СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2022-11-10

Б.Жавхлан: Ирэх онд хүнд байх хэдий ч ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдахгүй, потенциалаа тултал ашиглана

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Ш.Лхагва
1 жилийн өмнө

Монгол Улс Олон улсын валютын сан/ОУВС/-гийн хөтөлбөрт хамрагдах шаардлагатай болсон гэх асуудал хөндөгдөх болсон. Эл асуудлыг Сангийн сайд Б.Жавхлангаас тодрууллаа.

-Монгол Улс ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдахаас аргагүй нөхцөлд орчихоод байгаа юм уу?

-Эгнээндээ 180 орныг элсүүлсэн,  энэ том олон улсын байгууллагын гишүүн нь бид. Энэ том байгууллагаас Монгол Улс зээл, тусламж авах, хөнгөлөлттэй зээлд хамрагдах бүрэн эрхтэй бие даасан гишүүн. ОУВС аль ч улс, гишүүнчлэлдээ ийм зээл ав, ийм хөтөлбөр ав гэж тулгадаггүй, гишүүн орнуудын өөрсдийнх нь сонголтоор явдаг гэсэн үг.

Сая УИХ-ын дарга хэллээ. Эдийн засаг хэвийн үед жилдээ 10 гаруй улсууд ОУВС-гийн хөнгөлөлттэй зээлд хамрагддаг байсан бол энэ жилийн хувьд маш олон буюу 44 улс хөнгөлөлттэй зээлд хамрагдаж байгаа. Нэмээд 20 гаруй улс зээлд хамрагдахаар хүсэлтээ өгсөн.

Манай улсын хувьд гишүүнийхээ эрхийн хүрээнд хөтөлбөр шаардлагатай үед хамрагдах бүрэн боломжтой, хэзээ ч нээлттэй байдаг. Гагцхүү Засгийн газар л шийдэх юм.

-ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдая гэвэл хэдий хэмжээний зээл шаардлагатай вэ?

-Ямар төсөлд хамрагдах вэ, ямар нөхцөлтэй байх вэ гэдгээс шалтгаалдаг, авах зээл нь. Ийм зээл авъя, ийм хөтөлбөр авъя гэдэг шийдвэрийг Засгийн газар гаргаагүй байна.

Монгол Улсын төсвийг төлбөрийн тэнцэл дээрээ алдагдалтай, төв банкны валютын нөөц хангалттай биш байгаа нөхцөлд өргөн барьсан. Тийм учраас төсвийн төлбөрийн тэнцэл алдагдлыг нэмэгдүүлэхгүй байхад хичээж ажилласан. Урсгал зардал өслөө гэлээ, жил бүр нэмэгддэг. 2023 оны урсгал зардал 2018 оны төвшинд байгаа. Зарим сайд нарынх 2018 оныхоос ч урсгал зардал нь бага. Нэмэгдсэн урсгал зардал нь тэтгэвэр, халамж гэхчлэн механик өсөлтүүд л бий.

Ийм учраас өөрсдөө хичээж, валютын нөөцийн шокноос гаргах арга хэмжээнүүдээ Засгийн газар тултал авах шаардлагатай. Богино хугацаанд алдагдлаа нөхөх боломж хязгаарлагдмал ч хүндрэлээс гаргах бүрэн боломжтой.

2020, 2021 онд экспорт маш хязгаарлагдмал байсан. Өнгөрсөн тавдугаар сард төсвийн тодотгол хийж байхад 2022 онд 18 сая тонн нүүрс экспортод гаргана гэсэн. Өнгөрсөн есдүгээр сарын 30-н гэхэд 20 сая тонн нүүрс экспортод гаргасан, жилийн эцэст гэхэд 24 тоннд хүргэхээр ажиллаж байна. Нүүрсний экспортоо харах юм бол богино хугацаанд валютын нөөцийн алдагдлаас гарах боломж байгаа.

Бүх нөөцөө дайчлах л шаардлагатай. ОУВС-гийн энэ хөнгөлөлттэй зээл бидэнд хэзээ ч нээлттэй. Түүнд хүрэхгүйгээр бид өөрсдөө потенциалаа дайчилж ажиллах шаардлагатай.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (2)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Осс
1 жилийн өмнө
66.181.160.42

Чи худлаа зальтан шүү!!! ямар ч зээлэнд хамрагдахгүй өр тавихгүй шүү!

Зочин
1 жилийн өмнө
202.9.46.228

Ийм хэдэн үгийг хэдэн жил сонсож байна аа. Одоо жаахан нүүрс л зараа юм байна. Ойрын жилүүдийн төсөв бүрдүүлэлт нүүрс,газрын баялаг л юм байна. Хэзээ үйлдвэрлэл,экспортыг ярих юм бэ... Халамж нь бас л хэвээрээ юм байна.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.