Гурван өгүүлбэрээр:
Энэ оны III улиралд ДНБ 2015 оны зэрэгцүүлэх үнээр 20.3 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 3.7 хувиар өслөө. Харьцуулбал оны эхний улиралд эдийн засаг 3.9 хувиар агшиж байсан бол II улиралд 1.9 хувиар тэлсэн билээ. ДНБ ийнхүү өсөхөд уул уурхайн бус салбаруудын сэргэлт голлон нөлөөлжээ. Ерөнхийдөө уул уурхай, барилга, тээврийн салбараас бусад салбар цар тахлаас өмнөх үеийн түвшинд хүрсэн гэж Монголбанк үзэж байна. Тухайлбал хөдөө аж ахуйн салбарын нэмэгдэл өртөг 10 хувиар, үйлчилгээний салбарынх 5.3 хувиар өссөн бол уул уурхайн салбарын нэмэгдэл өртөг 17.3 хувиар буурсныг ҮСХ мэдээллээ. 2022 оны сүүлийн хагаст экспортын гол нэрийн бүтээгдэхүүнүүд, тэр дундаа нүүрсний экспорт нэмэгдэх тохиолдолд эдийн засаг энэ онд гурав орчим хувийн өсөлттэй гарна гэж Монголбанк тооцоолжээ.
Mөнгөний нийлүүлэлт аравдугаар сарын эцэст 27.3 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 0.7 хувиар өслөө. 2021 оны эцсийн дүнгээр бодлогын хүү зургаан хувь байх үед мөнгөний нийлүүлэлтийн жилийн өсөлт 14.8 хувьтай байсан бол үүнээс хойш жилийн дүнгээр өсөлт тогтмол бага түвшинд байгаа юм. Банкны системийн төгрөгийн хадгаламж буурч, мөнгөний нийлүүлэлт сүүлийн улирлуудад үргэлжлүүлэн саарч байгааг Монголбанк онцолж байна. Төгрөгийн бодит хүү болон төгрөгийн харьцангуй өгөөж цаашид сөрөг түвшинд удаан хадгалагдах нь эх үүсвэрийн долларжилт үргэлжлэн нэмэгдэх эрсдэлтэйг мөн анхааруулжээ.
"Миний харж байгаагаар хэрэг болсон үедээ авдаг горимоос хэрэг болно гээд хадгалдаг горим руу шилжих хувьсал эдийн засагт явагдаж байна. Ойрын хэдэн жилд зэсийн үйлдвэрлэлд илүүдэл үүсэж магадгүй гэж эдийн засагчид "мөрөөдөж" байгаа юм. Уул уурхай, түүхий эдийн салбарт хийсэн хөрөнгө оруулалт хангалтгүй байсаар олон арван жил болж байна. Эдийн засагт уналт бий болж болно, бодлогын хүүг өсгөж болно, эдийн засгийн үйл ажиллагааг хязгаарлаж болно. Гэхдээ манай Хятад найзууд хөл хорионоосоо гарч, дэлхийн эдийн засаг хэвийн үйл ажиллагаандаа эргэн ормогц урт хугацаандаа бид шинэ эдийн засагт шилжихэд чухал ашигт малтмалын хомсдол тогтвортой хугацаанд үргэлжилнэ. Нүүрс шатаахын хажуугаар дэлхийн ДНБ-ий өсөлтийг 3 хувьд хадгалж, цэвэр эрчим хүчний шилжилтийг бодит болгомоор байвал үүнд шаардлагатай түүхий эдүүдийн нийлүүлэлтийг хангахад асар их ажил хийх ёстой болно." хэмээн "Ivanhoe Mines"-ийн ТУЗ-ийн дарга Роберт Фридланд" Bloomberg New Economy Forum"-ийн үеэр ярилцлага өгөхдөө өгүүлсэн юм.
"Turquoise Hill Resources"-ийн 49 хувьд ногдох хувьцааг 3.3 тэрбум ам.доллароор худалдан авах саналыг нь эсэргүүцэж байсан жижиг хувьцаа эзэмшигчидтэй хийж буй яриа хэлэлцээгээ зогсоож буйгаа "Rio Tinto" компани мэдээллээ. Тодруулбал TRQ-д 15.2 болон 2.2 хувийг тус тус эзэмшдэг "Pentwater Capital", "SailingStone Capital" компаниуд нэгж хувьцаагаа 43 канад доллароор зарах саналыг эсэргүүцсэн байр сууриа хадгалж үлдсэн байна. "Rio Tinto"-ийн зүгээс хэлцэлтэй холбоотой процессыг цаашид үргэлжлүүлж, TRQ-ийн тусгай хороотой хамтран хувьцаа эзэмшигчдийн шинэ хурлын товыг тогтоохоор ажиллахаа мэдэгджээ.
Өрхийн нийгэм, эдийн засгийн судалгаагаар III улиралд өрхийн сарын дундаж мөнгөн орлого 1.7 сая төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 176 мянган төгрөгөөр буюу 11.7%, өмнөх улирлаас 35 мянган төгрөгөөр буюу 2.1%-аар нэмэгдсэнийг ҮСХ мэдээллээ. Харин үнийн нөлөөллийг арилган тооцсон өрхийн сарын дундаж бодит орлого 1.2 сая төгрөг болсон байна. Өрхийн сарын дундаж бодит зарлага 1.2 сая төгрөгт хүрсэн бөгөөд үүний дотор хүнсний бус бараа үйлчилгээний зарлага 732 мянган төгрөгт хүрчээ. 20 мянгатын мөнгөн дэвсгэрт 2006 оны үнээр 5960 төгрөгтэй тэнцэж буй бөгөөд 10 дугаар сарын байдлаар инфляц эргэн эрчимжсэн байдалтай байгаа нь өрхийн орлогод ирэх дарамт нэмэгдэж буйг харуулж байна.
