Гурван өгүүлбэрээр:
Москва хотод болж өнгөрсөн Монгол, Оросын хамтын ажиллагааны Засгийн газар хоорондын комиссын ээлжит хуралдаанаар хэд хэдэн чухал асуудал хэлэлцжээ. ОХУ-аас Монголоор дамжин БНХАУ-д хүрэх Gazprom-ийн хийн хоолойн загварыг 2023 онд боловсруулж дуусах тов гарсныг ТАСС агентлаг мэдээлсэн байна. Мөн Монгол улсад нийлүүлэх цахилгаан эрчим хүчний хэмжээг нэмэгдүүлэх, эрчим хүчний сэлбэг, материалыг хилээр нэвтрүүлэхэд дэмжлэг үзүүлэх талаар ОХУ-ын талаас Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэнд хүсэлт тавьжээ. Монгол улс цахилгаан эрчим хүчнийхээ 20 орчим хувийг хойд хөршөөс импортолж байгаа төдийгүй ОТ төслийн хувьд эрчим хүчээ БНХАУ-аас авч байгаа юм.
"Сүүлийн хэд хоногт бид Хятадын талаар гурван сайхан мэдээ сонсоод байгаа. Нэгдүгээрт БНХАУ Covid-19-ийг үл тэвчих бодлогоо санасныг бодоход арай хурдан сулруулж эхэлсэн. Хоёрдугаарт, Хятад улс үл хөдлөхийн салбараа дэмжихээр болсон явдал. Энэ нь Монгол улсад ялангуяа илүү чухал байх болов уу. Учир нь тус улсын үл хөдлөхийн салбар нь түүхий эд материалын эрэлт өсөхөд голлох нөлөө үзүүлнэ. Гуравдугаарт БНХАУ-ын Ерөнхийлөгч Ши Жиньпин болон АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден нарын “Их 20”-ийн уулзалтыг угтсан уулзалт төсөөлж байснаас илүү үр дүнтэй болсон гэж харж байна. Тэгэхээр энэ бол АНУ болон Хятадын харилцааны талаарх эерэг мэдээ. Энэ бүгдийг нэгтгээд хэлэхэд 2023 онд бид Хятадын эдийн засгийн өсөлтийн талаар харьцангуй өндөр хүлээлттэй байж болох юм" хэмээн "Bloomberg Economics"-ийн ахлах эдийн засагч Том Орлик "Bloomberg New Economy Forum"-ийн үеэр онцоллоо
Торонтогийн хөрөнгийн биржид бүртгэлтэй "Kincora copper" компани III улиралд 395 мянган канад долларын алдагдалтай ажилласан байна. Алдагдал нь өмнөх оны мөн үеэс 9 орчим хувиар буурсан боловч оны эхний 9 сарын байдлаар харвал 1.5 сая гаруй канад долларт хүрчээ. Гэхдээ компанийн ерөнхий болон үйл ажиллагааны зардлууд, буурснаар алдагдал нь огцом буурсан байна. Тайлант хугацаанд тус компани Монгол болон Австрали дахь төслүүдийн хайгуулын ажилд төвлөрч, нөөцийн хэмжээг тогтооход анхаарч ажиллажээ.
Австралийн хөрөнгийн биржид бүртгэлтэй "Parabellum Resources" компани Өмнөговь аймаг дахь "Хотгор" газрын ховор элементийн төслийн хүрээнд X сард хийсэн өрөмдлөгийн ажил нь амжилттай дууссаныг мэдээллээ. Компани 2023 оны I улиралд багтаан ордын нөөц хэмжээг шинэчлэн тогтоохоор ажиллаж байгаа юм. Үүний зэрэгцээ "Хотгор" төслийн 80 хувийг эзэмшдэг "Temarise” компанийн 30 хувийг "Parabellum Resources” худалдан авахаар хэлцэл хийж байгаа билээ. Дэлхийн хэмжээнд газрын ховор элементийн зах зээл 2021-2026 оны хооронд жилд дунджаар 12 хувиар өсөх төлөвтэй байна.
Монголын хэрэглэгчдийн хувьд цахилгаан автомашинд нээлттэй, эергээр ханддаг боловч багагүй мөнгө гаргаж байгаа гэдэг утгаараа айдастай байдаг байна. Жишээлбэл нэг ус туулаад эвдэрчих вий, гэнэт зогсчих вий гэх мэтээр болгоомжилдог аж. Цахилгаан автомашиныг хэмнэлтийн талаас биш хувь хүний имиж талаас илүү сонирхох хандлага ч байгаа. Ялангуяа бизнесменүүд, худалдан авах чадвар бүхий иргэдийн хувьд. Гэхдээ та цахилгаан автомашиныг унаж эхэлсэн цаг мөчөөсөө хэмнэлтийг мэдэрч эхэлнэ хэмээн "AutoART Mongolia" компанийн үүсгэн байгуулагч П.Наранбаяр өгүүлж байна. Өөрөөр хэлбэл 500 мянган төгрөгөөр банкаа дүүргэдэг хүн "EV" унаснаар энэ зардлаа 6 мянган төгрөг болгож бууруулах аж. Линкээр орж, сурвалжилгыг дэлгэрэнгүй үзээрэй.
