Самбо бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн өчигдөр хөнгөн жингийн барилдаануудаар эхэллээ.
Киргизстан улсын Бишкек хотноо зохион байгуулагдаж буй энэ удаагийн ДАШТ-д 50 орны бөхчүүд зодоглож байгаа ба манай улсаас самбо бөхийн дэлхийн аварга Д.Алтансүх, Д.Төмөрхүлэг нарын 17 бөх зодоглож байна.
ДАШТ-ий эхний өдөр буюу өчигдөр /11.11/ эмэгтэйчүүдийн 50 kg, 54 kg, 59 kg, эрэгтэйчүүдийн 58 kg, 64 kg, байлдааны самбо бөхийн 79 kg, 98 kg жингүүдийн өрсөлдөөн явагдлаа. Манай улсаас тэмцээний эхний өдөр хараахан медаль хүртэж чадсангүй. Тэгвэл өнөөдөр эмэгтэйчүүдийн 65 kg, 72 kg, эрэгтэйчүүдийн 71 kg, 88 kg, +98 kg, байлдааны самбо бөхийн 58 kg, 64 kg жингийн барилдаан явагдах ба манай улсаас дараах долоон тамирчин зодоглоно.
Эмэгтэйчүүдийн -65кг жинд М.Нямгэрэл Сербийн залуу бөхтэй, -72кг жинд Б.Хонгорзул Египетийн бөхтэй, эрэгтэйчүүдийн -71кг жинд дэлхийн аварга Д.Алтансүх эхний тойрогт гоц мөргөж улмаар Арменийн бөхтэй учраа таарсан байна.
Тэгвэл эрэгтэйчүүдийн -88кг жинд Р.Анхбаяр мөн эхний тойрогт гоц мөргөж улмаар хоёрдугаар тойрогт Румыны бөхтэй, +98кг жинд Д.Пүрэвдорж Марокко улсын бөхтэй, байлдааны самбо бөхийн -58кг жинд Г.Буяандүүрэн БНСУ-ын тамирчинтай, -64кг жинд У.Даваасүрэн Марокко улсын тамирчинтай тус тус оноолт таарсан байна.
Хэсгийн барилдаан Улаанбаатарын цагаар 12:00 цагт эхлэх ба манай сайт шууд дамжуулан үзүүлэх болно.