Гурван өгүүлбэрээр:
"Голомт банк" ХК үнэт цаасны анхдагч зах зээлийн арилжаагаа эхлүүлсэн өдрөө захиалгын явц нь 110 хувь даваад байна. Голомт банк нь нийт хувьцааныхаа 10.09 хувь буюу 800 сая ширхэг хувьцааг нэгжийн үнийг нь 1,285 төгрөгөөр олон нийтэд санал болгож байгаа бөгөөд нийт 103.3 тэрбум төгрөг татан төвлөрүүлэхээр төлөвлөсөн. Энэ нь Монголын хөрөнгийн зах зээл дээр сүүлийн 30 гаруй жилд гарч байгаа хамгийн өндөр дүнтэй IPO болж байгааг МХБ онцолсон юм. Голомт Банк IPO хийснээр МХБ дээр бүртгэлтэй компаниудын нийт зах зээлийн үнэлгээг 20 орчим хувиар буюу 1 их наяд төгрөгөөр нэмэгдүүлж, үнэлгээ нь нэг их наяд давсан хоёр дахь нээлттэй хувьцаат компани болох хүлээлттэй байгаа юм.
Аж үйлдвэрлэлийн салбарын үйлдвэрлэгчийн үнийн индекс X сард өмнөх оны мөн үеэс 22.1 хувиар, өмнөх сараасаа 3.8 хувь өссөнийг ҮСХ мэдээллээ. Үүнд уул уурхай, олборлолтын салбарын үйлдвэрлэл болон олборлолтын өртөг өссөн нь голлон нөлөөлсөн байна. Түүхий эдээр нь задлаад харвал нүүрс олборлолтын өртөг 55.6 хувь буюу хамгийн өндөр дүнгээр, газрын тосных 34.7 хувиар, металлын хүдэр 13.1 хувиар тус тус өсжээ. Мөн он гарснаас хойш Монгол Улс 25.3 сая тонн нүүрс экспортолж, нүүрс, цайр болон зэсийн баяжмалын экспорт төлөвлөсөн хэмжээнээс давсан бөгөөд эрдэс бүтээгдэхүүний нийт экспорт дунджаар 93.1 хувийн гүйцэтгэлтэй гарчээ.
"2020 оны долдугаар сарын 1-нээс хэрэгжсэн Өргөн нэвтрүүлгийн тухай хууль нь телевизийн салбарын хөгжлийг боомилж, үзэгч сонсогчдын шударга мэдээллээр хангагдах эрхийг боогдуулсан гэж үзэж байна. Хуулийн 25.4-т IPTV-үүдээс орлогын 15 хувийг нь өргөн нэвтрүүлгийн телевизүүдэд шууд зарцуулна гэж заасан байгаа. Гэхдээ Монгол Улсад хэрэгжиж байгаа хуулин дээр ямар нэгэн төрийн бус байгууллагыг нэрлэж зааж өгдөггүй шүү дээ. Тэгэхээр өргөн нэвтрүүлгийн телевизүүдийн холбоо татан буугдчихвал энэ хууль яах вэ? ЗГ-ын "ивээл"-ийн гадна үлдсэн телевизүүд нийлээд Арилжааны телевизүүдийн холбоо байгуулж, энэ хуулинд өөрчлөлт оруулах тухай Ерөнхий сайдад хоёр удаа шаардлага хүргүүлсэн" хэмээн TV2 телевизийн Ерөнхий захирал, нийслэлийн иргэдийн хурлын төлөөлөгч Д.Энхтуяа "Bloomberg TV Mongolia"-д ярилцлага өгөхдөө өгүүлсэн юм.
