Япон Улсын Засгийн газрын “Өвсний үндэс - Хүний аюулгүй байдлыг хангах буцалтгүй тусламж”-ийн төслийн гэрээнд гарын үсэг зурав
Уг ёслолын арга хэмжээнд Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Х.Кобаяши болон Налайх дүүргийн Засаг дарга Ч.Раднаабазар, Улсын Их Хурлын гишүүн Ц.Сандаг-Очир нар оролцлоо.
“Улаанбаатар хотын Налайх дүүргийн Эрүүл мэндийн төвд эмнэлгийн тоног төхөөрөмж нийлүүлэх төсөл”-ийн хүрээнд Налайх дүүргийн Эрүүл мэндийн төвд мэс заслын дурангийн аппаратыг нийлүүлэх юм.
Тус эмнэлэг мэс заслын дурангаар тоноглогдоогүйн улмаас дурангаар хийж болох мэс заслыг нээлттэй хагалгаагаар хийдэг бөгөөд энэ нь өвчтөний бие болон сэтгэл санаа, санхүүгийн хувьд хүнд дарамт учруулдаг. Тиймээс уг төсөл хэрэгжсэнээр энэ ачааллыг багасаж, улмаар тус дүүргийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар сайжирна гэж үзэж байна.
Япон Улсын Засгийн газар нь Монгол оронд 1990 оноос өдийг хүртэл 32 жилийн турш “Өвсний үндэс - Хүний аюулгүй байдлыг хангах буцалтгүй тусламж” хөтөлбөрийг хэрэгжүүлж ирсэн. Энэ удаагийн төсөл нь Өвсний үндэс буцалтгүй тусламжийн 583 дахь, Налайх дүүрэгт хэрэгжих 6 дэх төсөл болж байна.
Мөн энэ удаа батлагдсан төслийн санхүүжилтийн дээд хязгаар нь 109,415 ам.доллар (344,659,940 орчим төгрөг). “Өвсний үндэс - Хүний аюулгүй байдлыг хангах буцалтгүй тусламж”-ийн хөтөлбөрийг Япон Улсын Засгийн газар 1990 оноос хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд хөгжиж буй орнуудын хот болон орон нутгийн засаг захиргаа, боловсрол, эрүүл мэндийн зэрэг байгууллагуудтай хамтран хэрэгжүүлдэг хамтын ажиллагааны төсөл юм.
Тухайн орон нутгийн ард иргэд үр ашгийг нь шууд хүртэх боломжтой төслүүдэд санхүүжилт олгодог бөгөөд санхүүжилтийн дэмжлэг үзүүлэхэд Япон Улсын гадаад дахь дипломат төлөөлөгчийн газрууд голлох үүргийг гүйцэтгэдэг.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.