Монголд экстремист үйл ажиллагаа явуулахаар бэлтгэж байсан хэрэгт холбогдсон Г.Болдбаатар, М.Чинтэнгэр, М.Өнөржаргал, Г.Нэргүй, С.Баатар нарын гэм буруутай, эсэхийг Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх өчигдөр хэлэлцлээ.
Экстремист үйл ажиллагаа явуулахаар багагүй хугацаанд бэлтгэж, төлөвлөж байсан хүмүүсийг Тагнуулын ерөнхий газрынхан өнгөрсөн хавар илрүүлснээ мэдээлж их хэмжээний буу, сум дэлгэн хэвлэлийн бага хурал хийснийг уншигчид санаж буй. Хэрэгт холбогдогчдын орон гэр, тээврийн хэрэгсэл, ажлын байранд хийсэн нэгжлэгээр зэвсэглэн улсын онц чухал объектуудыг хяналтад авахаар төлөвлөсөн гар бичмэл, хууль бусаар олж авсан галт зэвсэг, байлдааны болон бусад зориулалттай галт хэрэгсэл, зэвсгийн чанартай эд зүйлийг илрүүлж нотлох баримт болгон хурааж авсан байдаг.
Тодруулбал, үзлэг нэгжлэгийн явцад 12 буу, 861 сум болон тэсэрч дэлбэрэх хэрэгсэл хурааснаа дэлгэн танилцуулсан билээ. Түүгээр ч зогсохгүй нэр бүхий улстөрч, төрийн албан хаагчийн аминд халдахаар төлөвлөж байсан нь мөрдөн шалгах ажиллагааны явцад тодорхой болсон гэсэн мэдээлэл өгсөн.
НПГ-аас Г.Болдбаатар, М.Өнөржаргал, Г.Нэргүй, М.Чинтэнгэр, С.Баатар нарт Эрүүгийн хуулийн 19.8-1 дэх хэсгийн “Үндсэн хуульт тогтолцоо, төрийн байгууламжийг хууль бусаар, хүч хэрэглэн өөрчлөх, устгах зорилгоор улс төр, шашны үйл ажиллагаа явуулсан, энэхүү үйл ажиллагаа явуулахаар тодорхой бүлэг байгуулсан, бусдыг элсүүлсэн”, 20.4-1-ийн “Байлдааны, хууль сахиулах зориулалттай галт зэвсэг, галт хэрэгсэл, тэсэрч дэлбэрэх бодис, дэлбэлэгч төхөөрөмжийг хууль бусаар олж авсан, тээвэрлэсэн, хадгалсан”, Г.Болдбаатарт дээрх хоёроос гадна бусдын амийг хөнөөхийг завдсан хэмээн мөн хуулийн 10.1-1 дэх хэсэгт заасан үндэслэлээр яллах дүгнэлт үйлдсэн юм. Г.Болдбаатар нь 2022 оны хоёрдугаар сарын 19-нд Хан-Уул дүүргийн нутагт иргэн Л-ийг буудаж шархдуулсан байдаг. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Б.Батболор, шүүгч И.Ганбат, Х.Одбаяр, НПГ-ын хяналтын прокурорууд, шүүгдэгчдийн өмгөөлөгч нар, ШШҮХ-гийн шинжээч нарыг оролцуулан хаалттай хэлэлцсэн хурал өчигдөр 09.00 цагт эхэлж, 18.30 цагийн үед тогтоолоо гаргалаа. Тухайлбал, С.Баатарыг байлдааны галт зэвсэг хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэх үндэслэл байхгүй хэмээн дүгнэж цагаатгажээ.
Харин М.Өнөржаргалыг Эрүүгийн хуулийн 20.4-1 дэх хэсэгт заасан “байлдааны гал зэвсэг хууль бусаар хадгалсан” гэм буруутайд тооцож, нэг жил зургаан сарын хугацаанд Говь-Алтай аймгийн нутаг дэвсгэрээс, М.Чинтэнгэрийг экстремист үйл ажиллагаа явуулахаар бэлтгэсэн гэм буруутай гэж дүгнэн Хан-Уул дүүргийн нутгаас хоёр жилийн хугацаанд гарахгүй байх зорчих эрхийг хязгаарлах ял тус тус оноосон байна.
Шүүгдэгч Г.Нэргүйг экстремист үйл ажиллагаа явуулахаар бэлтгэсэн гэм буруутай үйлдэлд нь гурав, байлдааны галт зэвсэг хадгалсан хэрэгт нь хоёр жил хорих ял шийтгэж биечлэн эдлэх ялыг таван жил байхаар тогтоожээ. Г.Болдбаатарыг экстремист үйл ажиллагаа явуулахаар бэлтгэсэн үйлдэлд нь гурав, хүний амь хөнөөхийг завдсан хэрэгт нь зургаан жил хорих ял оноож, хаалттай хорих ангид нийт есөн жил ял эдлүүлэх тогтоол гаргасан юм.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Оцогнодог Баасанцогт яасан бэ?