Цаг уур, орчны шинжилгээний газраас гаргасан цаг агаарын урьдчилсан мэдээллээр Нийслэлд 11 дүгээр сарын 27, 28-ны өдрүүдэд их хэмжээний цас орж, цаг агаарын нөхцөл байдал хүндрэх төлөвтэй байгаа
Иймд авто замын зорчих хэсгийн цас, мөсийг арилгах, зам талбайн цэвэрлэгээ хийх, урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах зорилгоор Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас зам талбайн цэвэрлэгээ хариуцан ажилладаг 17 байгууллагын 984 зам талбайн үйлчлэгч, 114 машин техникийн бэлэн байдлыг ханган ажиллаж байна.
Хот тохижилтын газар ОНӨААТҮГ нь хуваарьт гудамж, зам талбайд халтиргаа гулгаа үүсэхээс сэргийлэн, шөнийн ээлжээр инженер, техникийн 30 хүний бүрэлдэхүүнтэй, 24 техниктэй ажиллаж, зам талбайн халтиргаа гулгаа үүссэн хэсгүүдэд цас, мөс хусаж, шүүрдэн 04:00 цагийн байдлаар 53 тонн бодис цацжээ.
Нийтийн эзэмшлийн гудамж, зам талбайн цасны цэвэрлэгээнд Хот тохижилтын газар болон дүүргүүдийн ТҮК, гэрээт аж ахуй нэгж байгууллагуудаас нийт 1063 зам талбайн үйлчлэгч, тусгай зориулалтын 151 машин техниктэй ажиллаж, өчигдөр оройны 17:00 цагийн байдлаар 120.5тн бодис, 190тн давс, 15м3 хайрга дайрга зарцуулан ажиллалаа.
Өнөөдрийн байдлаар зам талбайн халтиргаа, гулгаа арилгах зориулалтын бодис 2503 тонн, давс 3996 тонн нөөцтэй байна.
Хог хаягдлын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.2.10-т зааснаар Аж ахуйн нэгж, байгууллагын орчны 50 метр хүртэлх нийтийн эдэлбэр газрын хог хаягдал, цас мөсийг тухайн аж ахуйн нэгж цэвэрлэх үүрэгтэй байдаг бөгөөд нийслэлийн иргэд та бүхнийг орчны 50 метрийн цас, мөсний цэвэрлэгээгээ хийж нийт зам талбайн үйлчлэгчдэдээ дэм болж ажиллахыг уриалж байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.