Монголбанкнаас гаргасан 2022 оны IX сарын “Мөнгө санхүүгийн статистик”-аас үзвэл автомашины зээл 3.3 тэрбум төгрөгөөр буурсан нь арилжааны банкнууд энэ төрлийн зээлээ хязгаарласантай холбоотой гэж харж болохоор байна. Иргэдийн дийлэнх нь зээлээр автомашин худалдан авдаг бөгөөд үүссэн сул орон зайг ББСБ-ууд нөхөж байна гэж “Монголын Автомашины Дистрибьюторуудын Ассоциаци” ТББ мэдээлж буй. Суудлын автомашины импортын дүн 2022 оны эхний 10 сарын байдлаар нийт 481.6 мянган ам.доллар буюу 1.6 их наяд төгрөг даваад байна. Өөрөөр хэлбэл автозамын түгжрэлийг бууруулах нийслэлийн энэ оны төсвөөс бараг 4 дахин их мөнгөөр “түгжрэл” импортолжээ.
Польшийн хил орчмын бүсэд хоёр хүний аминд хүрсэн дэлбэрэлт нь ОХУ-ын санаатай халдлага биш, харин Украины агаарын довтолгооноос хамгаалах системтэй холбоотой "азгүй осол" байх магадлалтайг тус улсын Ерөнхийлөгч мэдэгдлээ. Түүнчлэн АНУ болон NATO-ийн зүгээс энэ дүгнэлттэй санал нэгджээ. Тодруулбал ОХУ-ын далавчит пуужинг угтуулан харвасан Украины пуужин чиглэлээсээ хазайсны улмаас Польшийн нутаг дэвсгэрт туссан байж болохыг NATO-ийн Ерөнхий нарийн бичгийн дарга Иенс Столтенберг өгүүлсэн байна.
Их Британийн Ерөнхий сайд Риши Сунак хоёр оронтой тоонд хүрээд буй инфляцыг улам гаарахаас сэргийлэх алхам болгож бизнес эрхлэгчдийг ажилтнууддаа урамшуулалт цалин хэт их хэмжээнд олгохгүй байхыг уриаллаа. Мөн тэрбээр Их Британийн Үндэсний эрүүл мэндийн албаны эмч, сувилагч нарын цалинг инфляцын өсөлттэй харьцуулахад доогуур тогтоосон шийдвэрийг зөвтгөж, цалингаа 17 хувиар нэмэгдүүлэх шаардлагыг нь биелүүлэх санхүүгийн боломж байхгүйг мэдэгдсэн байна. "Улс орныхоо төлөөх алхмыг одоо авахгүй бол жилийн дараа ч бид инфляцын асуудлыг ярьсан хэвээр байх болно” хэмээн тэрбээр өгүүлжээ.
“Toyota Motor” компани 25 жилийн өмнө өнөөгийн цахилгаан автомашинуудын технологийн суурийг тавьж байсан хосолмол хөдөлгүүрт “Prius” автомашиныхаа хамгийн сүүлийн үеийн загварыг танилцууллаа. Тавдугаар үеийн “Prius” автомашин нь дизайны хувьд илүү спорт хэв маягтай, арал нь намссан боловч дугуй нь томорсон гэдгээрээ өмнөх загваруудаас онцлог аж. Мөн тус бүрдээ 198 морины хүч бүхий 1.8 литр болон 2.0 литрийн багтаамжтай хосолмол хөдөлгүүртэй хоёр хувилбараар гарах юм байна. Шинэ “Prius” энэ өвлөөс эхлэн худалдаанд гаргах бөгөөд үнийн мэдээллийг хараахан ил болгоогүй ч “Хүн бүрд боломжийн үнэтэй” байхыг компани онцолжээ. “Энэ бол цөөхөн хүмүүс биш хүн бүр жолоодоход зориулагдсан автомашин. Чухам үүнд л “Prius”-ийн хүч чадал, оршин тогтнох утга учир оршдог" хэмээн “Toyota Motor”-ийн Дизайн хариуцсан ерөнхий менежер өгүүлжээ.
Болгар, Хорват, Румын улсууд Европын холбооны визгүй зорчих бүс буюу Шенгений бүсэд нэгдэх шаардлагуудыг хангасан тул цаашид хугацаа алдалгүйгээр эдгээр гурван орныг бүсийн нэг хэсэг болоход зөвшөөрөл олгохыг Европын Комисс бусад гишүүн орнуудад уриаллаа. Цар тахлын үед, мөн Украины дайны нөлөөлөлтэй тулгарсан цаг үед эдгээр орнууд Шенгений бүсийн тогтвортой үйл ажиллагаанд томоохон хувь нэмэр оруулсан тул бүрэн эрхэт гишүүн болгох ёстой гэж Европын комисс мэдэгдэлдээ дурджээ. 12-р сарын 8-нд ЕХ-ны орнуудын Хууль зүйн сайд нар санал хурааснаар эцсийн шийдвэр гарах товтой байна.
BloombergTV.mn танд санал болгож байна
Орон сууцны барилгын өртөг III улиралд өмнөх оны мөн үеэс 28.6 хувиар өсөв
Зүүн Европын улсуудын эдийн засгийн өсөлт III улиралд улам саарав
БНХАУ-д орон сууцны үнэ X сард сүүлийн 7 жилийн хамгийн өндөр дүнгээр буурлаа
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.