СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Эрүүл мэнд | 2022-11-17

Бага насны хүүхэд болон ахмадууд эмэнд 90-350 мянган төгрөг зарцуулж байна

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
2 жилийн өмнө

Ханиад томууны улирал эхэлж аав ээжүүд цалингийнхаа талыг хүүхдийн ханиадны эм, эмнэлгийн төлбөрт өгч байна гэж халаглан ярих болсон. Харин ахмадуудын хувьд тэтгэврийн мөнгө нь сард хэрэглэх эмээ аваад л дуусдаг байна. Тэгвэл эмийн үнэ өмнөх жилээс хэрхэн өссөн болон хэдэн төгрөг зарцуулж байгаа талаар сурвалжиллаа. 

Ханиад хүрсэн хүүхдэд ихэвчлэн anaferon, sinobax, парацетмолыг бичиж өгдөг. Тэгвэл энэ эмүүд эмийн сангуудад ийм үнэтэй байна.

Нэг хүүхэдтэй айл дээрх эмүүдийг худалдаж авахад 90 гаруй мянган төгрөг зарцуулж байгаа бол бага насны 2-3 хүүхэдтэй хүмүүсийн хувьд 200 мянган төгрөг зарцуулж байгаа юм. Гэхдээ зөвхөн энэ эмүүдийг аваад зогсохгүй халуун бууруулах лаа, дархлаа дэмжих витамин, утлагын аппарат, утахдаа ашиглах бодисыг нэмж авдаг.

Энэ талаар ээжүүдийн төлөөлөл Ү.Эрдэнэсувд “Миний хувьд бага насны хоёр хүүхэдтэй. Өнгөрсөн есдүгээр сараас хойш ханиад тасарсангүй. Хоёр сарын хугацаанд бараг 500 гаруй мянган төгрөгийг ханиадны эмэнд зарцуулсан. Өрхийн эмнэлэгт үзүүлээд үр дүн муутай байгаа юм шиг санагдсан учир хувийн эмнэлэгт үзүүлдэг. Нэг удаагийн эмчийн үзлэг дунджаар 50 мянган төгрөг. Хоёр хүүхэд үзүүлэхэд 100 мянган төгрөг болдог. Ингээд эм худалдан авахад багадаа л 130 мянга болдог” гэв.

Бага насны хүүхдүүдтэй бүх айлд дээрх дүр зураг бий. Харин дараагийн эмийн үнийн хөөрөгдөлтөд өртөж буй хүмүүс бол ахмад настнууд юм. Тэдний хувьд ихэвчлэн 500 мянган төгрөгийн тэтгэвэр авдаг. Гэвч түүнийхээ ихэнх хэсгийг эм худалдан авахад зарцуулдаг.

ХӨНГӨЛӨЛТТЭЙ ЭМ ОЛГОХОО БАЙЖЭЭ

Ахмадуудын хувьд цөс, даралт, зүрх, ходоод, цус шингэлдэг эмийг сар бүр тогтмол уудаг. 2022 онд ЭМД-ын сангаас 141 ерөнхий нэршлийн 541 эмэнд 30-70 хувийн хөнгөлөлт үзүүлэхээр болжээ.

Тэгвэл энэ оны долдугаар сарын 4-нд дахин шинэчилсэн байна. Ингэхдээ зарим эм хөнгөлөлтөөс хасагдсан бол зарим эмийг үнэгүй олгодог болсон. Тодруулбал, хорт хавдартай хүмүүст зориулсан эмүүд үнэгүй болсон аж.

Ахмад настан Б.Алтанцэцэг “Миний хувьд сард 500 мянган төгрөгийн тэтгэвэр авдаг. Үүнээсээ 350 мянган төгрөгийг сар бүр тогтмол эмэнд зарцуулдаг. Коронавирусын халдвар гарснаас хойш эмийг талх шиг л хэрэглэж байна. Би аксефорж, урсафалк, рибоксин, конкор, зинт 75, аторис, панангин, пантироз, домпредионуудыг сар бүр тогтмол уудаг. Дээрээс нь витамин С, Д хэрэглэх болсон. Дээрх эмүүдийг авахад 350 орчим  мянган төгрөг болдог. Уг нь зарим эмийг хөнгөлдөг байсан ч одоо хөнгөлөлттэй үнээр олгохгүй байна” гэв.

Энэ талаар хөнгөлөлттэй эм олгодог Азифарм, ENTO, Монос эмийн сангаас асуухад зарим хөнгөлөлттэй эмийн хувьд тасрах, дуусах тохиолдол их байдаг. Тиймээс ахмадууд хөнгөлөлттэй эм олгодоггүй эмийн сангаас худалдан авдаг гэж байв.

Хөнгөлөлттэй эмтэй холбоотой асуудлыг хариуцдаг ганц салбар бол ЭМДЕГ. Тэгвэл ЭМДЕГ-ын Тусламж үйлчилгээний багц зохицуулалтын газрын дарга Б.Баярболд “2022 онд хөнгөлөлттэй эмийн жагсаалтад 159 ерөнхий нэршлийн 590 худалдааны нэршлийн эмийг олгохоор болсон. Хөнгөлөлтийг 30-70 хувиар олгож байгаа. Монгол Улсад зонхилон тохиолддог амбулаторийн үзлэг шинжилгээний үед уудаг эмүүдийг хөнгөлсөн. Зүрх судас, хорт хавдар, чихрийн шижингийн эм багтсан” гэлээ.

Тэгвэл эмийн үнэ болон сав баглаа боодол, хугацаанд ямар хяналт тавьж байгаа болон үнэ яагаад нэг жилийн дотор 20-30 хувиар өссөн талаар Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газрын хэвлэлийн төлөөлөгч Ч.Очирмаагаас тодрууллаа.

Тэрбээр “Эмийн үнийн өсөлтийн хувьд Орос, Украины мөргөлдөөнтэй холбоотойгоор сүүлийн жилүүдэд өссөн. Тухайлбал, Европоос шууд ирдэг эм өөр газраар дамжин ирж байгаа учраас үнэ нь хоёр дахин нэмэгдсэн. Мөн орж ирж буй эмүүдийн хувьд гааль, НӨАТ, тээвэр, даатгал, ханган нийлүүлэлт, байгууллагын үйл ажиллагааны зардал, эмийн сангийн зардал нэмэгдэн хэрэглэгчдийн гар дээр очдог. Үнэ нэмэгдэхэд нөлөөлж буй гол зүйл бол экспортын хориг, хилийн хязгаарлалт, нөөцийн хомсдол, ариутгал, халдваргүйжүүлэлт үнэ нэмэх гол шалтгаан болж байна. Манай байгууллагаас эмийн хугацаа, сав баглаа боодолд тогтмол шалгалт хийж байгаа”  гэсэн юм.

Манай улсын хувьд эмийн 80 хувийг импортоор авдаг. Гэвч дээрх байр сууриудаас харахад эмийн үнэд хяналт тавьдаг газар байдаггүй гэсэн дүгнэлтэд хүрсэн юм. Эм бол үндэсний аюулгүй байдлын нэг хэсэг. Гэвч энэ чухал салбараа бид яагаад зөнд нь хаяв. Эм, хүнс хоёртоо дархлаа тогтоохгүй бол энэ салбарууд хяналтаа нэгэнт алджээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2022 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН 17. ПҮРЭВ ГАРАГ. № 224 (6956)

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.