СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Сэлэнгэ аймгийн Засаг дарга Н.Лхагвадорж: Хүнсний хангамжийг нэмэгдүүлэх чиглэлд нийслэлтэй хамтран ажиллана

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Мягмар
2 жилийн өмнө

-Зоориныхоо багтаамжийг нэмбэл хүнсний ногоо, үр тариагаар дотоодынхоо хэрэгцээг бүрэн хангах боломжтой-

Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах, тогтвортой хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэх, тэр дундаа ирэх таван жилд гол нэрийн 19 төрлийн хүнсний бүтээгдэхүүнээр дотоодын хэрэгцээгээ бүрэн хангах зорилгоор Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх "Хүнсний хангамж, аюулгүй байдал" үндэсний хөдөлгөөнийг санаачлан, улс орон даяар эхлүүлсэн. Тус хөдөлгөөний нийслэл дэх нээлт өнгөрсөн лхагва гарагт болсон бөгөөд энэ үеэр нийслэлийн иргэдийн хүнсний хангамжийг нэмэгдүүлэх чиглэлээр Улаанбаатар хот Сэлэнгэ аймагтай хамтран ажиллах санамж бичиг байгуулаад буй. Нийслэлийн хүнсний ногоо, үр тарианы томоохон нийлүүлэгчийн хувиар цаашид хэрхэн хамтран ажиллах талаар Сэлэнгэ аймгийн Засаг дарга Н.Лхагвадоржтой ярилцлаа.

-Сэлэнгэ аймаг нийслэл гэлтгүй Монгол Улсын хүнсний ногоо, үр тарианы тодорхой хувийг нийлүүлдэг. Үүнд хамгийн их тулгамддаг асуудал нь юу вэ?

-Манай аймаг Монгол Улсын нийт үр тарианы хэрэгцээний 50 хувийг, хүнсний ногооны 30 хувийг хангаж байгаа. Бүх төрлийн ногоо тарьж ургуулдаг, үүнийгээ зөвхөн нийслэл гэлтгүй Монгол Улсын хэмжээнд нийлүүлэхэд гол тулгардаг бэрхшээл нь хадгалах зоорь, байгууламжийн асуудал. Аймгийн хэмжээнд нийт 36 мянган тонн ногоо, хүнс хадгалах зоорь бий. Тэгэхээр иргэд маань нийт ургацынхаа 50 хувийг хадгалаад, үлдсэн хувийг ченжүүд, иргэдэд борлуулдаг. Цаашид зоорь, хадгалах байгууламжийн багтаамжийг хоёр дахин нэмэхэд л хангалттай хэмжээний үр тариа, ногоогоор иргэдээ хангах боломжтой. Өөрөөр хэлбэл, одоо байгаа зоориныхоо багтаамжид тааруулаад л бид тариалалтаа эрхэлж байгаа юм. Үүнийг нэмээд, энэ чиглэлд хамтраад ажиллавал дотоодынхоо хэрэгцээг бүрэн хангах хүний нөөц, талбай, техник бүгд бий.

-Тэгэхээр цаашид нийслэлтэй энэ чиглэлд хамтран ажиллах уу?

-Нийслэлийн удирдлагатай хүнсний хангамжийг нэмэгдүүлэх хамтын ажиллагааны санамж бичгийн хүрээнд яг энэ чиглэлд хамтран ажиллавал үр дүнтэй гэж бид харж байна. Сэлэнгэ аймгийн хувьд зөвхөн үр тариа, хүнсний ногоогоор зогсохгүй модны тарьц ч нийлүүлдэг. Жимс, жимсгэнийн мод ч ялгаагүй, бид нийлүүлэхэд бэлэн байгаа. .

Бид зөвхөн ногоо, үр тариагаар хязгаарлагдахгүй, махны чиглэлд ч томоохон нийлүүлэгч болохыг зорьж байна

 

-Хүнсний хангамжийг нэмэгдүүлэх чиглэлд Сэлэнгэ аймаг өөр ямар бодлого, чиглэл баримталж байна вэ?

