Монголын "The Hu” хамтлаг өчигдөр /2022.11.25/ Франц улсын нийслэл Парис хотод байх НҮБ-ын Боловсрол, шинжлэх ухаан, соёлын байгууллага ЮНЕСКО-гийн хүндэт шагнал болох дэлхийн энх тайвны албан ёсны элч хамтлаг боллоо.
Тэд ингэснээр дэлхийн рок хөгжмийн урсгалаас анхны хамтлаг, Азиас хоёр дахь хамтлаг болж байна.
“The Hu” хамтлагийг “Энх тайвны төлөөр уран бүтээлч”-ээр томилох яриа хэлэлцээр өнгөрсөн есдүгээр сард болсон дэлхийн Соёлын сайд нарын уулзалтын үеэр яригдсан юм. Тус хуралд, Монгол Улсаас Соёлын сайд Ч.Номин оролцсон аж.
Энэ талаар Ч.Номин сайд "The Hu хамтлаг дэлхий дахинаа монгол хэл, соёл, хөгжмийн урлагаа сурталчилж, хадгалан хамгаалж, өвлүүлэн уламжлуулж буйн адил аливаа улсын соёлд ч гүн хүндэтгэлтэй хандаж, илүү сайн сайхныг, энх тайвныг хүсэмжилдэг монголчуудынхаа мөн чанарыг илтгэн харуулж, илэрхийлж чадна гэдэгт туйлын итгэлтэй байна" хэмээн жиргэжээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.