АНУ-аас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ричард Буанган Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа. Элчин сайд асан Майкл Клеческийг залгамжилж, АНУ-аас Монгол Улсад сууж буй 13 дахь Элчин сайд болж буй тэрбээр ардчилсан институц болон хараат бус байдлыг бэхжүүлэх, Монголын эдийн засгийг төрөлжүүлэх хүчин чармайлтыг дэмжин ажиллахаа илэрхийлжээ. Р.Буанган нь АНУ-ын дипломат албанд 20 гаруй жил ажилласан, Энэтхэг-Номхон далай, Зүүн Хойд Азийн бүс нутгийн харилцааны асуудлаар мэргэшсэн туршлагатай нэгэн юм.
Мөнгөний бодлого хатуурахын хэрээр зээлийн олдоц буурч байгаа энэ үед иргэдийн 70-80 хувь нь зээлээр автомашин худалдан авч байна. Арилжааны банкнууд автомашины зээлийг хуулийн этгээдэд 96 сар, иргэнд 30 сарын хугацаатай, сарын 1.3-1.7 хувийн хүүтэйгээр олгож байгаа аж. Оргил цагаар 10 км/цаг хүрэхгүй хурдтайгаар Улаанбаатар хотын замын хөдөлгөөнд оролцох, жилийн 365 хоногийн бараг 1/10-ийг түгжрэлд өнгөрөөх гээд олон “төлбөр” төлж буй иргэдийн хувьд автомашины зээлийн хүү ч өсөөд байна. Гэтэл суудлын автомашины импортын дүн 2022 оны эхний 10 сарын байдлаар нийт 481.6 сая ам.доллар буюу 1.6 их наяд төгрөг даваад байна. Өөрөөр хэлбэл автозамын түгжрэлийг бууруулах нийслэлийн энэ оны төсвөөс бараг дөрөв дахин их мөнгөөр “түгжрэл” импортолжээ. 13 км/ц-ийн хурдтай зорчихын тулд автомашины зээлд 42 хувийн хүү төлсөөр байх нь зөв үү? Нийтлэлийн дэлгэрэнгүйг ЭНД дарж уншаарай.
Ази-Номхон далайн бүс нутаг "хэний ч эзэмшил газар биш" болохыг БНХАУ-ын Ерөнхийлөгч Ши Жиньпин Тайландад болж буй APEC-ийн чуулга уулзалтад зориулан илгээсэн захидалдаа дурджээ. "Ази-Номхон далайн бүс нь хэний ч эзэмшил нутаг биш бөгөөд томчуудын хүчээ үзэх талбар байх ёсгүй. Шинэ хүйтэн дайныг эхлүүлэх аливаа оролдлого өнөө цагт, ямар ч эрх мэдлийн хүрээнд хүлээн зөвшөөрөгдөхгүй" хэмээн тэрбээр өгүүлсэн байна. Хэдийгээр Ши Жиньпин нэр зааж дурдаагүй боловч түүний энэ үг АНУ-ыг чиглэсэн болох нь тодорхой байгаа юм.
Дэлхийн хэмжээнд цахилгаан автомашины борлуулалтад БНХАУ-ын эзлэх жин 2015 онд 26 хувь, 2024 онд 48 хувь, 2022 оны эхний хагаст 56 хувь болж өсөөд байна. “Bloomberg”-ийн шинжээчид энэ оны сүүлийн саруудад борлуулалт дахин эрс өсөж, дээрх үзүүлэлтийг 60 хувьд хүргэнэ гэсэн төсөөлөл гаргаад байгаа аж. Үүний зэрэгцээ БНХАУ цахилгаан хөдөлгүүртэй ачааны автомашин, автобус, хоёр дугуйт тээврийн хэрэгслийн борлуулалтаар бүр ч тасархай тэргүүлж байна. Үүнээс гадна тус улс дахь бүх ангиллын цахилгаан автомашинуудын нэг цэнэглэлтээр туулах дундаж зай 2018 оноос хойш 42 хувиар өсөөд байгаа аж.
Дэлхийн никелийн нийт нөөцийн дөрөвний нэг нь оршдог Индонез улс цэнэг хураагуурт ашиглагддаг металл үйлдвэрлэгчдийг нэгтгэсэн OPEC-той төстэй байгууллагатай болох санаачилга гаргаад байна. Хамтын нийгэмлэг байгуулснаар олборлогч орнууд нэгдсэн нэг бодлого хэрэгжүүлж, никелийн үнэ цэнийг нэмэгдүүлж, үр ашгийг тэнцүү хүртэх боломжтой болно хэмээн Индонез улсын Хөрөнгө оруулалтын сайд онцолсон байна. Энэхүү санаачилга нь Индонез улс цахилгаан автомашины цэнэг хураагуурын олон улсын төв болох зорилтын хүрээнд хийж байгаа алхмуудын нэг аж.
BloombergTV.mn танд санал болгож байна
Түгжрэлээс үүдэлтэй алдагдсан боломжийн өртөг ₮2.7 их наяд болоод байна
“Их 20”-ийн бүлгийн гишүүдийн олонх нь ОХУ-ын Украинд хийж буй дайныг буруутгав
БНХАУ-д сүүлийн нэг хоногт COVID-19-ийн халдварын 23,276 тохиолдол бүртгэгдэв
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.