Гурван өгүүлбэрээр:
Төсвийн тэнцвэржүүлсэн орлого оны эхний 10 сард 13 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 21.7 хувиар өссөнийг ҮСХ мэдээллээ. Харин зарлагын хэмжээ 14 их наяд төгрөг болж, 14.6 хувиар өссөн байна. Ингэснээр төсвийн алдагдал нэг их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 34.2 хувиар буурчээ. Төсвийн алдагдал цар тахлын үеийн жилүүдийнхээс буурсан ч 2019 онд 545.4 тэрбум төгрөгийн ашигтай байсантай харьцуулахад эрс өсөөд байгаа юм. Төсвийн алдагдал өсөхийн хэрээр өрийн дарамт нэмэгдэж байгаа бөгөөд 2023 он Монгол улсын хувьд гадаад өрийн эргэн төлөлтийн ачаалал хамгийн өндөр жил болохоор байна.
Улсын хэмжээнд 2022 оны 10 дугаар сарын эцэст зээлийн өрийн үлдэгдэл 22.8 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 13.6 хувиар өссөн буюу 2.7 их наяд төгрөгөөр нэмэгдсэнийг ҮСХ мэдээллээ. Нийт зээлийн өрийн үлдэгдлийн 82.9 хувийг хэвийн зээл 11.7 хувийг чанаргүй зээл, 5.4 хувийг хугацаа хэтэрсэн зээл эзэлсэн байна. Тайлант хугацаанд банкны системийн хэмжээгээр чанаргүй зээлийн эзлэх хувь хэмжээ өмнөх оны мөн үеэс 34.4 хувиар огцом өсөж 2.7 их наяд төгрөгт хүрчээ.
“Жи Өү Эйч” ХХК-ийн Өмнөговь аймгийн Номгон сумын нутагт өрөмдсөн "Номгон-9п" цооногоос метан хий гарч эхэллээ. Цаашид олборлолтын туршилтыг үргэлжүүлж, метан хийн нөөцийг нарийвчлан тогтоох ажил үргэлжилнэ гэж Ашигт малтмал, газрын тосны газраас мэдэгджээ. Тус компани нь 2018 онд "Номгон IX" талбайд нүүрсний давхаргын метан хийн хайгуул, ашиглалтын үйл ажиллагаа эрхлэх талаар Ашигт малтмал, газрын тосны газартай бүтээгдэхүүн хуваах гэрээг байгуулж байсан байна. "Номгон IX" талбайд Австралийн хөрөнгийн биржид бүртгэлтэй “Elixir Energy” компани мөн нүүрсний давхаргын метан хийн төслөө идэвхтэй хэрэгжүүлж байна.
Монголд өвлийн улиралд жуулчдыг татахын тулд визийн хөнгөлөлт үзүүлж, зочид буудлуудын үнийг хямдруулах хэрэгтэй байгааг “Nomadic Trails” компанийн Гүйцэтгэх захирал О.Тулга өгүүлж байна. Бүс нутгийн туршлагаас харвал Манжуур хот өвлийн улиралд Монгол болон ОХУ-ын жуулчдыг татахын тулд агаарын тээврийн компаниудад хөнгөлөлттэй үнэ санал болгон, татаас олгодгийг “Хүннү эйр” компанийн Гүйцэтгэх захирал П.Мөнхжаргал мэдээлсэн юм. Цар тахлын өмнөх үед өвөлдөө 10 мянга гаруй монголчууд Манжуурт аялж, нэг хүн дунджаар 2000 ам.доллар зарцуулж байсан гэсэн судалгаа байдаг байна. Түүнчлэн Манжуурт зундаа 350 ам.долларын үнэтэй "Shangri-La" зочид буудлын өрөө өвлийн улиралд 20 ам.доллар болж буурдаг. Зөрүүг нь БНХАУ-ын ЗГ-аас олгодог бөгөөд худалдааны төвүүд байгуулж, худалдагчдад нь орос, монгол хэл заадаг аж.
Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх НҮБ-ын COP27 бага хурлын сүүлийн өдөр ядуу буурай болон хөгжиж буй орнуудад уур амьсгалын өөрчлөлтийн улмаас учирсан хохирлыг хөгжингүй орнууд төлж барагдуулдаг болох түүхэн тохиролцоонд хүрсэн байна. Хохирол барагдуулах сан байгуулах нь тусламж гэхээсээ илүүтэйгээр урт хугацааны хөрөнгө оруулалт болохыг Пакистаны Уур амьсгалын сайд Шерри Рехман онцолжээ. Өнгөрсөн онд зохиогдсон ээлжит хуралдаанаар улс орнууд дэлхийн дундаж температурын өсөлтийг цельсийн 1.5 хэмд хязгаарлах амлалт өгч байсан. Энэ удаагийн хурлаар Хохирол барагдуулах сан байгуулсан нь сайшаалтай ч өнгөрсөн оны зорилтоос ялгарах шинэ шийдэл гарсангүй гэж "World Resources Institute"-ийн шинжээчид мэдээлжээ.
