СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Эдийн засаг | 2022-11-23

Bloomberg TV: Баавгай явах болоогүй...

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
2 жилийн өмнө

Гурван өгүүлбэрээр:

  1. Уурхайнуудад ашиглагдах дизель түлшийг улсын нөөцөөс гаргахаар шийдвэрлэлээ.
  2. Монгол Улс тогтвортой хөгжлийн зорилтоо биелүүлэхэд жилд ДНБ-ийхээ 18 хувьтай тэнцэх хэмжээний нэмэлт санхүүжилт гаргах шаардлагатай.
  3. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энэ сарын сүүлээр БНХАУ болон Япон улсад төрийн айлчлал хийнэ.

"Гал алдах" эрсдэл

Дизель түлшний нийлүүлэлт буурснаар станцуудад нүүрс нийлүүлдэг гурван уурхай ердөө 3-11 хоногийн түлшний нөөцтэй болоод байгааг Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн мэдээллээ. Үүнтэй холбоотойгоор Шарын гол, Шивээ-Овоо, Багануурын уурхайд шаардлагатай дизель түлшийг ОХУ-аас импортлох нефтийн эхний хэсэг иртэл тасалдуулалгүйгээр улсын нөөцөөс гаргахаар шийдвэрлэсэн байна. ОХУ-аас нефть импортлогч компаниудын эхний бүтээгдэхүүнүүд энэ долоо хоногийн сүүлээр орж ирэхээр байгааг тэрбээр мөн өгүүлсэн юм. 

БНХАУ, Японд айлчилна

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНХАУ-ын Ерөнхийлөгч Ши Жиньпиний урилгаар арваннэгдүгээр сарын 27-28-ны өдрүүдэд тус улсад төрийн айлчлал хийхээр боллоо. Айлчлалын үеэр “Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг гүнзгийрүүлэн хөгжүүлэх тухай" хамтарсан мэдэгдэл гаргаж, хамтын ажиллагааны баримт бичгүүдэд гарын үсэг зурснаар хоёр орны хооронд хэлэлцэж байгаа асуудлуудад ахиц гарах хүлээлттэй байна. Үүний дараа буюу арваннэгдүгээр сарын 29-нд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Япон улсад төрийн айлчлал хийж, Эзэн Хаан Нарүхито-д бараалхаж, тус улсын Ерөнхий сайд Ф.Кишидатай албан ёсны хэлэлцээ хийх хуваарьтай байна. Монгол, Японы хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойг тохиолдуулсан энэхүү айлчлалаар хоёр орны хагас зуун жилийн хамтын ажиллагааг дүгнэж, ирэх 50 жилд хөгжүүлэх хэтийн төлөв, чиглэлийг тодорхойлох ач холбогдолтойг дурджээ.

Байр суурь

"Дэлхийн банкны судалгаагаар Монголд нэг хэрэг маргааныг шийдэхэд жил орчмын хугацаа зарцуулж байна. ХЗДХЯ-ны хийсэн судалгаагаар бага үнийн дүнтэй буюу 10 сая хүртэлх үнийн дүнтэй маргаан дээр 6.2 жилийн хугацаа зарцуулж байна гэсэн тоо статистик гарсан. Харин Монголын олон улсын арбитрт энэ тоо гурван сар буюу 93 хоног байдаг. Шүүх дээр хэрэг удааширдаг, гацдаг шалтгаанууд нь шинээр нотлох баримт гаргуулах гэх мэт асуудлууд байна. Харин арбитраар хэргийг шийдвэрлэх үе шат болгонд талууд эрх үүргээ хэрэгжүүлж чадаагүй тохиолдолд тухайн эрхийг эдэлсэнд тооцоод дараагийн үе шат руу шилжээд явдаг учраас хэргийг удаашруулах бололцоо байхгүй. Арбитр нь шүүхтэй харьцуулахад B2B харилцаа буюу бизнесийн этгээд хоорондын маргааныг илүү хялбаршуулсан, соёлжсон байдлаар шийддэг арга хэрэгсэл" хэмээн Монголын Олон Улсын Арбитрын Ерөнхий нарийн бичгийн дарга М.Шинэбаяр "Bloomberg TV Mongolia"-д ярилцлага өгөхдөө өгүүлсэн юм.

