Шударга Өрсөлдөөн, Хэрэглэгчийн Төлөө Газраас сүүлийн үед хийгдсэн хяналт шалгалт болон цаг үеийн асуудлаар өнөөдөр мэдээлэл хийлээ.
ШӨХТГ-ын дарга С.Мөнхчулуун:
-Банкны нэг хувийн шимтгэлтэй холбоотой хяналт шалгалт хийгээд, Зөрчлийн тухай хуулийн дагуу арилжааны есөн банканд тус бүр 20 сая төгрөгийн торгууль ногдуулсан. Эдгээр есөн банк нь ШӨХТГ-аас гаргасан шийдвэрийг эс хүлээн зөвшөөрч шүүхэд хандсан.
Одоо шүүхийн урьдчилсан шатны хэлэлцүүлэг болсон бөгөөд шүүх хурлын товыг зарласан. Манай байгууллагын зүгээс хуулийн газар болон банкны зээлийн нэг хувийн шимтгэл дээр ажиллаж байгаа хуульч, өмгөөлөгч болох О.Батхүү болон С.Ялалт нарыг нэмэлтээр авч ажиллаж байна. Эдгээр хуульч, өмгөөлөгч нь нийгмийн хариуцлагын хүрээнд манай байгууллага дээр үнэ төлбөргүй ажиллаж байгаа гэлээ.
Мөн иргэдийн хүсэлтээр шимтгэлтэй холбоотойгоор ББСБ дээр хяналт шалгалтыг эхлүүлээд явж байна. Иргэдийн зүгээс санал гомдол ирж ББСБ-ууд нэг хувиас өндөр шимтгэл авч байна гэх мэдээллийг өгсөн. Нийтдээ 527 ББСБ байгаагаас идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг 50 ББСБ-д шалгалт хийсэн. Үүнээс 26-д нь арилжааны банкуудын адил зээлийн шимтгэлийн нэг хувийг авахдаа үндэслэлгүй тогтоосон, зээлийн шимтгэл хураамжийг давхардуулан авсан зөрчил илэрч, зөрчлийн хэрэг нээн шалгаж байна.
Мөн Үүрэн холбооны оператор компаниудын үйл ажиллагаанд хяналт шалгалт хийж дууссан. Юнитель, Мобиком, Жи-мобайл, Скайтель гэсэн дөрвөн компанид зөрчлийн арилгах албан шаардлага хүргүүлсэн. Эхний ээлжинд Юнитель компанийн зүгээс хэрэглэгчийн дата багц дуусч задгай дата үйлчилгээнд шилжих үеэр хэрэглээний төлбөрийн талаарх мэдээллийг хэрэглэгчид илгээдэг мсж-нд агуулга нэмж тусгахаар болсон. Цэнэглэгч картын мэдээлэлд хоног эсвэл нэгж сунгагдах талаарх мэдээллээ хэрэглэгчид өгдөг болно гэх талаарх мэдээллийг ирүүлсэн.
Жи-мобайл компанийн зүгээс багц бууруулахтай холбоотой өөр хоорондоо үл нийцэлтэй үйлчилгээний нөхцөл журмыг өөрчлөх, нэмэлт дата дуусахад тухайн сарын үлдэгдэл дата дуусдаг байдлыг өөрчлөх, мөн гэрээний нөхцөл хэрэглэгч гэрээг цуцлах нөхцлийг тусгахаа энэ оны 12 дугаар сард багтааж хийнэ гэдэг мэдээллээ ирүүлсэн.
Үлдсэн хоёр компани тайлбараа ирүүлэхгүй бол зөрчлийн тухай хуулийн дагуу дараагийн шатны арга хэмжээгээ авна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.