УИХ-ын чуулганы хуралдааны эхэнд Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар үг хэллээ.
ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар:
-Үндэсний зөвлөлийг тэргүүлж байгаа хүний хувьд гишүүдийн ширээн дээр мөнгө угаах терроризмыг санхүүжүүлэх, үй олноор хөнөөх зэвсэг илрүүлэх, санхүүжүүлэхтэй тэмцэх тогтолцоо, нөхцөл байдлын талаар танилцуулга тавьсан байгаа.
Өнгөрсөн наймдугаар сард Малайз улсын Куала-Лумпур хотод Монгол Улсын мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх, үй олноор хөнөөх зэвсэг илрүүлэх, санхүүжүүлэхтэй тэмцэх тогтолцооны тайланг Ази Номхон далайн бүсэд хамгаалсан. Бид ФАТФ-ын 40 зөвлөмжийн 39-ийг нь амжилттай хэрэгжүүлсэн гэдэг маш сайн үнэлгээг авсан. Манай улс 2020 онд Саарал жагсаалтаас гарсан. Одоо бид өргөтгөсөн хяналтад байгаа. Хэрэв манай улс өргөтгөсөн хяналтаас гарч ердийн улсын жагсаалтад оръё гэж бодвол ирэх оны нэгдүгээр сарын 31-ний өдрөөс өмнө зэрэглэл ахиулах хүсэлтээ Үндэсний зөвлөл ФАТФ-д хүргүүлэх хэрэгтэй. Нэг зөвлөмж нь ашгийн төлөө бус хуулийн этгээдийнхээ эрх зүйн зохицуулалт, тогтолцоог бий болгох шаардлагатай болсон. Бид хүсэлтээ тавьж, төрийн бус байгууллага, холбоо, сангийнхаа эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгож, ФАТФ-аас тавьсан 40 зөвлөмжийг биелүүлсэн гэдгээ баталж чадвал ердийн улсын жагсаалтад орно. Тиймээс би УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэнд хандаж, Баасан гаргийн чуулганы хуралдаанаар Холбоо, сангийн хуулийн анхны хэлэлцүүлгийг хийж өгөх хүсэлтийг тавих гэж байна.
Хоёрдугаарт, УИХ-ын дэд дарга С.Одонтуяа удаа дараа мэдэгдэл хийсэн. Монгол Улс хүний эрхийн зөрчилтэй байна. НҮБ-ын шинжээчид иргэнээ шүүхийн шийдвэргүйгээр баривчлах эрх зүйн тогтолцоо үйлчилж байна гэдэг үндэслэлгүй мэдээллийг хэвлэл мэдээллийн хэрэгслээр хийсэн. Үүнд маш их харамсаж байна. Эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх тухай хуульд шүүхийн хяналтаас гадуур хэн нэг хүнийг цагдан хорих тогтолцоо огт байхгүй. Гагцхүү гэмт хэрэг үйлдэж байхад нь газар дээр нь хойшлуулашгүй ажиллагааны журмаар баривчлах тохиолдол байдаг. Энэ тохиолдолд 24 цагийн дотор шүүхээс зөвшөөрөл авдаг. Тийм учраас УИХ-ын дэд дарга, Ардчилсан намын бүлгийн гишүүн С.Одонтуяаг Засгийн газарт энэ асуудлаар асуулга тавьж, чуулганы хуралдаанд мэдээлэл сонсох хүсэлтийг гаргаж байна. Бид олон улсад хүний эрхийн асуудлаар ахиц дэвшил гаргаж байгаа. Баривчлах 72 цагийг 48 цаг болгож өөрчилсөн. Хойшлуулашгүй баривчилгаагаар 24 цагийн хугацаанд баривчилсан тохиолдол шүүхээс нөхөж зөвшөөрөл авна, аваагүй тохиолдолд нэн даруй тавьж суллах хууль үйлчилж байгаа. Олон нийтэд ташаа мэдээлэл өгч байна гэлээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Nyambaatar uuruu tashaa medeelel sanaataigaar taraaj bna.