-Бид зөвхөн ногоо, үр тариагаар нөөц боломжоо хязгаарлахгүй, махны чиглэлд ч томоохон нийлүүлэгч болохыг зорьж байна. Ингэхийн тулд малын өвчлөлийг зогсоох нь маш чухал. 2022 онд манай аймгийн хэмжээнд малын өвчин гараагүй. ЗДТГ, аймгийн удирдлагын зүгээс ч энэ талаар хүчин чармайлт гаргаж ажиллалаа. Тухайлбал, . Ингэснээр бид ирэх жилүүдэд баталгаатай, эрүүл, шимтэй махаар иргэдийнхээ хэрэгцээг хангана гэсэн зорилго тавиад тооцоо, судалгаагаа ч хийж буй. Малаа эрүүл байлгаад, махаа баталгаатай, чанартай болгож чадвал бид зөвхөн дотоодынхоо хэрэгцээг хангаад зогсохгүй экспортлох ч боломжтой. Тэгэхийн тулд бид эхний ээлжид өөртөө байгаа баялгаа брэнд болгож, үнэ хүргэж, чанар, шимийг нь сайжруулах нь нэн чухал.

-Хүнсний хангамжийг сайжруулах чиглэлд нийслэлтэй хамтарч ажиллах санамж бичгийн хүрээнд ойрын хугацаанд ямар ажлууд хийх вэ?

-Хамгийн түрүүнд Ажлын хэсэг байгуулна. Одоо тулгарч байгаа асуудлыг, тухайлбал, зоорь агуулахын багтаамжийг нэмэх ямар боломжууд, ямар гаргалгаа байна вэ гэдэгт төвлөрнө. Мэдээж, үүнд нийслэлийн удирдлага, аж ахуйн нэгжүүд боломжит бүх талаар дэмжих, бидний зүгээс ч шаардлагатай арга хэмжээ авч, үр дүнтэй хамтран ажиллана гэсэн хүлээлттэй байна.

Хүнсний хангамж, аюулгүй байдал, үнийн өсөлт гэсэн гурван том асуудал бий. Бид энэ асуудлуудыг ойрын хугацаанд, үр дүнтэй хамтран ажилласнаар бүрэн шийдэх боломжтой. Хүнсний ногоо, мах зэрэг гол бүтээгдэхүүнээ дотоодоосоо хангах нь нэгдүгээрт, эрүүл, баталгаатай, чанартай хүнс хэрэглэхэд том нөлөө үзүүлнэ. Хаана, ямар хүн тарьж ургуулсан, ямар бордоо хэрэглэснийг огт мэдэхгүй импортын хүнсийг хална гэдэг өөрөө том дэвшил. Гарал үүсэл нь тодорхой, шимтэй, чанартай хүнс гэдэг хүний хамгийн чухалчлах, анхаарал хандуулах асуудал шүү дээ.

Нөгөө талаас хүнсний хангамж нэмэгдээд, нийлүүлэлт өсөхөд үнэ ч тогтворжино. Өөрөөр хэлбэл, чанартай хүнсээ хямдаар дэргэдээсээ авах боломжийг бүрдүүлнэ. Иргэдэд очих давуу тал нь энэ. Нөгөө талаас тогтвортой үйлдвэрлэл, тариалан эрхлээд, нийлүүлэлт, борлуулалт нь нэмэгдэнэ гэдэг тариаланч, малчдын хувьд маш том дэмжлэг болж байгаа юм. Орон нутагтаа малаа маллаад, тариа ногоогоо тариад хангалттай орлого олоод, хөдөлмөрийнхөө үр шимийг хүртэх хүмүүсийн тоо нэмэгдвэл ядуурлыг бууруулах, тогтвортой ажлын байрыг бий болгоход хувь нэмрээ оруулна. Мэдээж, үүнийг дагаад хүнсний үйлдвэрлэлийн салбарт инновацыг нэвтрүүлэх, бүтээмжийг нэмэгдүүлэх шийдлүүд ч гарч ирнэ.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.