БНХАУ-ын Ерөнхийлөгч Ши Жиньпин "дипломат тусгаарлалт"-д Владимир Путиныг даган орох хүсэлгүй байна. Сүүлийн долоо хоногуудад тэрбээр үг яриа, үйлдлээрээ Бээжин, Москвагийн хооронд тодорхой хэмжээний зай завсар үүсгэсэн. Тухайлбал Бали аралд болсон "Их 20"-ийн уулзалтаар Украин дахь дайныг зэмлэн буруутгасан гишүүн орнуудын хамтарсан тунхаглалд БНХАУ нэгдсэн юм. Түүнчлэн Ши Жиньпин АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден тэргүүтэй Москвагийн эсрэг тэмцлийг тэргүүлж буй дэлхийн удирдагчидтай халуун дотноор уулзсаны зэрэгцээ Украинд цөмийн зэвсэг хэрэглэх явдлыг дуу нэгтэй эсэргүүцсэн билээ. Эдгээр бүгд нь БНХАУ ОХУ-тай хийх хамтын ажиллагаандаа "улаан шугам" татсан болохыг харуулж байгаа юм.
Эдийн засаг болон хөдөлмөрийн зах зээл уналтыг тэсвэрлэж, бусад улсын Төв банкнууд Холбооны Нөөцийн банкны бодлогын хүүгээ өсгөх эрчтэй зэрэгцэхийг хичээж буй үед ам.долларын ханш цаашид улам чангарах орон зай байна хэмээн "Goldman Sachs” банкны стратегичид дүгнэжээ. “Одоогоос эхлэн ам.долларын өсөх хөдөлгөөн энэ оныг бодвол илүү савлагаатай, тогтмол бус байх хүлээлттэй байна” гэсэн байна. Мөн тус банкны шинжээчид дараагийн 12 сард АНУ-ын эдийн засагт уналт нүүрлэх магадлал 35 хувь гэж тооцоолсон байна.
“Mercedes-Benz” компани хоёр загварын цахилгаан автомашиныхаа БНХАУ-д борлуулагдах үнийг 33 мянган ам.доллар хүртэлх дүнгээр бууруулсан байна. Цахилгаан автомашины дэлхийн хамгийн том зах зээл болох тус улсад өрсөлдөөн ширүүсэж, борлуулалтад нь нөлөөлсөн тул дээрх шийдвэрийг гаргажээ. “Mercedes-Benz EQE” загварын үнэ 528 мянган юаниас 478 мянган юань буюу 67 мянга 675 ам.доллар болж хямдарсан бол тансаг зэрэглэлийн “EQS” загвар 1.19 сая юаниас 956 мянган юанийн үнэтэй болж өөрчлөгджээ. Ерөнхийдөө гадаадын болон олон жилийн түүхтэй брэндүүд БНХАУ-ын зах зээлд дотоодын шинээр өсөн гарч ирж буй брэндүүдээс борлуулалтаараа хол хоцрох хандлагатай байна. Тус улсын Суудлын автомашины холбооны судалгаагаар 2022 оны эхний долоон сард борлуулагдсан нийт цахилгаан автомашины 80 хувийг БНХАУ-ын дотоодын брэндүүд үйлдвэрлэжээ.
Агаарын тээврийн компаниуд, зохицуулагч байгууллагууд нислэгийн өртгийг бууруулж, ажиллах хүчний хомсдолоос үүдэлтэй дарамтыг арилгахын тулд зорчигч тээврийн нисэх онгоцны бүхээгт заавал хоёр биш ганцхан нисгэгч ажиллаж болох журмыг батлуулахаар хичээж байна. Одоогоор 40 гаруй орон агаарын тээврийн стандартад нэг нисгэгчтэй нислэгийг зөвшөөрүүлэхийн тулд НҮБ-ын зохицуулагч байгууллагад хүсэлт гаргаад байгаа аж. Гэхдээ нисгэгчид өөрсдөө энэ төлөвлөгөөнд төдийлөн таатай хандахгүй байгаагийн зэрэгцээ зорчигчдын зүгээс ч хүчтэй эсэргүүцэлтэй тулгарч магадгүй юм.
Энэ долоо хоногт:
Даваа: ХБНГУ-ын үйлдвэрлэгчийн үнийн индекс, Хонгконгийн хэрэглээний үнийн индексийн үзүүлэлт гарна.
Мягмар: Евро бүсийн хэрэглэгчийн итгэлийн индекс танилцуулагдана. ЭЗХАХБ ээлжит Эдийн засгийн төсөөллөө гаргана.
Лхагва: ОХУ-ын хэрэглээний болон үйлчилгээний үнийн индекс, Сингапурын хэрэглээний үнийн индекс болон ДНБ танилцуулагдана.
Пүрэв: Швед, БНСУ, Турк, ӨАБНУ-ын Төв банкнууд бодлогын хүүгийн шийдвэрээ гаргана. Европын Холбооны эрчим хүчний сайд нар эрчим хүчний үнийн асуудлаар Брюссельд яаралтай хуралдана.
Баасан: ХБНГУ, Мексикийн ДНБ танилцуулагдана. АНУ-д Хар баасан гарагийн хямдралтай худалдаа эхэлнэ.
Хүний эрхийн зөрчил, логистикийн асуудал, хэт халуун цаг агаар гээд олон шүүмжлэл, маргаан дагуулсан "Катар-2022" хөлбөмбөгийн ДАШТ эхэллээ. Катар улс анх ДАШТ зохион байгуулах эрхээ авснаас хойш 12 жилийн хугацаанд 7 шинэ цэнгэлдэх хүрээлэн, 20 мянган өрөө бүхий шинэ зочид буудлууд, шинэ метро зэрэг тасралтгүй бүтээн байгуулалтад нийт 300 тэрбум ам.доллар зарцуулжээ. Энэ нь өмнөх ДАШТ-үүдийн зардалтай харьцуулшгүй өндөр дүн бөгөөд 2014 оны Бразилын ДАШТ-ий зардлаас даруй 20 дахин их байгаа юм.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.