Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. Шуурхайг Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Сандагсүрэн удирдан явуулав.
Хотын дарга өмнөх шуурхай зөвлөгөөнөөр 27 чиглэлээр үүрэг, даалгавар өгснөөс хэрэгжилт 76 хувьтай байжээ. Тухайлбал, өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангаж, бодис, давсны нөөцийг сайтар бүрдүүлэхийг үүрэг болгосон. Тэгвэл өвөлжилтийн бэлтгэл 99 хувьтай, замын цас, мөс цэвэрлэгээний ажлыг бүрэн хийж дуусжээ. Давсны 2808 тонн, бодисын 2030 тонн нөөц байна.
Мөн сайжруулсан шахмал түлш тээвэрлэх, борлуулах, нөөцлөх үйл ажиллагаанд хяналт шалгалтыг эрчимжүүлэх үүрэг өгсөн. Өнөөдрийн байдлаар 643 цэгээр сайжруулсан түлш борлуулж, 116 мянган тонн нөөцтэй байна.
Нийтийн эзэмшлийн гудамж, авто зам, орон сууц, гэр хорооллын дундах авто зам, аж ахуй нэгж байгууллагуудын ойр орчмын 50 метр хүртэлх талбайн цас, хог хаягдлыг цэвэрлэх үйл ажиллагаанд тавих хяналтыг эрчимжүүлэх үүрэг өгсөн. Энэ хүрээнд нийслэлийн нутаг дэвсгэрт худалдаа, үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа эрхлэгч 8758 аж ахуйн нэгж, байгууллага гаднах орчны 50 метрийн зам талбайн цэвэрлэгээг хийж, нийт 408,644 ам метр талбайд цас, мөсний цэвэрлэгээ хийжээ.
Түүнчлэн Улаанбаатар хотын Бага тойрууд зургаан давхраас дээш барилга, байгууламж бариулахгүй, зөвшөөрөл олгохгүй байх захирамжийн төслийг тооцоо, судалгаатай нь боловсруулан танилцуулах үүрэг өгсөн юм. Энэ дагуу барилга байгууламж барих зориулалтаар архитектур төлөвлөлтийн даалгавар, загвар зураг батлахгүй байхаар 85 га талбайд барилгажилтын судалгаа хийжээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.