СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2022-11-26

🔴 Зүүнбаян-Ханги чиглэлийн төмөр зам ашиглалтад орлоо

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Ш.Лхагва
1 жилийн өмнө

Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Боомтын сэргэлтийн хүрээнд экспорт, импортын шинэ гарц болох Зүүнбаян-Ханги чиглэлийн 226,9 километр төмөр зам /2022.11.25/ ашиглалтад орлоо.

Бүтээн байгуулалтын ажлыг төр, хувийн хэвшлийн түншлэлээр найман сарын дотор бүрэн ашиглалтад оруулж төмөр замын тээврийг эхлүүлэхэд бэлэн боллоо.

Төмөр замын бүтээн байгуулалтын ажилд 120 аж ахуйн нэгж, 600 гаруй инженер, 3000 гаруй ажилчид оролцож, байнгын 1300 гаруй ажлын байр шинээр бий болж байна.  Энэхүү бүтээн байгуулалт нь Зүүнбаян төмөр замаас салаалснаар Монгол Улсад хамгийн анхны гурвалсан төмөр замын уулзвар бий болж байгаа юм.

Манай улсын экспортын гол гарц Гашуунсухайт чиглэлийн 267 км төмөр зам 16 жил гацсаны эцэст өнгөрсөн есдүгээр сард дууссан бол бараг адилхан урттай Ханги-Мандлын 226.9 км төмөр зам найман сар буюу бүтээн байгуулалт өрнөсөн зун, намрын хоёрхон улиралд дуусжээ

Зүүнбаян-Ханги чиглэлийн төмөр зам ашиглалтад орсноор импорт, экспортын бараа бүтээгдэхүүний нэвтрэх хүчин чадал нийт 20 сая тонноор, төмөр замын нийт тээврийн хэмжээ 65 хувиар нэмэгдэж, дэлхийн зах зээлд хүрэх тээвэр 242 км-ээр богиносож, тээврийн өртөг, хугацаа хэмнэгдэж байна.

Төмөр замын шинэ гарцаар Оюу толгойн зэсийн баяжмал, Тавантолгойн коксжсон нүүрс болон бусад экспортын бүтээгдэхүүнийг зах зээлийн чөлөөт өрсөлдөөнд тулгуурлан тээвэрлэж, говийн бүс нутагт буй 10 гаруй ашигт малтмалын ордуудын үнэлэмжийг өсгөж, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн экспортлох боломж бүрдэнэ.

Зүүнбаян-Ханги чиглэлийн төмөр зам нь өргөн нарийн царигийн гарцтай  болсноороо онцлог юм. Ингэснээр БНХАУ-ын Мандал боомттой шууд холбогдох боломжтой болжээ. 

Тус  төмөр зам нь 25 тонн голын даацтай, буталмал чулуун чигжээстэй, төмөр бетон дэртэй, гуравдугаар зэрэглэлийн дохиолол, төвлөрүүлэлт, хориглолын системтэй зам юм. Тус бүтээн байгуулалтыг төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд  “Монголиан транс лайн” ХХК болон “Монголиан транс ложистик” ХХК-ийн нэгдэл хийж гүйцэтгэжээ.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.