СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Эдийн засаг | 2022-11-14

Bloomberg TV гурван өгүүлбэрээр: Төгрөгийн доройтол...

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
2 жилийн өмнө

Гурван өгүүлбэрээр:

  1. Тэвчиж болох зардлыг танах замаар төсвийн зардлыг 176.9 тэрбум төгрөгөөр бууруулсан ч 2023 оны төсвийн нийт алдагдал өндөр хэвээр батлагдав.
  2. Гүйлгээнд буй төгрөгийн дэвсгэртийн тоо Монгол улстай ойролцоо түвшний хөгжиж буй орнуудынхтай харьцуулахад 9 дахин их байна.
  3. БНСУ-ын боловсролын систем эдийн засгийн амжилтынх нь гол хөдөлгүүр гэгддэг ч сүүлийн үед шүүмжлэлд өртөх нь нэмэгдэв.

Төсөв 2023

2023 онд Монгол Улсын төсөвт төвлөрүүлэх тэнцвэржүүлсэн орлого 13.9 их наяд төгрөг  байх бол төсвийн зарлагын хэмжээ 15.5 их наяд төгрөг (ДНБ-ий 37.6 хувь) байхаар баталлаа. Харин төсвийн алдагдлыг нэг их наяд 425.7 тэрбум төгрөг буюу дотоодын нийт бүтээгдэхүүний 2.6 хувьтай тэнцүү байхаар тооцсон байна. УИХ-ын даргын мэдээлснээр тэвчиж болох зардлыг танах замаар төсвийн зардлыг 176.9 тэрбум төгрөгөөр бууруулсан. Улсын хэмжээнд 10.000-аас дээш хүн амтай хот, суурингийн гэр хорооллын айл өрхөд цахилгаан эрчим хүчний тарифын хөнгөлөлтийг эдлүүлэх бөгөөд энэ арга хэмжээнд 173.600 өрх хамрагдах аж.

Алдагдал буурсан гэж буй ч...

Гэвч төсвийн төсөлд тусгасан макро эдийн засгийн төсөөллүүд олон улсын байгууллагуудынхаас хавьгүй өөдрөг байв. Ирэх оны төсвийн гүйцэтгэлд БНХАУ-ын хил гаалийн асуудал, бусад зах зээлүүд, дэлхийн зах зээл дэх голлох таваарын үнэ нөлөөлөх учраас бодитоор төсөөлөх нь чухал болохыг Дэлхийн Банк анхааруулсан. Азийн Хөгжлийн банк ч мөн адил нийлүүлэлтийн тасалдал, тээврийн зардлын өсөлт, төгрөгийн гадаад валюттай харьцах ханш суларсантай холбоотой импортын барааны үнийн өсөлтөөс шалтгаалж инфляц өндөр түвшинд хэвээр байна гэж дүгнэсэн юм. Мөн төсөв, төсвийн шинжтэй дэмжлэг, цалингийн доод хэмжээг 2023 оны нэгдүгээр сараас эхлэн өсгөх шийдвэр, төгрөгийн ханшийн уналт нь инфляц өндөр байхад нөлөөлнө гэж ОУВС үзэж байна.

Инфляц, инфляц, инфляц...

Инфляцыг 2023 онд нэг оронтой тоонд, дунд хугацаанд +/-2 нэгж хувийн интервалд 6 хувийн орчимд тогтворжуулахад чиглэсэн мөнгөний бодлогыг зах зээлийн зарчимд тулгуурлан хэрэгжүүлэхээ Монголбанк мэдээлж байна. Мөн гадаад дотоодын бүх нөлөөллийг оролцуулаад банкны салбарт активын чанарын үнэлгээ хийчихсэн, нэг ёсондоо урьдчилаад "оношоо тогтоочихсон" учраас өөдрөг төсөөлөлтэй байгаагаа төв банкны ерөнхийлөгч илэрхийлсэн. Харин олон улсын байгууллагуудын хувьд Азийн Хөгжлийн банк Монгол Улсын 2023 оны инфляцын төсөөллөө 9.3 хувиас өсгөж, 11.6 хувь болгосон бол Олон Улсын Валютын Сан 12.3 хувь хүрнэ гэж тооцоолоод байгаа билээ. Өөрөөр хэлбэл инфляц ирэх онд 2 оронтой тоонд хадгалагдах магадлал өндөр байна. 

