Украин энэ долоо хоногт ОХУ-ын өргөн хүрээний агаарын довтолгоонд өртсөний дараа тус улсын зургаан сая өрх эрчим хүчгүй хэвээр байгааг Ерөнхийлөгч Владимир Зеленский мэдэгджээ.
Тэрээр өнгөрсөн шөнө хийсэн ээлжит мэдэгдлийнхээ үеэр "Өнөө оройн байдлаар ихэнх бүс нутаг болон нийслэл Киевт цахилгаан тасарсан хэвээр байна. Хотын олон оршин суугч 20, бүр 30 цагийн турш тог цахилгаангүй байна" хэмээсэн юм. Хэдийгээр эрчим хүчний тасалдалд өртсөн өрхийн тоо лхагва гаргаас хойш хоёр дахин буурсан ч иргэн бүрийг тог цахилгаанаа хэмнэлттэй ашиглахыг уриалсан Ерөнхийлөгч Зеленский "Бид энэ өвлийг давж гарах ёстой" гэж анхааруулсан байна.
Украины Ерөнхий сайд Денис Шмихалын хэлснээр, Оросын цэргийн хүчний халдлагыг үл харгалзан тус улсын усан хангамж, дулааны цахилгаан станц, эмнэлэг, яаралтай тусламжийн үйлчилгээ зэрэг бараг бүх чухал дэд бүтцийг эргэн сэргээсэн аж. Гэвч өвлийн улирал айсуй энэ үед олон сая хүн тог, ус, дулаангүй үлдээд байгаа юм.
ОХУ-ын арми Украины дэд бүтцийг онилж байгаа нь хүйтний улиралд эрүүл мэндийн томоохон хямралд хүргэж болзошгүй гэж албаныхан болгоомжилж байна.
Эх сурвалж: BBC
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.