Монгол улсын 2023 оны төсөв УИХ-аар батлагдсантай холбогдуулж Сангийн сайд Б.Жавхлан мэдээлэл хийлээ. Хүүхдийн мөнгийг ямар зарчмаар олгох болон ирэх жил төрийн албан хаагчдын цалин, урамшуулал нэмэгдэх эсэх дээр хариулт өглөө.
Сангийн сайд Б.Жавхлан:
-Ирэх оны төсөвт Хүүхдийн мөнгийг аль болох зорилтот бүлэг буюу хэрэгцээтэй байгаа хэсэгтээ олгох бодлогын шинэчлэлийг хэрэгжүүлэхээр боллоо. Өндөр орлоготой хэсгийг алгасна. Хүүхдийн мөнгө 100 мянган төгрөг хэвээр байна. Энэ бодлогыг хэрэгжүүлснээр 120 тэрбум төгрөг хэмнэнэ. Үүнийг нийгмийн хэрэгцээтэй салбарт зарцуулах боломж үүснэ.
Үндэсний статистикийн мэдээлэл дээр үндэслэж Хүүхдийн мөнгийг олгоно. Өмнө нь асуулгаар өрхийн орлогыг тооцдог байсан бол төрийн мэдээллийн сан сайжирснаар үл хөдлөх болон хөдлөх хөрөнгийг судалж гаргахад хялбар болсон.
Судалгаагаар, өрхийн орлого нийслэлд 1.9 сая, орон нутагт 1.5 сая байгаа. Дунджаар 1.750.000 төгрөг байгааг хоёр дахин нэмэгдүүлж, сард 3.5 саяас дээш орлоготой байгаа өрх /нийт өрхийн 8.8 хувь.Сур/-д Хүүхдийн мөнгийг олгохгүй.
-Ирэх онд цалин, тэтгэвэр нэмэгдэх үү?
-Боловсрол болон эрүүл мэндийн багц зардалд цалин нэмэх асуудал багтаад явж байгаа. Тухайлбал, боловсролын салбарт ирэх жил 1.5 их наяд төгрөг төсөвлөгдсөн. Төсвийн шууд захирагч нар цалин, урамшууллаа нэмээд явна. Эрүүл мэндийн салбар хоёр дахь жилдээ, боловсролын салбар эхний жилдээ ийм байдалтай явж байгаа. Ирэх жилээс соёл урлаг гэх мэт бусад салбарын цалин нэмэгдэнэ гэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.