Иргэний нийгмийн байгууллагууд байгалийн нөөц ашиглалтын төлбөрийн тухай хууль зөрчсөн аймаг, нийслэлийн удирдлагуудад сануулга өгч, шүүх рүү гомдол гаргах болсон тухай мэдээлэл хийлээ.
Иргэний нийгмийн байгууллагуудын төлөөлөл:
-Байгалийн баялгийг авч ашиглаж байгаа тул тодорхой хэмжээнд төлбөр хураамж төлөгддөг. Тухайн төлбөр хураамжийг байгалийн нөөцдөө захиран зарцуулах нь дутагдалтай байна. Ашиглалтаасаа олсон тодорхой орлогоороо байгалийн нөхөн сэргээлтийн ажлыг хийх шаардлагатай. 2012 онд байгалийн нөөц ашигласан төлбөрийн тухай хууль батлагдсан. Үүнээс хойш арван жилийн хугацаанд 200 орчим тэрбум төгрөгийн алдагдал хүлээсэн байна. Тухайн хөрөнгийг байгалийн нөөцөд биш буруу зүйлд ашигласан гэсэн үг. 300 орчим сая модыг ойжуулалт, нөхөн сэргээлтэд хийх хэмжээний зардал мөнгийг шамшигдуулсан байна.
Ногоон хөгжлийн бодлого ярьж буй энэ цаг үед энэ төсвийг үр дүнтэйгээр байгалиа нөхөн сэргээхэд зарцуулах шаардлагатай. Аймаг, Сумын Засаг дарга, ИТХ-ынхан энэ хуулиа хэрэгжүүлэхийг шаардаж байна.
Үүнийг хэрэгжүүлээд явах юм бол байгаль орчны салбар өөрийгөө санхүүжүүлээд явах бүрэн боломжтой.
Тэгэхээр Монголын Байгаль орчны иргэний зөвлөлөөс байгаль орчны нөөцийг ашигласныхаа шанд тухайн байгаль орчиндоо нэг ч төгрөг зарцуулаагүй Баян-Өлгий аймгийн Засаг дарга Д.Бауыржаныг Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд өгөх гэж байна. Энэ хэрэг дээр авлига авсан эсэх, төсвийг зориулалтын бусаар зарцуулсан эсэхийг шалгуулна гэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.