Гурван өгүүлбэрээр:
Сүүлийн гурван сар дараалан саарч байсан инфляцын түвшин аравдугаар сард 14.5 хувь болж, үнийн өсөлт эргэн эрчимжлээ. Есдүгээр сард энэ үзүүлэлт 13.8 хувь байснаас үзвэл инфляц хэлбэлзэлтэй бус харин өндөр түвшинд тогтвортой байна гэж дүгнэхээр байна. Аравдугаар сард согтууруулах бус ундааны дэд бүлгийн үнэ өмнөх оны мөн үетэй харьцуулахад 24.9 хувь, эм тариа, эмнэлгийн үйлчилгээний бүлгийн үнэ дүнгээрээ 20.6 хувь өссөн нь хамгийн эрчтэй өсөлт болжээ. АНУ-ын төв банкны хувьд эдийн засгийн өсөлтөд сөргөөр нөлөөлөх эрсдэлээс сэргийлэн мөнгөний хатуу бодлогоо сааруулах дохиог өгч эхлээд байгаа бол Монгол Улсын хувьд инфляц эргэн эрчимжсэнээр бодлогын хүүгээ өндөр дүнгээр өсгөх хүлээлт нэмэгдэж байна.
"Turquoise Hill Resources" компанийн III улирлын санхүүгийн үзүүлэлтүүд шинжээчдийн таамагт хүрсэнгүй. Тус компанийн орлого тайланд хугацаанд 391.1 сая ам.доллар болж, өмнөх оны мөн үеэс 40.9 хувиар буурсан бол цэвэр ашиг нь 26.5 хувиар буурч, 40 сая ам.доллар болсон байна. Компанийн санхүүгийн үйл ажиллагааг нь илтгэх гол төсөл болох Оюу Толгойд олборлосон хүдэрт агуулагдах эрдсийн хэмжээ буурсныг дагаад баяжмал дахь зэсийн үйлдвэрлэл 13.4 хувиар, алтных 67.2 хувиар буурсан нь орлогын хэмжээнд сөргөөр нөлөөлжээ. Түүнчлэн тайлант хугацаанд зэсийн үнэ өмнөх оны мөн үетэй харьцуулахад 17.4 хувь, алтны үнэ 3.4 хувь буурсан нь мөн нөлөөлсөн байна. TRQ-ийн үлдсэн хувийг худалдан авах "Rio Tinto"-ийн 3.3 тэрбум ам.долларын саналыг хэлэлцэн шийдэх хувьцаа эзэмшигчдийн хурал 11-р сарын 15-нд болно. Хурлаар хэлцэл дэмжигдвэл компанийн бүртгэлийг биржээс хасуулж, хаалттай компани болох үйл явц эхэлнэ гэж тайландаа дурдсан байна.
Бизнесүүдийн лидерүүд, улс төрийн нөлөө бүхий эрхмүүдийг нэгтгэсэн "Bloomberg New Economy Forum" Сингапур улсад болж байна. Тус форумаар шинэ эдийн засагт тулгамдаж байгаа гурван үндсэн сорилтыг томъёолж, шийдлийг ярилцах юм. Нэгдүгээрт дэлхий дахины хоол хүнс, эрчим хүчний өртөг болон түүнтэй холбоотой хөгжиж буй орнуудын эдийн засагт ирэх дарамт орж байна. Харин хоёрдугаарт Хятад, АНУ хоорондын хурцадмал байдал, түүний бүс нутагт үзүүлэх нөлөөг авч үзэж байгаа бол гуравдугаарт ногоон хөрөнгө оруулалтын ирээдүйн тодорхойгүй байдлыг нэрлэж байна. Bloomberg TV Mongolia-ийн сурвалжлах баг энэхүү форумыг Сингапураас сурвалжлан, гол мэдээллийг өдөр бүр хүргэх болно.
Ардчилсан намын бүлгийн хурлаар Засгийн газарт нүүрсний асуудалтай холбоотой долоон зүйл заалт бүхий шаардлага хүргүүллээ. Үүнд нүүрсний гэрээнүүд, тээвэрлэлттэй холбоотой чухал албан тушаалтнуудын мэдээлэл, тэдний улс төрийн хамаарал, хөрөнгө оруулалтын мэдээллийг ил болгохыг шаарджээ. Мөн жилийн өмнө яригдаж байсан хоёроос гурван сая тонн нүүрсний асуудлыг хэрхэн шийдвэрлэсэн тухай Монгол улсын Ерөнхий сайд мэдээлэл боловсруулж, чуулганы нэгдсэн танхимд хэлэлцүүлэх шаардлагыг хүргүүлж байгааг АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл мэдээлсэн юм.
Залилах гэмт хэргийн 88.2 хувь нь буюу 8056 гэмт хэрэг цахим орчныг ашиглан үйлдэгдсэнийг Цагдаагийн ерөнхий газар мэдээллээ. Оны эхний 10 сарын байдлаар 10 мянга гаруй залилах гэмт хэрэг бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеэс 97.3 хувиар өссөн үзүүлэлт болж байна. Залилах гэмт хэрэгт хохирсон иргэдийн дийлэнх нь санхүү, цахим хэрэглээний мэдлэг сул, гэнэн итгэмтгийгээс болж гэмт этгээдэд мөнгө шилжүүлж, хохирсноос гадна тэдний дийлэнх нь 35-аас дээш насныхан байгааг албаныхан онцоллоо. Ташрамд дурдахад, Монгол Улсад интернэт хэрэглэгчийн тоо 3.2 сая хүрснээс “Facebook” хэрэглэгчийн тоо давхардсан тоогоор 2.8 сая болоод байгаа юм.
