Монгол Алтайн хадны зургийн цогцолборын хамгаалалтын захиргаанаас ЮНЕСКО-гийн Дэлхийн өвийн конвенц батлагдсан өдрийг тохиолдуулан “Дэлхийн өв - Монгол Алтайн хадны зураг” үзэсгэлэнг Улаанбаатар хотод дэлгэнэ.
Уг ажлыг Монгол Улсын Соёлын яамнаас санаачлан хэрэгжүүлж буй “Соёлын бүтээлч сар” аяны хүрээнд зохион байгуулах ба соёлын бүтээлч үйлдвэрлэлийг хөгжүүлэх замаар соёлын өвийг хамгаалах, түгээн дэлгэрүүлэх, соёл урлагаар дамжуулан нийгмийн сэтгэл зүйд эергээр нөлөөлөх, соён гэгээрүүлэх зорилготой аж.
Үзэсгэлэн энэ сарын 16-19-ний өдрүүдэд Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд болно.
Тус үзэсгэлэнд ЮНЕСКО-гийн өвд бүртгэгдсэн Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын Арал толгой, Шивээт хайрхан, Улаанхус сумын Цагаан салаа-Бага Ойгор зэрэг газрын хадны зургуудаас дээжлэн нийтдээ 90 орчим бүтээлийг гэрэл ба гар зураг хэлбэрээр дэлгэн тавих юм.
Монгол Алтайн хадны зураг нь дүр дүрслэл, сэдэв зохиомж, агуулга, тоо хэмжээгээр дэлхийд хосгүй үнэт дурсгалд тооцогддог. Энэ удаагийн үзэсгэлэн нь хадны зургийг хадан дээрх хэмжээгээр нь буюу 1:1 харьцаатай үзэгч олны хүртээл болгож байгаагаараа онцлогтой ажээ.
Эх сурвалж: Монцамэ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.