялгийн салбараас төсөвт төвлөрүүлсэн орлого оны эхний 10 сард 3.3 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 9.9 хувиар буурсныг УУХҮЯ мэдээллээ. Энэ нь нэгдсэн төвийн орлогын 23.8 хувийг бүрдүүлж байна. Нүүрс, цайрын баяжмал зэрэг зарим ашигт малтмалын экспорт өссөн ч салбарын хэмжээнд орлого буурахад уул уурхай, олборлох салбар, газрын тосны салбарын орлого буурсан нь нөлөөлсөн байна. Тухайлбал, газрын тосны салбарын төсөвт төвлөрүүлсэн орлого тайлант хугацаанд 103.7 тэрбум төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 37 хувиар буурсан бол алт, нүүрс, цайрын экспортоос төвлөрүүлсэн орлого 7.5-78.6 хүртэлх хувиар өсжээ.

Шинэ төмөр зам

Экспорт, импортын шинэ гарц болох Зүүнбаян-Ханги чиглэлийн 226.9 километр төмөр зам 11 дүгээр сарын 25-ны өдөр ашиглалтад орлоо. Энэхүү төмөр зам ашиглалтад орсноор импорт, экспортын бараа, бүтээгдэхүүний нэвтрэх хүчин чадал нийт 20 сая тонноор, төмөр замын тээврийн хэмжээ 65 хувиар нэмэгдэнэ гэж Засгийн газар тооцоолж байна. Үүнээс өмнө есдүгээр сард Тавантолгой-Гашуунсухайт чиглэлд 233.6 км замд төмөр замаар тээвэрлэлт хийх боломжтой болсон. Ингэснээр 2023 онд экспортын орлого анх удаа 11 тэрбум ам.доллар давна гэж үзжээ. 2023 оны төсөвт 36.5 сая тонн нүүрс экспортлохоор тусгаад байгаа. Мөн гадаад валютын нөөцийг нэмэгдүүлэхийн тулд хулгайн нүүрсийг хилээр гаргахтай тэмцэх, нүүрсийг зөвхөн биржээр арилжих зэрэг зохицуулалтууд хийхээр зорьж байна. 

Байр суурь

"Энэ оны эхний арван сард Монголоос Хятад руу нийт 22 сая тонн нүүрс экспортолсон. Ирэх онд энэ хэмжээний нүүрс экспортлоход амаргүй байх болов уу гэж бодож байна. Учир нь Хятадад эрэлт сүүлийн 2 жилтэй харьцуулахад буурах төлөвтэй байна. Өөр нэг шалтгаан нь цар тахлын эсрэг авч буй хязгаарлалтын арга хэмжээнүүд. Тэгэхээр экспортыг 36.5 сая тонн буюу ийм их хэмжээнд хүргэхэд хоёр улсын засгийн газрын бодлого, дэмжлэг хэрэгтэй. Яг одоогоор Хятадад ган үйлдвэрлэлийг бууруулж байгаа. 2023 оны сүүл орчимд Хятадын коксжих нүүрсний эрэлт буурах байх. Тэгэхээр одоо эрэлт нь яг оргил үедээ хүрсэн гэж харж болохоор байгаа юм. Энэ нь Монгол улсын хувьд багагүй хүндрэл учруулахаар байна" хэмээн SXCoal-ийн Дэд ерөнхийлөгч Фэнг Донгбин "Bloomberg TV Mongolia"-д ярилцлага өгөхдөө өгүүлсэн юм.

Төлбөрийн экосистем

Азийн Хөгжлийн Банкны дэмжлэгтэй "Төлбөрийн системийн шинэчлэл” төслийн үр дүнд үндэсний төлбөрийн экосистем шинэчлэгдлээ. Банк санхүү, финтек, хөрөнгийн зах зээл, төрийн үйлчилгээ, бизнесийн байгууллагууд төлбөр тооцооны нэг экосистемтэй болсноор төлбөр тооцооны өртөг буурч, санхүүгийн салбарын бүтээмж өсөхийг Монголбанк онцолж буй. Иргэдийн хувьд төгрөгийн карт нь зайнаас уншуулах EMV/NFC технологи бүхий чиптэй болсон тул нууцлал аюулгүй байдлын олон улсын стандартыг хангаж байгаа аж. Харин аж ахуйн нэгж, байгууллагуудын хувьд бага дүнтэй гүйлгээний ACH системийг ашиглан 24/7 горимоор төлбөр дамжуулах багцын гүйлгээний шинэ төрлийг нэвтрүүлсэн гэж Монголбанкны төлбөр тооцооны газрын захирал мэдээллээ.