Амбиц ба ахиц

Монгол Улс тогтвортой хөгжлийн зорилтоо биелүүлэхэд 2022-2030 он хүртэл жилд дунджаар ДНБ-ийхээ 18 хувьтай тэнцэх нэмэлт санхүүжилт гаргах шаардлагатай гэж НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрөөс тооцоолоод байна. Манай улсад тогтвортой хөгжлийн 17 зорилтын 16 нь хэрэгждэгээс дөрөв дэх зорилт буюу Чанартай боловсролыг дэмжих зорилт л зөвхөн ахисан үнэлгээтэй, бусад нь ахицгүй байна хэмээн үнэлжээ. "Тэргүүлэх чиглэлүүдийн дагуу замын зураглалаа гаргаж, бүх талын оролцоог хангасан тохиолдолд Монгол Улс шаардлагатай санхүүжилтээ босгох чадамжтай болж, тогтвортой хөгжлийн зорилтын зорилтоо ханган, ирэх 8 жилдээ жишиг улс болох боломжтой гэдэгт итгэлтэй байна" хэмээн НҮБ-ын суурин төлөөлөгч Тапан Мишра хэлж байв.

"Түмэн шувуут"-ын төлөвлөгөө

III улиралд "Түмэн шувуут" ХК-ийн борлуулалтын орлого өмнөх оны мөн үеэс 14.7 хувиар өсөж, 31.9 тэрбум төгрөгт хүрсэн байна. Тус компанийн үйлдвэрлэсэн өндөгний тоо ширхэг нь тайлант хугацаанд 9.1 саяар нэмэгдэж, 69.9 сая ширхэгт хүрсэн нь борлуулалтын өсөлтөд голчлон нөлөөлжээ. Гэвч цэвэр ашиг нь 5 тэрбум төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 16 хувиар буурсан байна. "Түмэн шувуут" бүтээгдэхүүний үнээ тогтвортой барих бодлого баримталж байсан боловч инфляц өндөр түвшинд удаан хадгалагдаж, үүнийг даган түүхий эдийн болон валютын зардал тогтмол өсөж байгаа тул өндөгний үнээ ойрын хугацаанд нэмэхээр төлөвлөснөө компанийн Гүйцэтгэх захирал Ж.Болд мэдээлсэн юм. 

Санхүүжилт тасрав

Монгол Улсад 2016 онд анх эхэлж, хэрэгжих хүртлээ дөрвөн жилийг зарцуулсан "Цахим эрүүл мэнд" төсөлд Дэлхийн банк санхүүжилт хийхгүй гэдгээ мэдэгджээ. ЭМЯ төслийг гүйцэтгэгч компанитай албан ёсоор 2021 оны есдүгээр сард гэрээ хийсэн бөгөөд 2023 оны дөрөвдүгээр сард хугацаа нь дуусах юм байна. Дэлхийн банк энэ шийдвэрийг гаргасан ч гэрээ үргэлжилж байгаа тул төсөл хэрэгжсэн хэвээр байгааг Эрүүл мэндийн сайд С.Энхболд мэдэгдсэн. Иргэдийг хувийн эрүүл мэндийн нэгдсэн мэдээллийн сантай болгож, эрүүл мэндийн даатгалтай иргэн харьяалал харгалзахгүйгээр тусламж, үйлчилгээ авах боломжийг бүрдүүлэх зорилготой энэ төсөл нь нийт 18.9 сая ам.долларын төсөвт өртөгтэй аж.

Хаан нь хэн бэ?

БНХАУ-д хамгийн ашигтай үйл ажиллагаа явуулж буй технологийн компаниар дотоодын "Alibaba", "Tencent" бус харин Калифорнид төвтэй "Apple" компани тодорчээ. Apple-ийн Хятад дахь бизнес цар тахлын үеэр цойлж, өдгөө тус улсын хамгийн том хоёр технологийн компанийн ашгийг нийлүүлснээс ч ихийг олж байгааг "Financial Times"-ийн шинжээчид дүгнэсэн байна. "Apple" компани Хятад улсыг үйлдвэрлэлийн үндсэн баазаа болгож, "iPhone" гар утасныхаа үйлдвэрлэлийн 95 хувийг тэнд явуулж байгаа нь  Covid-19-ийн тархалтаас үүдэлтэй нийлүүлэлтийн сүлжээний тасалдал зэрэг эрсдэлд өртөхөд хялбар болгосон. Гэхдээ Хятадын хэрэглэгчдийн худалдан авалт энэ бүгдийг нөхөж байна.  Хонгконг, Макао, Тайвань, эх газрын Хятадын нийлүүлсэн зах зээлд компанийн үйл ажиллагааны ашиг IX сараар эцэслэгдсэн хоёр жилийн хугацаанд 104 хувиар өсөж, 31.2 тэрбум ам.долларт хүрчээ.

