СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Соёл урлаг | 2022-11-26

"Болор цом" наадмын тэргүүн шүлэг: "Ургийн мод" хэмээх тоон хэлхээс

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Ш.Лхагва
2 жилийн өмнө

Монголын зохиолчдын эвлэлээс зохион байгуулдаг Эгшиглэнт эхийн хишигт найрагч тодруулах 40 дэх удаагийн “Болор цом-40” яруу найргийн наадмын ялагч /2022.11.24/ тодорсон.

Наадмын хоёрдугаар шатанд 40 найрагч бүтээлээрээ өрсөлдсөнөөс яруу найрагч Мягмарын Амархүү түрүүллээ. Харин “Болор цом”-ын эзэн яруу найрагч Д.Галсансүх удаалж, О.Цэнд-Аюуш, Л.Моломжамц, Ц.Гончиг нар эхний тавд багтжээ.

"Болорцом" наадмын тэргүүн найрагч М.Амархүүгийн сүүлийн шатанд уншсан шүлгийг толилуулж байна.

    "УРГИЙН МОД" хэмээх тоон хэлхээс

Есөн үед гурван зуун жил ургасан энэ ургийн мод

Ертөнцийн хатан хэвлийд өнө удаан цэцэглэсэн юм

Алтан нар, мөнгөн сар хүрэл мичидийг чамд л харуулах гэж

Анхилхан мөчрөн биеийг чинь нахиалуулж ирсэн юм

 

Таван зуун арван хоёр мөчиртэй энэ аварга модны орой одоо

Таашгүй өндөрт тэнгэрийн цэцэрлэгт цэцэглэж байдаг юм

Өндөр өвөг эмэг чинь болох хоёр зуун тавин зургаан зэсэн мөчир

Өдгөө диваажингийн төгөлд мөнх навчсаа салхилуулж байдаг юм

 

Гарьд начингийн өвөг шувууд салаа бүр дээр нь суугаад

Гал улаахан жимснүүдийг нь цацруулан тоншиж байдаг юм

Холбоо өвөг эмэг чинь болох зуун хорин найман гуулин мөчир

Хойд насны ойд ангаахайн үүрийг бүүвэйлж байдаг юм

 

Хангарьдын өвөг луун шувууд далавчаараа сэвээд

Хан боргоцойг нь унагалгүй эрхлүүлж байдаг юм

Хулан өвөг эмэг чинь болох жаран дөрвөн оюу мөчир

Хурмаст тэнгэрийн хаалгыг сахин энх навчсаа будруулж байдаг юм

 

Арслан заануудын өвөг сүнсэн биетнүүд нааш цааш холхин

Агаар гэрэлтсэн биесээрээ шөргөөж байдаг юм

Элэн өвөг эмэг чинь болох гучин хоёр номин мөчир

Эдүгээ Шамбалын цэцэрлэгт сувдан бороонд гэрэлтэж байдаг юм

Үлэг гүрвэлүүдийн өвөг хийн биетнүүд урагш хойш гүйлдэн

Үнэр түгээсэн биеэсээрээ шүргэж байдаг юм

 

Элэнц хуланц өвөг эмэг чинь болох хорин дөрвөн танан мөчир

Энхжин Шамбалын хүрээлэнд галбирваасан модонд салаалаад

Хувилгаан орчлонд үлдээсэн дөрвөн салаа мөчрөө

Хугарч унахыг нь чагнаж зуун жилээр хүлээнэ

 

Ээж аав чинь гэх хоёр мөчрийг салаалуулсан

Эмээ өвөө чинь гэх дөрвөн салаа буурал мөчрүүд

Үр ач нь гэх залуу ногоон мөчир чамайг улам улам

Үзэсгэлэнтэйеэ ургахад чинь уярч баясаж жаргаад

Үлдсэн нас нь уртсаж цэнгэлийн манлайг эдлэнэ ээ

 

Энэ таван зуун арван хоёр мөчир хэмээх өндөр өвөг дээдэс чинь

Энх орчлонд чамайг л төрүүлэх гэж эсэн мэнд амь зуухдаа

Эртний болор бороонд хэдэн удаа мөр нь нороо бол

Ээмэг зүүлт, малгайн залаанаас нь хэчнээн дусал ус дусаа бол

 

Тэр хоёр зуун тавин зургаан мөчир хэмээх өндөр өвөг дээдэс чинь

Тэргэл хорвоод чамайг л мэндлүүлэх гэж энх тунх аж төрөхдөө

Тэсгим хүйтэн жаварт хэдэн удаа хацраа хайруулж даараа бол

Тэрбум тэрбум цасан ширхэгийн хэчнээн нь толгойг бууралтуулж лавсаа бол

 

Мөнөөх л зуун хорин найман мөчир хэмээх өндөр өвөг дээдэс чинь

Мөнгөн ертөнцөд чамайг л эрхлүүлэх гэж хавар намаргүй нүүж суухдаа

Модон тэрэгнийх нь дугуй хэдэн удаа эргэж, хэчнээн өвс налуулаа бол

Морин шоргоолж шүргэж хэчнээн олныг түйвээгээ бол

 

Өнөөх л жаран дөрвөн мөчир хэмээх өндөр өвөг дээдэс чинь

Өргөн замбуулинд чамайг л тарвалзуулах гэж өвөл, зунгүй өвөлжиж, зусахдаа

Өвөр хоорондоо хэдэн удаа шивнэлдэж, хэчнээн зул чимхээ бол

Өчнөөн арслан чимээг нь чагнаж авдрынхаа нүүрэнд хулмайгаа бол

 

Гучин хоёр, арван зургаа, найман мөчир хэмээх өндөр өвөг дээдэс чинь

Гурван зуун жилийн өдөр шөнөөс өнөөдөр чамайг л авчрах гэж

Гуниг баярын орчлонд зүрхнүүд нь хэдэн удаа цохилж, хэчнээн жил гэрэлтээ бол

Гутал, оймсоо элээж, хэдэн удаа гүйж, хэчнээн жил алхаа бол доо

 

Элэнц, хуланц, элэн хулан өндөр өвөг эмгийн үргэлжлэл үр минь

Энэ тоонуудын нийлбэр бөөм чиний л цусаар гүйж байгаа

Энэ тоонуудын залгамж тавилан чиний л зүсээр гэрэлтэж байгаа

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

tor
2 жилийн өмнө
39.7.230.218

ssikhaan

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.