Эрчим хүчний эрсдэл

Монгол Улсын хэмжээнд 2023-2026 онуудад эрчим хүчний чадлын дутагдалд орох, хэрэглэгчдийг цахилгаан дулааны эрчим хүчээр тасралтгүй найдвартай хангахад хүндрэл үүсэхээр байгаа нь салбарын тулгамдсан асуудал болсон судалгааны дүгнэлт гараад байна. "Номадик Нью Энержи" ХХК-ийн хийсэн судалгаагаар цар тахлын хөл хорионы үед Засгийн газраас эрчим хүчний төлбөрийг чөлөөлсөн шийдвэрийн улмаас гэр хороолол, цахилгаан халаалт хэрэглэдэг өрхүүдийн хэрэглээ 40 хувиар өсөж, бага болон дунд чадлын түгээх сүлжээний тоног төхөөрөмж эвдрэхэд хүргэсэн. Тухайн үед сүлжээний оргил ачаалал 1387 мвт-д хүрч, дутуу эх үүсвэрийг ОХУ-ын импортоор нөхсөн аж. Улмаар Украины дайны нөлөөгөөр ханшийн зөрүү нэмэгдэж, импортын цахилгаан эрчим хүчний төлбөр тооцоонд 30 орчим тэрбум төгрөгийн алдагдал хүлээсэн гэж үзжээ.

Хүлээлт дагуулсан айлчлал 

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНХАУ-д төрийн айлчлал хийж байна. Өнөөдөр БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көциан, Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын Байнгын хорооны дарга Ли Жаньшу нар Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд бараалхана. Түүнчлэн энэ өдөр Монгол Улсын Ерөнхийлөгч болон БНХАУ-ын дарга Ши Жиньпин нар уулзаж, албан ёсны хэлэлцээ хийх юм. Айлчлалын үеэр Монгол, Хятадын найрсаг харилцаа, хамтын ажиллагааны өргөн хүрээний асуудлаар санал солилцохын зэрэгцээ “Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг гүнзгийрүүлэн хөгжүүлэх тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын хамтарсан мэдэгдэл” гаргаж, хамтын ажиллагааны баримт бичгүүдэд гарын үсэг зурахаар төлөвлөж байгааг Ерөнхийлөгчийн Хэвлэлийн албанаас мэдээлсэн.

Ховор тохиох үйл явдал

2013 онд Ши Жиньпин төрийн эрхэнд гарснаас хойших хамгийн өргөн хүрээг хамарсан жагсаал цуглаан БНХАУ-д болж байна. Пүрэв гарагт Шинжаан-Уйгурын нийслэл Өрөмч хотод орон сууцны барилгад гал гарах үед цар тахлын хязгаарлалтын улмаас гал сөнөөгчдийн аврах ажиллагаа саатаж, улмаар 10 хүн нас барсан нь эсэргүүцлийн жагсаалыг өдөөсөн байна. Үүнээс улбаалан Covid-19-ийг Үл тэвчих бодлогыг эсэргүүцсэн жагсаал бямба гарагт Бээжин, Шанхай, Ухань, Өрөмч зэрэг хотуудад эрчээ авчээ. Үүгээр зогсохгүй Шанхай хот дахь зарим жагсагчид Ши Жиньпинийг ажлаа өгөхийг шаардаж, "Бид эрх чөлөөтэй байхыг хүсэж байна" гэсэн утгатай уриа лоозон барьсан байсныг дүрс бичлэг харуулж байна. БНХАУ-ын Засгийн газраас жагсаал цуглааны талаар албан ёсны мэдэгдэл хийгээгүй байна.

Ээлтэй жил

2023 оны дунд үед ам.долларын ханш суларснаар дэлхийн эдийн засгийн орчин таваарын зах зээлд илүү ээлтэй байх болно гэж “Goldman Sachs”-ийн шинжээч тооцоолсон байна. "2023 оны дунд үеэс эдийн засгийн орчин түүхий эдийн үнэ, ялангуяа зэсийн үнэд эергээр нөлөөлнө. Энэ онд зэсийн үнийн уналтын гуравны хоёр нь ам.долларын өндөр ханшнаас үүдэлтэй гэж үзэж байна” хэмээн тус банкны металлын стратегич Николас Сноудон онцолжээ. Хэдийгээр энэ онд зэсийн нийлүүлэлт эрэлтээсээ 200 мянган тонноор бага байсан ч ам.долларын ханш чангарсны нөлөөгөөр зэсийн үнэ доогуур түвшинд хадгалагдсан юм.

