СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Эдийн засаг | 2022-11-11

Bloomberg TV гурван өгүүлбэрээр: Инфляц саарч, доллар унав

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
2 жилийн өмнө

Гурван өгүүлбэрээр:

  1. Канадын зохицуулах байгууллага "Rio Tinto"-ийн тохиролцоог шалгаж эхэлснээр Turquoise Hill-ийн хувьцаа эзэмшигчдийн хурал дахин хойшиллоо
  2. Анх шийдвэр гарахад иргэдийн 20 хувь нь ипотекийн зээлийн эргэн төлөлтөө хойшлуулахаар байсан. Харин одоо энэ үзүүлэлт 50 хувьд хүрээд байна
  3. Газрын тухай багц хуулийг батлан хэрэгжүүлснээр иргэд өмчилдөг газартаа барилга байгууламж барих, бусдад түрээсээр ашиглуулах, мөн зориулалтыг нь өөрчлөн ашиглах боломжтой болно.

Байдал хүндрэв

Канадын Квебек мужийн үнэт цаасны зохицуулах газраас "Rio Tinto" компани "Turquoise Hill Resources"-ийн хувьцаа эзэмшигчидтэй хийсэн тохиролцоог шалгаж эхэлсэн байна. Ингэснээр TRQ энэ сарын 15-нд товлоод байсан хувьцаа эзэмшигчдийн хурлаа тодорхойгүй хугацаагаар дахин хойшлууллаа. Turquoise Hill-ийн 49 хувьд ногдох хувьцааг худалдан авах 3.3 тэрбум ам.долларын саналыг нь эсэргүүцэж байсан хоёр компанитай "Rio Tinto" тохиролцоо хийж байгаа нь жижиг хувьцаа эзэмшигчдэд шударга бус хандсан явдал гэж зохицуулах байгууллага үзсэн байна. Хэлцэл амжилттай болбол Монголын ЗГ болон "Rio Tinto" хоорондын харилцан ойлголцол сайжирч, шийдвэр хурдан гардаг болох ч нөгөө талаасаа ямар нэгэн маргаан гарахад жижиг хувьцаа эзэмшигчдийн дэмжлэг дутагдахыг санхүүгийн шинжээч Б.Хулан онцолж байсан билээ.

0.07 га-гийн үнэ цэн

Монгол Улсын иргэнд газар өмчлөх эрхээр олгогдсон газрыг гэр бүлийн хэрэгцээнд амины орон сууц барих зориулалтаар зөвхөн ашигладаг байсан. Харин шинэ багц хуулийн төсөлд барилга байгууламж барих, бусдад түрээсээр ашиглуулах, мөн өөрөө зориулалтаа өөрчлөн ашиглах боломжуудыг бүрдүүлж өгч байгааг албаныхан мэдээллээ. Харин хуулийн этгээдүүдэд урт хугацаатай хөрөнгө оруулалтыг илүү дэмжсэн, гадаадын хөрөнгө оруулалттай хуулийн этгээдэд боломж олгосон онцлог зохицуулалтууд тусгагджээ. Тухайлбал хуулийн этгээдэд газар ашиглуулах эхний хугацаа 33 жил байгаа бөгөөд энэ хугацааг дахин 33 жилээр хэдэн ч удаа сунгаад явах боломжтой юм байна. 

Байр суурь

"Цар тахалтай холбоотойгоор ипотекийн зээлийн эргэн төлөлтийг хойшлуулах шийдвэр гарснаас хойш 31 сар өнгөрөөд байна. Тухайн үед зээл авсан иргэдээс төлөх хүсэлтэй нь төлж болно, төлөхгүй нь хойшлуулж болно гэсэн зохицуулалтаар шийдвэрлэсэн. Анх шийдвэр гарахад иргэдийн 20 орчим хувь нь төлөхгүй байхаар байсан бол одоо энэ нь нэмэгдсээр бараг 50 хувьд хүрсэн. Энэ онд ипотекийн зээл бага гарч байгаа нь төлбөр орж ирэхгүй байгаатай холбоотой. Өнөөдрийн эх үүсвэрийн 80 хувийг Монголбанк, 20 хувийг банкнууд гаргаж байгаа. Төсвийн шинжтэй арга хэмжээг Төв банк хэрэгжүүлж байгааг олон улсын байгууллагууд шүүмжилж байна. Монголбанкнаас уг хөтөлбөрийг Засгийн газарт шилжүүлэхэд бэлэн" хэмээн Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн Пүрэв гарагт УИХ-ын чуулганы хуралдааны үеэр өгүүлсэн юм.

Нүүрс тээврийн булхай

“Гашуунсухайт” боомтоор экспортолж буй нүүрсний үйл ажиллагаанд хийсэн хяналт шалгалтын үр дүнг ГЕГ-аас танилцууллаа. Шалгалтаар боомтоор гарсан нүүрсийг гаальд дутуу мэдүүлсэн болон мэдүүлээгүй улсын хилээр нэвтрүүлсэн, гаалийн мэдүүлгээр бүрдүүлэлт хийснээс илүү нүүрсийг экспортолсон, хууль бус үйл ажиллагаанд боомтын болон хил, гааль, цагдаагийн албан хаагчид үгсэн тохиролцсон зэрэг хэрэг зөрчлүүдийг илрүүлсэн байна. Түүнчлэн тээврийн хэрэгслийн улсын бүртгэлд харьцуулалт хийхэд давхардсан тоогоор нийт 22,664 тээврийн хэрэгслийн бүртгэл зөрүүтэй байгаа нь тогтоогджээ. Засгийн газрын шийдвэрээр 2023 оноос эхлэн нүүрсийг зөвхөн биржээр худалдаалж, бүх гэрээг цахимжуулахаар болсон билээ. Ингэснээр уурхай дээр олборлогдсон нүүрс хилээр ачигдах хүртэлх бүх зөрчлүүдийг халах боломж бүрдэнэ гэж үзэж байна.

