СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Эдийн засаг | 2022-11-22

Bloomberg TV: Дайны нөлөө Монголд хэрхэн тусав...

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
2 жилийн өмнө

Гурван өгүүлбэрээр:

  1. Монголын бизнесүүдийн 65 хувийнх нь борлуулалтын орлого ОХУ-Украины дайн эхэлснээс хойш хумигдсаныг НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн судалгаа харууллаа.
  2. АМНАТ давхардуулж авдаг болсноор өөрийн ордгүй 20 гаруй баяжуулах үйлдвэр хаагдаж, 1500 орчим иргэн ажил орлогогүй болсныг мэдээлэв
  3. УБ хотод ойрын жилүүдэд метроны төсөл хэрэгжүүлэх боломжгүй тул оронд нь BRT буюу тусгай замын автобусны системийг нэвтрүүлэхээр төлөвлөжээ.

Дайны нөлөө Монголд

ОХУ-Украины дайны улмаас түлш шатахуун, хүнсний үнэ эрс өссөн нь Монголд инфляцаар дамжин өрхийн амьжиргаанд шууд бусаар хүчтэй нөлөөлж байгааг НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн судалгаа харуулав. Бараа, бүтээгдэхүүний үнийн өсөлттэй холбоотойгоор судалгаанд хамрагдсан өрхүүдийн 50 хувийнх нь хэрэглээ энэ оны гуравдугаар сараас хойш буурсан байна. Мөн айл өрхүүдийн 67 хувийнх нь амьжиргаа гуравдугаар сараас хойш дордсон гэж хариулжээ. Харин судалгаанд хамрагдсан бизнесүүдийн 65 хувь нь ОХУ-Украины дайн эхэлснээс хойш борлуулалтын орлого хумигдаж муудсан гэж хариулсан байна. Ихэнх бүтээгдэхүүний үнэ өсөж, иргэдийн худалдан авах чадвар буурсан нь аж ахуйн нэгжүүдийн борлуулалтад хүчтэй нөлөөлж байгаа аж.

АМНАТ-ийн дарамт

Нүүрс олборлох болон боловсруулах үйлдвэрлэлээс Ашигт Малтмалын Нөөц Ашигласны Төлбөрийг (АМНАТ) давхардуулж авдаг болсноор өөрийн ордгүй 20 гаруй баяжуулах үйлдвэр хаагдаж, 1500 орчим иргэн ажил орлогогүй болсныг “Монголын хүнд үйлдвэрийн эрдэс холбоо" ТББ даваа гарагт мэдээллээ. АМНАТ-ийг олон улсын зах зээл дэх жишиг үнээр тооцож авдаг болсноос хойш баяжуулах үйлдвэрүүд 30-40 хувийн өндөр үнээр АМНАТ төлж байгаа аж. Тухайлбал: төмрийн хүдрийн борлуулалтын бодит орлого нь тонн тутам 60 ам.доллар байхад АМНАТ тооцохдоо 100 ам.доллароор зарсан гэж үзэж авдаг байна. "Холбоонд бүртгэлтэй ААН-үүдийн хувьд 4000 гаруй ажлын байр байхгүй болсны зэрэгцээ туслан гүйцэтгэгч олон оператор компаниудын үйл ажиллагаа дагаад зогсож, ажилчид нь ажилгүйчүүдийн эгнээнд шилжсэн" хэмээн тус ТББ-ын Удирдах зөвлөлийн дарга Р.Эрдэнэбаяр мэдэгдэв.

Байр суурь

“Нийгмийн ач холбогдол талаасаа харж, хүүхдийн мөнгө хөтөлбөрийн хамрах хүрээг өргөжүүлсээр өдийг хүрлээ. Гэхдээ миний бодлоор тусламжийг зорилтот бүлэг рүү, дэмжлэг хамгийн хэрэгтэй байгаа хэсэг рүү чиглүүлэх хэрэгтэй. Монголын хүн амын 30 орчим хувийнх нь амжиргааны түвшин ядуурлын шугамаас доогуур байгаа. Одоо олгож буй мөнгөн дэмжлэгээ эдгээр нэн шаардлагатай айл өрхүүд рүү чиглүүлбэл олон хүнд бага мөнгө өгснөөс, зорилтот бүлгийнхэндээ илүү их тусламж үзүүлж чадах юм" хэмээн НҮБ-ын Монгол Улс дахь суурин зохицуулагч Тапан Мишра онцолсон юм.