Codelco-ийн анхааруулга

Харин "Codelco" компани 2032 он гэхэд дэлхий дахинд найман сая тонн зэсийн хомсдол үүснэ гэж анхааруулжээ. Зэсийн эрэлт үйлдвэрлэлийн хүчин чадлаас илүү хурдацтайгаар нэмэгдэж байгаагаас шалтгаалан хомсдол үүсэх эрсдэлтэй хэмээн дэлхийн хамгийн том зэс үйлдвэрлэгчид тооцогддог тус компани мэдэгдсэн байна. "Ойрын хугацаанд Чили, Перу, Ардчилсан Конго, Төвөдөд баригдах шинэ зэсийн уурхайн төслүүдийн тусламжтайгаар зах зээлийн нийлүүлэлт эрэлтээс давна. Харин дунд болон урт хугацаанд зэсийн хомсдол үүсэх эрсдэлтэй байна" хэмээн “Codelco” компанийн ТУЗ-ийн дарга Максимо Пачеко онцолжээ. Түүний энэхүү мэдэгдэл нь 2030 оноос эхлэн жил бүр зургаан сая тонн зэсийн хомсдол үүснэ гэсэн зарим мэргэжилтнүүдийн таамаглалтай нийцэж байгаа юм. 

Бөмбөгний нийслэл

Хэрэв танд хөл бөмбөгийн бөмбөг байдаг бол тэр нь Сиалкотоос танайд ирсэн байх магадлал маш өндөр.  Пакистан улсын зүүн хойд хэсэгт, Кашмирийн хил дагуу оршдог тус хотод дэлхийн нийт хөл бөмбөгийн бөмбөгний 70 хувь нь үйлдвэрлэгддэг. Үүнд одоо Катарт үргэлжилж буй ДАШТ-ий албан ёсны бөмбөг болох Al Rihla ч мөн багтана. Сиалкотод байдаг 1000 гаруй үйлдвэрт 60 мянга гаруй ажилчин уртасгасан цагаар ажиллаж, бүх бөмбөгийг гараар оёдог аж.

"Rolex" үйлдвэрлэлээ нэмнэ

Тансаг зэрэглэлийн бугуйн цагны “Rolex” компани Швейцарын Буль хотод томоохон үйлдвэр шинээр барихаар төлөвлөжээ. 2000 шинэ ажлын байр бий болгох тус үйлдвэрийнхээ үйл ажиллагаанд “Rolex” 1.04 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийхээр болсон байна. Үйлдвэрийн барилгад зориулсан газрыг өмчлөх гэрээг дараа сард хийхээр болсон бөгөөд үйл ажиллагааг нв 2029 онд эхлүүлэхээр төлөвлөөд байгаа аж. Тус компани одоо байгаа үйлдвэрүүддээ цагны эд ангиудыг үйлдвэрлэж, албан ёсны борлуулагчдад түгээхээс өмнө Женев хот дахь төв байранд угсарч, чанарын шалгалт хийдэг байна.

Энэ долоо хоногт:

Даваа: Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНХАУ-ын Ерөнхийлөгч Ши Жиньпинтэй уулзаж, албан ёсны хэлэлцээ хийнэ. Хонгконг, Мексик, Тайландын гадаад худалдааны дүн мэдээлэл гарна.

Мягмар: АНУ-д Талархлын баярыг тохиолдуулсан Cyber Monday цахим худалдааны хямдралын өдөр эхэлнэ. Канад улсын ДНБ, Герман улсын хэрэглээний үнийн индекс танилцуулагдана. Евро бүсийн эдийн засгийн болон хэрэглэгчийн итгэлийн индекс гарна. 

Лхагва: Евро бүс болон Франц, Автсрали улсын хэрэглээний үнийн индекс танилцуулагдана. Энэтхэг, Франц, Финланд, Итали, Турк улсаад ДНБ-ийн үзүүлэлтээ танилцуулна

Пүрэв: Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон, АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден нар Цагаан ордонд уулзана. Европын Зөвлөлийн Ерөнхийлөгч Шарль Мишель БНХАУ-д айлчилж, Ерөнхийлөгч Ши Жиньпинтэй уулзана.

Баасан: АНУ-ын XI сарын ажилгүйдлийн дүн мэдээлэл гарна. БНСУ-ын хэрэглдээний үнийн индекс танилцуулагдана.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.