Цор ганц төсөл

Ногоон устөрөгч экспортлох "Gobi H2" төслийн урьдчилсан ТЭЗҮ энэ ондоо багтан дуусна гэж тооцоолж байгаагаа "Elixir Energy" компани мэдээллээ. Ингэснээр төслийн инженерингийн төлөвлөлтийн ажил 2023 онд эхэлнэ гэж тооцоолж байна. Энэ нь Монгол улсад хэрэгжүүлж байгаа энэ төрлийн цор ганц төсөл гэдгийг компанийн зүгээс онцолжээ. Төслийг Японы "Softbank"-ийн хөрөнгө оруулалттай "SB Energy" компанитай хамтран хөгжүүлж байгаа юм.

Ганц биечүүдийн өдөр

БНХАУ-д жил бүрийн XI сарын 11-нд тохиодог "Ганц биечүүдийн өдөр" нь цахим худалдааны дэлхийн хамгийн том арга хэмжээ гэж тооцогддог билээ. Өнгөрсөн онд л гэхэд энэ арга хэмжээний үеэр сая сая худалдан авагчид нийт 131 тэрбум ам.долларын худалдан авалт хийснийг тооцоолсон байна. Харин энэ онд COVID-ийн хатуу бодлоготой холбоотойгоор хэрэглэгчийн итгэл доод цэгтээ хүрсний зэрэгцээ эрх баригчдын зүгээс цахим худалдаа, технологийн томоохон компаниудыг чиглэсэн хязгаарлалтаа нэмэгдүүлсэн тул "Ганц биечүүдийн өдөр" харьцангуй нам жим болж өнгөрнө гэсэн таамаг байна. "Bain & Co"-ийн хийсэн судалгаагаар худалдан авагчдын ердөө 24 хувь нь энэ удаа өмнөх жилүүдээс илүү мөнгө зарцуулахаар төлөвлөснөө илэрхийлжээ.

Литийн шинэ тоглогч

Цэнэг хураагуурын гол түүхий эдийг БНХАУ-ын плитаны керамик үйлдвэрлэдэг компаниуд ханган нийлүүлж эхэлсэн нь дэлхийн дахинд “литийн халуурал” эрчимжиж буйн бас нэгэн жишээ болж байна. Тухайлбал БНХАУ-ын Жяньси мужийн Гао Ань хотын керамикийн үйлдвэрүүдийн 15 хувь нь уламжлалт үйлдвэрлэлээ зогсоож, литийн шахмалын үйлдвэрлэл рүү шилжээд байгаа аж. Керамик эдлэлийн бөх бат байдлыг сайжруулж, пааланг илүү тод өнгөтэй болгохын тулд литийг ашигладаг нь тэдний хувьд давуу тал болжээ. Үүнтэй зэрэгцэн литийн боловсруулсан материал болох лити карбонатын үнэ он гарсаар БНХАУ-д хоёр дахин өсөж, баасан гарагт тонн нь 81 мянга 349 ам.доллар хүрсэн нь шинэ дээд үзүүлэлт болсон.

Түлшний нөөц багасна

Ирэх оны хавар Европын баруун умард бүсийн дизель түлшний нөөц сүүлийн 12 жилийн доод цэгтээ хүрнэ гэж “Wood Mackenzie”-ийн шинжээчид тооцоолжээ. Европын Холбоо ОХУ-аас далайн тээврээр авах дизель түлшний импортоо ирэх хоёрдугаар сараас зогсоох шийдвэр гаргаснаар хэдийн хүнд байдалд орсон түлшний нийлүүлэлтийн асуудлыг улам дордуулна гэж үзэж байна. Дизель түлшний нөөц буурах нь газрын тос боловсруулах үйлдвэрүүдэд өндөр ашиг олох боломж бий болгодог учраас Европын компаниуд бүх хүчин чадлаараа ажиллах төлөвтэй байна. Үүний үр дүнд Баруун Европын түүхий газрын тосны боловсруулалт энэ сард өдөрт 420 мянган баррелиар нэмэгдэж, 6.14 сая баррель болно гэсэн тооцоо гарчээ.

BloombergTV.mn танд санал болгож байна

"Twitter"-тэй холбоотой дуулиантай зэрэгцэн "Tesla"-ийн хувьцааны ханш сүүлийн 2 жилийн доод түвшинд хүрэв

ДЭМБ COVID-19-ийн халдварын тохиолдол хамгийн өндөр байгаа 10 улсыг нэрлэв

БНХАУ-д цахилгаан болон хосолмол хөдөлгүүртэй автомашины борлуулалт өмнөх оноос 75 хувиар өсөөд байна

Онцлох чарт

Пүрэв гарагт АНУ-ын хөрөнгийн зах зээл огцом өссөнөөр технологийн салбарын тэрбумтнуудын нийт хөрөнгө нэг өдөрт 59 тэрбум ам.доллароор нэмэгджээ. Тэдний дундаас Жефф Безос гол "ялагч" байлаа. X сард тус улсын инфляцын өсөлт саарсан мэдээ гарсны дараа S&P 500 индекс 5.5 хувиар, Nasdaq 100 индекс 7.5 хувиар өсөөд байна. Мөн ам.долларын ханш 2009 оноос хойших хамгийн огцом дүнгээр унасан нь анхаарал татлаа. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.