Төгрөгийн доройтол

Мөнгөн дэвсгэртийн худалдан авах чадвар муудсаар байгаагийн нэг тод жишээ бол хамгийн том дэвсгэрт болох 20 мянган төгрөг анх гүйлгээнд гаргаж байсан 2006 онд 17 ам.доллартой тэнцэж байв. Харин энэ оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн ханшаар 5.8 ам.доллартой тэнцэж байна. Өөрөөр хэлбэл ханш нь анх гүйлгээнд гаргаж байсан үеэс 70 хувиар, гадаад худалдан авах чадвар нь 2.6 дахин буурчээ. Мөн 1, 5, 10, 20 төгрөг бодит худалдан авах чадваргүй байгаагийн зэрэгцээ үйлдвэрлэх зардал нь нэрлэсэн өртгөөсөө өндөр болсон аж. Үүнээс шалтгаалан мөнгөн тэмдэгтийн зохистой бүтэц алдагдаж, одоогоор Монгол Улстай ойролцоо түвшний хөгжиж буй орнуудтай харьцуулахад эдийн засагт байх зохистой хэмжээнээс 9 дахин их тооны дэвсгэрт гүйлгээнд байгааг Монголбанкны мэдээллээс харж болохоор байна.

FTX-ийн уналт

Нэгэн цагт 32 тэрбум ам.доллароор үнэлэгдэж байсан виртуал хөрөнгийн тэргүүлэх бирж "FTX"-ийг тойрсон дуулианаар дүүрэн долоо хоног хамгийн муу үр дүнгээр өндөрлөлөө. Хөрвөх чадвараасаа болж гүнзгий хямралд ороод байсан "FTX" эцэст нь дампуурлаа зарлаж, саяхан тэрбумтнуудын эгнээнээс хасагдсан компанийн Гүйцэтгэх захирал Сэм Бэнкман-Фрид албан тушаалаа өгч буйгаа мэдэгдсэн байна. Үүнээс өмнө тэдний гол өрсөлдөгч "Binance" тус биржийг аврахын тулд дийлэнх хувийг нь худалдан авахаар шийдвэрлэсэн боловч удалгүй хэт хүнд даалгавартай тулгарснаа ухаарч, хэлцлээ цуцалсан билээ.

Ардчилсан намын ялалт

АНУ-ын Конгрессын завсрын шатны сонгуулийн үр дүнг удаашруулаад байсан Невада мужийн санал тооллого дуусч, Ардчилсан нам Сенатын танхимд олонхын статусаа хадгалах нь тодорхой боллоо. Дахин сонгууль хийхээр болсон Жоржиа мужид Бүгд Найрамдах ялалт байгуулж, суудлын тоог 50-50 болгон тэнцүүллээ гэхэд ч Дэд Ерөнхийлөгч Камала Харрис "хайн хагалах" суудлыг шийдэх учраас Ардчилсан намын ялалт баттай болжээ. Шатахууны үнэ, инфляцын өсөлтийн улмаас рейтинг нь унаад байсан Ардчилсан нам ийнхүү хүлээлтээс илүү түвшинд өрсөлдсөнөөр Ерөнхийлөгч Жо Байдены бүрэн эрхийн үлдсэн хугацаа илүү дардан замаар үргэлжлэхээр болж байна. Харин Төлөөлөгчдийн танхимын сонгуулийн үр дүн хараахан тодорхойгүй болоогүй байгаа ч Бүгд найрамдах нам олонх болоход шаардагдах 218 суудлын 211-ийг нь аван тэргүүлж байна.