III улирлын байдлаар Монгол Улсад үл хөдлөх хөрөнгө зуучлалын үйлчилгээ эрхлэх 295 тусгай зөвшөөрөл олгогдоод буйг СЗХ мэдээллээ. 2022 онд тусгай зөвшөөрлийн тоо 18.9 хувиар өссөн бөгөөд ойрын хугацаанд дахин хэд хэдэн компанид тусгай зөвшөөрөл олгохоор төлөвлөж байгаа аж. Үл хөдлөх хөрөнгө зуучлалын тухай хуулийн төсөл боловсруулах шатандаа явж байгаа бөгөөд одоогоор үүнтэй холбоотой үйл ажиллагааг журмаар зохицуулж байна. Хуулийн төсөлд "Remax Mongolia" зэрэг компаниуд үзэл баримтлалаа илүү тодорхой болгох, зуучлагч компаниудын борлуулж буй үл хөдлөх хөрөнгийнхөө газрын үнэ цэнийг баталгаатай болгох, орон сууц захиалгын гэрээ, бартерын харилцаанд анхаарлаа хандуулах хэрэгтэйг онцолжээ. Мөн үл хөдлөх хөрөнгийн салбарт мөнгө угаах эрсдэл байгаа тул тогтолцоогоо сайжруулж, саарал жагсаалтад дахин орохоос урьдчилан сэргийлэхийн тулд бүртгэлжүүлэх нь чухал гэж зохицуулагч байгууллага үзэж байна.
Орон сууцны үнийн индекс X сард 1.48 нэгж болж өмнөх сараас 0.2 хувиар өссөнөөр жилийн өсөлт 13.5 хувьд хүрснийг ҮСХ мэдээллээ. 2022 оны эхэн үед орон сууцны үнийн индекс харьцангуй тогтвортой түвшинд хадгалагдаж байсан бол V сараас хойш үл ялиг өсөх хандлагаа хадгалж байгаа юм. Шинэ орон сууцны үнийн өсөлт өнгөрсөн сард 16.8 хувьтай байсан нь үүнд голлон нөлөөлжээ. Улаанбаатар хотод шинэ орон сууцны дундаж үнэ м.кв нь 3.3 сая төгрөгийн ханштай байгаагаас СБД-т хамгийн өндөр буюу 3.65 сая төгрөг, харин СХД-т 2.32 сая төгрөгийн дундаж ханшаар борлуулагдаж байна. Зах зээлд борлуулж буй шинэ орон сууцны үнийн өсөлтийг салбарынхан цементийн болон тээвэр логистикийн үнэ үргэлжлэн өсөж байгаатай холбон тайлбарлаж байна.
"Аэромонголиа" ХХК Улаанбаатар-Инчеон хоорондох чиглэлд тогтмол нислэг үйлдэх зөвшөөрлөө БНСУ-ын тээврийн яамнаас авсныг тус компанийн дэд захирал Д.Амарсанаа мэдээллээ. Нислэгийг ирэх оны нэгдүгээр сарын дунд үеэс эхлэх ба долоо хоногт гурван удаагийн давтамжтай үйлдэхээр төлөвлөжээ. Мөн "Airbus A319" агаарын хөлгөөр нислэгийг эхлэх ба гуравдугаар сараас "A320" агаарын хөлгийг нэвтрүүлэх юм байна.
Монгол Улс сардаа 80 мянган тонн дизель түлш хэрэглэдгээс 60 хувийг нь "Роснефть", үлдсэн 40 хувийг трэйд компаниуд нийлүүлдэг аж. Улсын хэмжээнд одоогоор 11 хоногийн буюу нийт 27.8 мянган тонн түлшний нөөц байгаа бөгөөд "Роснефть" компани хүсэлтийн дагуу нийлүүлэлтээ 67 мянган тонн хүртэл нэмэгдүүлж, мөн БНХАУ-аас ойрын хугацаанд 8000 тонн түлшийг хувийн хэвшлийн компаниуд оруулж ирэх тул XII сараас нийлүүлэлт хэвийн болно гэж УУХҮ-ийн сайд Ж.Ганбаатар мэдэгдсэн. Харин олон улсын хүрээнд харвал ирэх хэдхэн сарын дотор дэлхийн бараг бүх бүс нутагт дизель түлшний хомсдол үүсэх эрсдэлтэй байгааг "Baker Institute" мэдээллээ. 2020 он гарснаас хойш АНУ-д өдөрт боловсруулах газрын тосны хүчин чадал 1 сая баррелиар буурч, Европт тээврийн тасалдал, ажил хаялтаас шалтгаалан үйлдвэрлэл мөн буураад байгаа нь гол бэрхшээл болж байна.