Тархалт ба хязгаарлалт

Covid-19-ийн халдварын тархалт эрчимжсэнээр цар тахлын хязгаарлалтын арга хэмжээ БНХАУ-ын эдийн засгийн тавны нэгийг хамраад байна. Даваа гарагийн байдлаар тус улсад 27 мянга гаруй тохиолдол шинээр бүртгэгдсэн нь дөрөвдүгээр сараас хойших дээд үзүүлэлт юм. Тухайлбал, халдварын голомт болоод буй Гуанжоу хотод 8,588 тохиолдол бүртгэгдсэн бол Чунчин хотод 6,297 хүнээс халдвар илэрчээ. Одоогоор тус улс дөрөвдүгээр сард Шанхай хотод хатуу хөл хорио тогтоож байсан шиг өргөн хүрээг хамарсан хязгаарлалтын арга хэмжээ аваагүй ч халдвар эрчимжиж буй 48 хотод хэсэгчилсэн хөл хорио тогтоогоод байгаа юм.

Хориг эхлээгүй ч...

Европын Холбооны хориг арга хэмжээ хэрэгжиж эхлэхэд хоёр долоо хоног үлдээд буй энэ үед ОХУ Хойд Европ дахь газрын тосны зах зээлийнхээ 90 хувийг аль хэдийн алдаад байгаа аж. Сүүлийн дөрвөн долоо хоногийн хугацаанд ОХУ Газрын дундад тэнгис, Хар тэнгисийн сав газрыг эс тооцвол одоогоор нийлүүлэлт хийх боломжтой цорын ганц Европын боомт болоод байгаа Роттердамд өдөрт ердөө 95 мянган баррель газрын тос хүргэжээ. Хоёрдугаар сарын эхээр тус бүс нутгийн боомтуудад өдрийн дүнгээр 1.2 сая гаруй баррель газрын тос хүргэж байсан аж. Одоогоор Балтын тэнгис дэх ОХУ-ын боомтуудад ачигдаж буй нийт түүхий газрын тосны дөрөвний гурав нь Ази руу тээвэрлэгдэж байна. Өнгөрсөн долоо хоногт ОХУ-аас тээвэрлэгдсэн газрын тосны нийт хэмжээ өдөрт 2.67 сая баррель байсан нь сүүлийн есөн долоо хоногийн доод түвшинд хүрсэн үзүүлэлт болжээ.

Баавгай явах болоогүй

Уналттай буюу “Баавгай” зах зээлийн мөчлөг хараахан дуусаагүй тул хөрөнгө оруулагчид 2023 онд өндөр хүлээлттэй байх хэрэггүйг “Goldman Sachs” банкны шинжээчид анхааруулж байна. Тэдний тооцоолсноор “S&P 500” индекс 2023 оны эцэс гэхэд 4000 нэгж орчимд буюу баасан гарагт арилжаа хаагдах үеийн ханшнаас ердөө 0.9 хувиар өндөр түвшинд очих аж. Харин Европын жишиг индекс “Stoxx Europe 600” ирэх оны эцэст дөрвөн хувиар өсөж, 450 нэгж хүрэхээр байна. "Бодлогын хүү дээд түвшинд хүрсэн ч компаниудын зах зээлийн үнэлгээ сул байгаа нь хөрөнгийн зах зээлийн сэргэлтээс өмнө заавал уналт үүсэхийг харуулж байна” хэмээн тус банкны стратегичид өгүүлжээ.

BloombergTV.mn танд санал болгож байна

Nomura Holdings: Дахин гурван улс валютын хямралд өртөх эрсдэлтэй байна

WPIC: 2023 онд цагаан алтны эрэлт 19 хувиар өсөж, 7.77 сая унц хүрнэ

Монгол Улс 7 хоногт 917.1 мянган тонн нүүрс экспортлов

Онцлох чарт

Дэлхийн нийт өрийн хэмжээ III улиралд 6.4 их наяд ам.доллароор буурсан нь ам.долларын ханшийн чангаралт бусад валютаар илэрхийлэгдсэн өрийг "бага харагдуулсан"-тай холбоотой аж. Гэхдээ бодлогын хүүгийн өсөлт шинэ зээл нэмэгдэхэд саад болж буй нь өрийн үйлчилгээний өртөг аюултай хэмжээнд хүрч өсөхөд нөлөөлж болзошгүйг Олон Улсын Санхүүгийн Институт онцолж байна.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.