Дизель шавхагдсан уу?

Шатахууны татан авалттай холбоотойгоор Улаанбаатар хотын хэмжээнд дизель түлшний нөөц байхгүй, аймгуудад нийлүүлэлт нь тасалдсан нөхцөл байдал үүсээд байгааг "Магнай Трейд" компаниас мэдээллээ. Улсын хэмжээнд арваннэгдүгээр сарын 14-ний өдрийн байдлаар АИ-92 автобензин 38 хоног, АИ-95 автобензин 37 хоног, дизель түлшний 13 хоногийн ердийн хэрэглээтэй тэнцэх үлдэгдэл, нөөцтэй байгааг Ашигт малтмал, газрын тосны газраас сүүлийн мэдээллээс харж болохоор байна. Мөн албан бус мэдээллээр зарим аймгуудад дизель түлш 4000-4200 төгрөгөөр худалдаалагдаж байгаа аж.

Шинэ жилийн зардал өснө

Албан байгууллага, хамт олны шинэ жилийн баярын хүлээн авалтад орох рестораны захиалгын үнэ дунджаар нэг хүний 130-150 мянган төгрөг байгаа нь өнгөрсөн оныхоос 19.8 хувиар өссөн үзүүлэлт болохыг “Huree.mn" сайт тооцоолон гаргасан байна. 2020, 2021 онтой харьцуулахад инфляц огцом өсөж, өндөр түвшинд хадгалагдаж буй энэ үед байгууллагуудын шинэ жилийн баярын хүлээн авалтын зардал ийнхүү өсөхөөр байна. Мөн өнгөрсөн онтой харьцуулахад энэ онд шинэ жилийн баяр тэмдэглэх албан байгууллага хамт олны захиалга 50 хувиар өснө гэж тооцоолжээ. Сонирхуулахад өнгөрсөн онд нийт захиалга өгсөн байгууллагуудын 42.6 хувь нь 12 дугаар сарын 23-30-ны өдрүүдэд шинэ жилийн баярын хүлээн авалтаа хийж байжээ.

Метрог март...

Улаанбаатар хотод ойрын жилүүдэд метроны төсөл хэрэгжүүлэх боломжгүй тул оронд нь BRT буюу тусгай замын автобусны системийг нэвтрүүлэхээр төлөвлөсөн болохыг Нийслэлийн асуудал хариуцсан сайд Ж.Сүхбаатар мэдэгдлээ. Энэхүү төслийг тодорхой маршрутын дагуу хэрэгжүүлэхэд 50 сая ам.долларын санхүүжилт шаардлагатай байгаа аж. Харин дүүжин тээврийн тухайд Францын талтай уулзаж, тохиролцсон бөгөөд эхний шугамыг хийгээд хөдөлгөөнийг эхлүүлэх ажлыг эрчимжүүлнэ гэж мэдээлжээ.

3.1 тэрбумын өр

Дампуурлаа зарлаад буй крипто бирж FTX гол барьцаагүй зээлдүүлэгчдэдээ нийт 3.1 тэрбум ам.долларын өртэй болох нь шүүхийн баримт бичгээс ил болжээ. Тэдгээрээс нэгэн зээлдүүлэгч 226 сая ам.долларын авлагатай байгаа нь жагсаалт дахь хамгийн өндөр дүн болж байна. 50 зээлдүүлэгчийн нэр болон хаягийг нууцалсан ч тэд бүгд тус биржийн үйлчлүүлэгч гэж бүртгүүлсэн байжээ. Шүүхийн урьдчилсан мэдүүлэгтээ FTX актив, пассивын хэмжээгээ тус бүр 10 тэрбум ам.доллар гэж мэдүүлсэн байна. Биржийн өмгөөлөгчдийн үзэж байгаагаар энэ хэрэгт дор хаяж нэг сая гаруй зээлдүүлэгч холбогдож магадгүй аж.