Дэлхийн эдийн засгийн өсөлт саарч эхэлсэн ч Төв банкнууд өндөр инфляцтай тэмцэхийн тулд бодлогын хүүгээ үргэлжлүүлэн өсгөх хэрэгтэй гэж Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллага мягмар гарагт мэдэгджээ. Хэрэглээний үнийн тооцоолоогүй өсөлт бодит орлогыг бууруулж, хүн бүрт хүндээр нөлөөлж буй энэ үед бодлого боловсруулагчид шаардлагатай арга хэмжээг авахгүй бол асуудал хүндрэхийг тус байгууллагаас анхааруулсан юм. Түүнчлэн ЭЗХАХБ 2023 оны дэлхийн инфляцын төсөөллийг есдүгээр сард гаргасан түвшнээсээ нэмэгдүүлсэн бөгөөд Төв банкнуудын хувьд ирэх онд хэрэглээний үнийн өсөлт зорилтот түвшнээс өндөр байхыг анхааруулжээ.
"Oliver Wyman Forum" болон Берклигийн их сургуулийн хамтарсан судалгаагаар дэлхийн хамгийн сайн нийтийн тээврийн системтэй хотын жагсаалтыг Хонгконг тэргүүлсэн байна. Үүнд нийтийн тээврийн зогсоол хүртэлх зай, үнэ, ажлын цаг, ачаалал болон зорчих хугацаа зэрэг үзүүлэлтүүдийг харгалзан үзжээ. Хонгконгийн нийтийн тээвэрт ашиглагддаг төмөр замын сүлжээ нь хямд үнэтэй, үйл ажиллагааны доголдолгүйгээс гадна бие даан өөрийгөө санхүүжүүлдэг, хувийн тээврийн хэрэгслийн хэрэглээг бууруулах замаар нийтийн тээврийн системээ дэмждэг зэргээрээ бусад хотуудаас онцлог. Тус хотын араас Цюрих, Стокхольм, Сингапур болон Хельсинки хотууд эхний 5 байранд жагссан байна.
Салхи татуулан давхимаар байна уу? Тэгвэл та эхлээд мөнгөө төлөх хэрэгтэй болох нь. "Mercedes" компани EQ загварын цахилгаан автомашиныхаа "хөдөлгүүрийн хамгийн дээд гүйцэтгэлийг нэмэгдүүлэх" үйлчилгээг хэрэглэгчдэд жилийн 1200 ам.доллароор санал болгож байна. Өөрөөр хэлбэл тансаг зэрэглэлийн автомашинд анхнаасаа байдаг функцийг төлбөртэй болгон "түгжиж" байгаа аж. Үйлчилгээг идэвхжүүлнээр тус автомашин 0-96 км/цагийн хурдыг нэг секундын дотор авах боломжтой болох юм. Түүнчлэн энэ онд "BMW" компани автомашины суудлын халаалтыг сарын 18 ам.доллароор үнэлсэн нь хэрэглэгчдийн зүгээс ихээхэн шүүмжлэлтэй тулгарсан билээ.
BloombergTV.mn танд санал болгож байна
Ши Жиньпиний Хамтын хөгжил цэцэглэлтийн бодлогын нөлөөгөөр "JD.com"-ийн менежерүүдийн цалин буурчээ
БНХАУ-ын 2023 онд төлөвлөсөн урт хугацааны гэрээнүүд нүүрсний импортод нь хэрхэн нөлөөлөх вэ?
Крипто биржийн гаргасан токенуудын эрсдэл "маш өндөр" болохыг Английн Төв банк анхаарууллаа
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.