Дэлхийн хэмжээнд нүүрсний төслүүдэд оруулсан хөрөнгө оруулалтынхаа хэмжээгээр БНХАУ-ын банкнууд тэргүүлж байгааг “Bloomberg Intelligence”-ийн судалгаа харууллаа. Нүүрсэнд оруулсан хөрөнгө оруулалтын хэмжээгээр нь жагсаавал эхний 13 байрт БНХАУ-ын банкнууд бичигдэж байна. 2016 онд дэлхийн хэмжээнд нүүрсний төслүүдэд оруулсан хөрөнгө оруулалтын 82 хувийг БНХАУ дангаараа бүрдүүлж байсан бол 2021 онд 92 хувь болж өсжээ. Мөн энэ хугацаанд нүүрсний салбарт нийт 94 тэрбум ам.долларын санхүүжилт хийсэн нь бусад улсын оруулсан хөрөнгө оруулалтаас 3.3 дахин өндөр дүн юм. Харин бусад улсын нүүрсний салбарт оруулсан хөрөнгийн хэмжээ 55 хувиар буурч, 1.4 тэрбум ам.доллар болсон нь сүүлийн зургаан жилийн доод түвшинд тооцогдож байна
Индонезийн Бали аралд болж буй "Их 20"-ийн бүлгийн орнуудын чуулга уулзалтын үеэр АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден, БНХАУ-ын Ерөнхийлөгч Ши Жиньпин нар гурван цаг гаруйн турш уулзаж ярилцжээ. Дэлхийн хамгийн том эдийн засагтай хоёр улсын удирдагчид цар тахал эхэлснээс хойш анх удаа биечлэн уулзсан нь энэ бөгөөд Ши, Байден нар талууд хоорондын харилцааг ойртуулах хэд хэдэн санаачилга дээр санал нэгдэж, уур амьсгалын өөрчлөлт, дэлхийн эдийн засгийн хүрээн дэх яриа хэлэлцээгээ үргэлжлүүлэхээр тохиролцжээ. "Дэлхий даяар хүний эрхийг дэмжих, олон улсын дэг журмын төлөө бат зогсох, холбоотон, түнш орнуудтайгаа хамтран ажиллах асуудлаар тэр ч шулуухан, би ч шулуухан ярилцсан. Бид хүчтэй өрсөлдөх болно. Гэхдээ сөргөлдөөнийг эрэлхийлээгүй" хэмээн уулзалтын дараа Жо Байден өгүүлсэн байна.
АНУ-ын эдийн засгийн одоогийн нөхцөл байдалд 1920-иод оны огцом өсөлтийн үетэй ижил талууд ажиглагдаж байгаа бөгөөд хэрэв Холбооны Нөөцийн банк дефляцын эрсдэлийг үл харгалзан мөнгөний бодлогоо чангаруулсаар байвал 1930-аад оны “Их хямрал” дахин давтагдаж болзошгүйг “Ark Investment Management” хөрөнгө оруулалтын фирмийн Гүйцэтгэх захирал Кэти Вуд анхаарууллаа. Дэлхийн I дайн болон “Испани томуу” цар тахалтай холбоотой нийлүүлэлтийн сүлжээний доголдол 1920 онд АНУ-ын инфляцын түвшнийг 20-иос дээш хувьд хүргэсэн ч дараа жилд нь огцом буурч байсан түүхийг тэрбээр онцолжээ. Холбооны Нөөцийн банк тухайн үед бодлогын хүүгээ бууруулснаар “Roaring Twenties” хэмээх эдийн засгийн хурдацтай өсөлтийн эрин эхэлж байсан юм. Харин 10-аад жилийн дараа хөрөнгийн зах зээлд спекуляторуудын эрсдэлтэй арилжаа нэмэгдсэнтэй зэрэгцэн Төв банк бодлогын хүүгээ өсгөснөөр зах зээлийн уналт бий болж, улмаар “Их хямрал” нүүрлэж байв.
“Amazon” компани илүү авсаархан, дуу чимээ багатай, шиврээ бороотой үед нисэх боломжтой хүргэлтийн шинэ дроны загвараа танилцууллаа. “MK30” хэмээн нэрлэсэн шинэ загварын дроныг 2024 онд үйлчилгээнд гаргахаар төлөвлөсөн бөгөөд тэр үедээ одоогийн “MK27-2” загварыг орлох аж. Шинэ загвар нь илүү хол зай туулдаг, цаг агаарын нөхцөл хамаарахгүй ашиглах боломжтой, аюулгүй байдлын шинэ функцүүдээр тоноглогдсон болохыг тус компани мэдээлжээ. Гэхдээ АНУ-ын Холбооны агаарын тээврийн удирдах газраас худалдааны зорилгоор дроны хүргэлт хийхийг албан ёсоор зөвшөөрөх хүртэл дахиад хэдэн жилийн хугацаа шаардагдахаар байна.
BloombergTV.mn танд санал болгож байна
ASEAN-ийн уулзалтын дараа АНУ, ОХУ-ын төлөөлөгчид хамтарсан мэдэгдэл хийсэнгүй
Канадын нэн чухал ашигт малтмалын 27 компанид БНХАУ-ын компаниуд хувьцаа эзэмшиж байна
“Alibaba” компани “Singles’ Day”-ийн борлуулалтаа анх удаа олон нийтэд зарласангүй
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.