Бид бэлэн биш

Франц улс уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг арга хэмжээ болгож далайн гүний олборлолтыг олон улсын хэмжээнд хориглохыг уриаллаа. Уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг нөлөөлөл нэмэгдэж, дэлхийн биологийн олон янз байдлын хорогдол эрчимжсээр байгаа энэ үед байгаль орчинд хэрхэн нөлөөлдөг нь тодорхой бус энэхүү шинэ төслийг яаран эхлүүлэх нь буруу хэмээн үзжээ. Энэ төслийг “Урьдчилан сэргийлэх зорилгоор түр завсарлуулах” уриалгыг гаргаад байсан ХБНГУ, Испани, Чили, Шинэ Зеланд улсууд дээр ийнхүү Франц улс нэмэгдсэнээр далайн өвөрмөц эко системээс үнэт металл олборлоход зөвшөөрөл олгох талаар хэлэлцээр цаашид үргэлжлэхээр болж байна.

Инновацын аварга

Хятадын цахилгаан автомашин үйлдвэрлэгч BYD компани шинэ бүтээлийн патент авахаар гаргасан өргөдлийн тоогоороо өрсөлдөгчдөө тасархай тэргүүлжээ. "Intellectual Property Landscape" болон "Nikkei" хамтарч тус улсын цахилгаан автомашин үйлдвэрлэгч хамгийн том дөрвөн компанийг энэ үзүүлэлтээр нь жагсаахад BYD нийт 1557 өргөдөл гаргаснаараа тэргүүлсэн байна. Энэ нь 870 өргөдлөөр тэднийг удаалсан "Geely" компаниас бараг хоёр дахин илүү үзүүлэлт юм. Мөн хилийн чанадад ч BYD инновацын хичээл зүтгэлээр бусдаасаа хол илүү байгаа бөгөөд тодруулбал Европт 171 удаа, АНУ-д 33 удаа патент авах өргөдөл гаргасан байна.

Энэ долоо хоногт

Даваа гараг: Евробүсийн үйлдвэрлэлийн дүн мэдээлэл гарна. Энэтхэг улс хэрэглээний үнийн индекс, худалдааны тайлангаа танилцуулна. Тав дахь удаагийн "Bloomberg New Economy Forum" Сингапурт эхэлнэ.

Мягмар гараг: БНХАУ-ын жижиглэн худалдаа, үйлдвэрлэлийн тайлан гарна. Евробүс болон Японы ДНБ, Франц, Израиль, Испани, Саудын Араб зэрэг улсуудын хэрэглээний үнийн индекс танилцуулагдана. "Walmart" компани III улирлын орлогын тайлангаа гаргана.

Лхагва гараг: "Tencent" компани III улирлын орлогын тайлангаа танилцуулна. БНХАУ-ын үл хөдлөх хөрөнгийн үнийн дүн мэдээлэл гарна.

Пүрэв гараг: Их Британийн төсвийн шийдвэр, эдийн засгийн төсөөлөл гарна. "Alibaba" компани III улирлын орлогын тайлангаа танилцуулна. Евробүсийн хэрэглээний үнийн индекс гарна. Японы экспорт, гадаад худалдааны тэнцэл танилцуулагдана.

Баасан гараг: Японы хэрэглээний үнийн индексийн дүн мэдээлэл гарна.

Онцлох чарт

Өмнөд Солонгосын эдийн засгийн амжилтын гол хөдөлгөгч хүч болсон боловсролын тогтолцоо нь сүүлийн үед орчин үеийн хөдөлмөрийн зах зээлийн шаардлагад нийцэхгүй болсон, залуусын сэтгэцийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж байна гэх мэтээр шүүмжлэлд өртөх нь нэмэгдээд байна.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.