СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2022-11-17

Архивын шинэ сан хөмрөг бүрдүүлэх, цахим архивыг хөгжүүлэхэд онцгой анхаарах шаардлагатай

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
1 жилийн өмнө

“Шинэ сэргэлт-Цахим архив” сэдэвт архив, албан хэрэг хөтлөлтийн ажилтны анхдугаар чуулган Төрийн ордонд эхэллээ.

Чуулганд 30,000 орчим төр, хувийн хэвшлийн байгууллага, аж ахуйн нэгжийн 80,000 гаруй ажилтан, албан хаагч, архив, албан хэрэг хөтлөгчдийн төлөөлөл болох 500 гаруй хүн оролцож байна.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх чуулганыг нээж үг хэллээ. 

Архив бол “Түмэн үеийн түүхийн толь, төр түмний оршихуйн үндэс, улс үндэстний ой санамжийн цогцлол” байдаг.

Монгол төр, Монголын ард түмэн мянган дамжсан баялаг түүхтэй, зуун дамжсан зузаан баримттай билээ.

Монгол түмний түүх соёл, угсаа гарал, бичиг үсэг, зан заншил, ёс уламжлалын үнэт өв болсон архивынхаа сан хөмрөгийг чандлан хадгалж, судлан аривжуулж, сурталчлан таниулж, түгээн дэлгэрүүлэх нь Монгол төрийн эрхэм үүрэг мөн.
Их Монгол Улс, Эзэн Чингис хааны үеэс төрийн үйл хэргийг эрхлэн хөтлөх дэг журмыг сайтар тогтоож ирсэн бөгөөд төрийн бичиг баримтын сан хөмрөгийг үүсгэж, эмх цэгцтэй хадгалан хамгаалахын сацуу эх баримтыг засамжилж болохгүйгээр хуульчилан тогтоож,  архивын үйл хэргийг хөгжүүлж иржээ.

Түүнчлэн албан баримт бичгийн хэв маяг, хэлбэр загварыг боловсруулан, бичих цаасны хэмжээ, бэхний өнгийг тогтоосны зэрэгцээ, баримтыг дэвтэрлэн хадгалах аргыг ч журамлан үлдээсэн нь Монгол төрийн архивын соёл өнө эртнээс улбаатай болохыг илтгэж байдаг.

Монголчууд төрийн баримт бичиг, хууль цаазаа 800 шахам жилийн тэртээгээс “Хөх дэвтэр”-ээс эхлэн архивлан хадгалсан боловч зарим нь дайн самууны хөл, цагийн хатууд үрэгдэж, алдагдаж, зарим нь гадаад орны архив, номын санд шилжин хадгалагджээ.

1921 онд Ардын хувьсгал ялж, Ардын Засгийн газар байгуулагдсан цагаасаа Монголын ард түмний бүтээн байгуулсан түүх, соёлын өвийг хямгадан цуглуулж, хадгалан хамгаалж, сурталчилан дэлгэрүүлэх зорилгоор Судар бичгийн хүрээлэнг байгуулсан юм.
Уг хүрээлэнгийн нэг үүрэг нь засаг захиргааны нэгж, шашны байгууллагуудын үйл ажиллагааны явцад хуримтлагдсан данс харааны баримтыг төвлөрүүлж, улсын хамгаалалтад авах явдал байсан бөгөөд тус хүрээлэн нь төв, орон нутгаас хуучны данс харааны арвин их баримтыг сурвалжлан цуглуулж, нийслэл Улаанбаатар хотноо татан төвлөрүүлсээр 1927 оны 12 дугаар сарын 05-ны өдөр хуучин данс бичгийг эрхлэх нэг орон тоог бий болгосон нь орчин цагийн архивын албаны үүсэл хөгжил болжээ.

Тэгвэл өнгөрсөн нэгэн зууны хугацаанд манай улс архив, албан бичиг хөтлөлтийн эрх зүйн орчин, үндсэн тогтолцоог баттай бүрдүүлж, өдгөө хөгжлийнхөө цоо шинэ нэгэн үе болох “Цахим архив”-ын  эрин үед хүрч ирээд байна.

Энэ бол үе үеийн эрхэм хүндэт архивчид Та бүхний оюун ухаан, цуцашгүй хөдөлмөр, яндашгүй хичээл зүтгэлийн хүчээр төрийн ой санамж, үүх түүх үл алдагдан, хадгалагдан хамгаалагдаж, залгамжлан үргэлжилж буйн тод илрэл юм. Энэхүү анхдугаар чуулган нь улс орныхоо тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлын дархлаа болсон үүх түүх, үнэт зүйл, бичиг соёл, түүхэн баримтуудыг хадгалан хамгаалж, түгээн дэлгэрүүлж байдаг архивын албаны одоо болон цаашдын ажил хэргийн асуудал, хөгжил дэвшлийн талаар бүх талаас нь хэлэлцэн ярилцаж, амжилт ололт, алдаа оноогоо дүгнэн цэгнэж, цаашдын зорилт бодлогоо тодорхойлж, үйл хэргээ хөгжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэх болно.

Цаашид энэхүү чуулганыг дөрвөн жил тутамд уламжлал болгон зохион байгуулж байх нь төрийн ой санамж болсон архивын албаны хөгжил дэвшил, ажил үйлсэд тустай хэмээн үзэж байна.

Эрхэм хүндэт архивчид та бүхний эрхэмлэн дээдлэх үнэт зүйлийн нэг бол монгол хүний оюун ухаан, авьяас билгээр бүтсэн түүх соёлын биет болон биет бус өв, өвөг дээдсийн хөлс, цусаар бичигдсэн түүхэн баримтуудыг хадгалан хамгаалж, олон нийтэд сурталчлан таниулахын зэрэгцээ архивын баримтаар дамжуулан үндэсний эв нэгдэл, үнэт зүйлийг төлөвшүүлэхэд манлайлан оролцох явдал юм.
Үндэсний бичиг үсэг, түүх, соёлоо нүдний цөцгий, зүрхний толт мэт нандигнан дээдэлдэг, төрийн ой санамж болсон эрхэм хүндэт архивчид Та бүхний нэр хүндтэй бөгөөд нэн хариуцлагатай албанд өндөр амжилт хүсье гэсэн юм.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.