Вон Азид тэргүүлэв

Арваннэгдүгээр сард БНСУ-ын воны ханш ам.долларын эсрэг зургаан хувиар чангарлаа. Ингэснээр сүүлийн 13 жилийн доод түвшиндээ хүрч унаад байсан воны ханш Азид өсөлтөөрөө тэргүүлж эхэлжээ. АНУ-ын Төв банк бодлогын хүүгээ нэмэгдүүлэх эрчээ сааруулах дохио өгч, БНХАУ COVID-19-ийн бодлогоо уян хатан болгож, газрын тосны үнийн өсөлт эргэн саарах хүлээлт зах зээлд бий болсонтой зэрэгцээд БНСУ-ын гадаад худалдааны алдагдал буурах төлөвтэй байгаа нь үүнд нөлөөлжээ. БНСУ-ын Төв банк энэ долоо хоногт болох мөнгөний бодлогын ээлжит хурлаараа бодлогын хүүг 50 суурь нэгжээр биш харин 25 суурь нэгжээр нэмэгдүүлбэл ханшийн өсөлтийг улам дэмжих магадлалтай гэж “Societe Generale” банкны шинжээчид үзжээ.

Энэтхэгийн өсөлт саарна

“Goldman Sachs” Энэтхэгт зээлийн өндөр өртөг хэрэглэгчийн эрэлтэд сөргөөр нөлөөлсөн, цар тахлын сэргэлтийн үр өгөөж суларсан зэрэг шалтгаануудыг харгалзан үзээд тус улсын эдийн засгийн ирэх оны төсөөллөө бууруулан тогтоожээ. Тус банкны эдийн засагчид ням гарагт гаргасан тайландаа 2023 онд БНЭУ-ын дотоодын нийт бүтээгдэхүүн 6.9 хувиар өснө гэсэн өмнөх төсөөллөө 5.9 хувь болгож бууруулсан байна. Өнгөрсөн санхүүгийн жилд цар тахлын сэргэлтийн үеэр Энэтхэг улс томоохон эдийн засагтай орнуудын дунд өсөлтийн эрчээрээ тэргүүлсэн боловч өдгөө АНУ-ын Холбооны Нөөцийн банкны хатуу бодлого, хэрэглээний үнийн өсөлт, төсвийн болон төлбөрийн тэнцлийн алдагдлын тэлэлт зэргээс үүдэлтэй олон сорилтуудтай тулгараад байна.

Бартаат замын Porsche

Porsche компани алдарт "911" автомашиныхаа удаан хүлээлгэсэн бартаат замын хувилбарыг Лос-Анжелесийн авто шоуны үеэр танилцууллаа. "Porsche 911 Dakar" загвар нь ердөө 2500 ширхэг үйлдвэрлэгдэх бөгөөд олон улсад 222 мянган ам.долларын үнээр худалдаалагдах аж. Мөн 3.0 литрийн хос турбо "Boxer" хөдөлгүүр болон стандарт өндөрлөгөөгөөр тоноглогджээ. 1960-аад оноос эхлэн авто уралдааны жолооч нар "911" загварыг бартаат замын уралдаанд зориулан тоноглосоор ирсэн юм. Энэ сард л гэхэд тусгай тоногтой хоёр "911" автомашин дэлхийн хамгийн өндөр галт уул болох Ojos del Salado-ийн оргилд гарсан билээ. Гэхдээ Porsche компани дэлхийн зах зээлд зориулж албан ёсоор гаргасан анхны бартаат замын автомашин нь "911 Dakar" болж байна.

BloombergTV.mn танд санал болгож байна

БНХАУ-д 6 сарын дараа COVID-19-ийн халдварын шалтгаант нас баралт дахин бүртгэгдэв

Silver Institute: Сүүлийн жилүүдэд тохиогоогүй мөнгөний хомсдол бий болох эрсдэл үүссэн

БНХАУ-ын орон нутгийн захиргаа “Foxconn”-д шинэ ажилчид олоход туслалцаа үзүүлнэ

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.