СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Эдийн засаг | 2022-11-10

Bloomberg TV гурван өгүүлбэрээр: Дараагийн IPO...

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
2 жилийн өмнө

Гурван өгүүлбэрээр:

  1. Оны эхний 10 сард Монгол Улс 23.1 сая тонн чулуун нүүрс экспортолж, экспортын биет хэмжээ нь өмнөх оны мөн үеэс 71 хувиар өссөн ч 2019 оныхтой харьцуулахад бууралттай байна
  2. “Голомт банк” ХХК-ийн энгийн хувьцааг нийтэд санал болгохыг СЗХ зөвшөөрлөө
  3. Улсын хэмжээнд энэ долоо хоногт коронавирусийн халдварын 772 тохиолдол шинээр бүртгэгдсэн нь өнгөрсөн долоо хоногтой харьцуулахад хоёр дахин өссөн үзүүлэлт болов.

Уул уурхайн экспорт

Оны эхний 10 сард эрдэс бүтээгдэхүүний экспорт 8.5 тэрбум ам.доллар болж, нийт экспортын 85.1 хувийг бүрдүүллээ. Энэ хугацаанд Монгол Улс 23.1 сая тонн чулуун нүүрс экспортолж, экспортын биет хэмжээ нь өмнөх оны мөн үеэс 71 хувиар өссөн ч 2020 болон 2019 оныхтой харьцуулахад бууралттай байна. Энэ онд нүүрсний үнэ өндөр байсантай холбоотойгоор өмнөх жилүүдтэй харьцуулахад орлого өсөлттэй байгаа боловч нүүрсний офтейк гэрээтэй холбоотой асуудлаар ЗГ-аас Эрдэнэс Тавантолгой компанид бүрэн эрхт төлөөлөгч томилж, үйл ажиллагааг нь шалгаж байгаа юм. 

Дефолт зарлана, зарлахгүй

“Mongolian Mining Corporation” компани 2024 онд хугацаа нь дуусах 440 сая ам.долларын бондоо 100 сая ам.доллароор буцаан худалдан авах саналыг хөрөнгө оруулагчдадаа тавиад байгаа. Хөрөнгө оруулагчид энэ саналыг хүлээн авбал тус компанийн зээлжих зэрэглэлд шууд нөлөөлөхгүй гэж “Fitch Ratings” үзжээ. Учир нь “Mongolian Mining Corporation”-ийн хөрвөх чадвар богино хугацаанд хангалттай, мөн бондын эргэн төлөлт хийх хугацаа нь 18 сарын дараа байгаа тул үүнийг дефолтоос зайлсхийсэн алхам гэж үзэхгүй байгаагаа мэдэгджээ. Түүнчлэн дээрх санал дэмжигдвэл 2024 онд хугацаа нь дуусах бондоо заавал дахин санхүүжүүлэх шаардлагагүй гэж үзсэн байна.

Байр суурь

"Ипотекийн зээлийн төлөлтийг хойшлуулах нь эдийн засагт, банкнуудад асар их хор хохиролтой. Дараагийн хүмүүс нь ипотекийн зээл авмаар байгаа. Эхний хүмүүс нь мөнгөө төлөөд, эдийн засгийн эргэлт явж байж дараагийн хүмүүс нь зээлээ авдаг. Энэ эргэлтүүдийг зогсоогоод байна. Хятадын ядуурлаас гарсан туршлагыг аваад үзэхээр иргэдээ бизнес хийх эрмэлзэлтэй болгодог. Гэтэл Монголд бизнес хийх сонирхол буураад байна гэдэг нь эдийн засаг цаашид сэхэхгүй байх аюултай зүйл.  Хөдөлмөрөөс халамж руу яаж шилждэгийг МАН яруу тодоор харуулж байна" хэмээн УИХ-ын гишүүн С.Одонтуяа Bloomberg TV Mongolia-д ярилцлага өгөхдөө өгүүлсэн юм. 

Дараагийн IPO - "Голомт" 

СЗХ-ноос “Голомт банк” ХХК-ийн энгийн хувьцааг нийтэд санал болгохыг зөвшөөрч, үнэт цаасны бүртгэлд бүртгэхээр шийдвэрлэлээ. Ингэснээр тус банкны хувьд IPO хийх зөвшөөрлөө хүлээн авсан системд нөлөө бүхий хоёр дахь банк болж байна. Арилжааны томоохон таван банк, мөн системийн бус нэг банк нээлттэй хувьцаат компани болсноор дотоодын хөрөнгийн зах зээлээс нийт 620 тэрбум төгрөг татан төвлөрүүлж, хөрөнгийн зах зээлийн үнэлгээ 5.6 их наяд төгрөгөөр нэмэгдэх урьдчилсан тооцоо гараад байна. Банкнууд шиг том хяналтын тогтолцоотой, өдөр болгон санхүүгийн тайлан гаргадаг, эдийн засгийн төлөв байдлыг хамгийн зөв харж чаддаг аж ахуйн нэгжүүд бирж дээр ховор тул эдгээр IPO хөрөнгө оруулагчдын итгэлийг хамгийн ихээр татаж байгааг "Голомт банк"-ны Гүйцэтгэх захирлын орлогч Д.Бадрал онцолсон билээ.

"Монос хүнс" ашгаа нугалав

“Монос хүнс” ХК-ийн борлуулалтын орлого III улирлын байдлаар 24.6 тэрбум төгрөг хүрч, өмнөх оны мөн үеэс 66 хувиар нэмэгдсэн байна. Мөн цэвэр ашиг нь 2.6 тэрбум төгрөг болж, 99 хувиар өсжээ. Харьцуулбал өмнөх улиралд буюу хагас жилд цэвэр ашиг нь өмнөх оны мөн үеэс 174 хувиар өссөн дүнтэй гарч байв. “TDB Securities”-ийн судалгаагаар тус компанийн хувьцаа 2021 оны энгийн арилжааны дүнгээр 2.1 тэрбум төгрөгөөр эргэлтэд орсон тул “Топ-15” хувьцааны нэг болсон байна.

COVID чимээгүй нэмэгдсээр...

Монгол Улсад COVID-19-ийн “Omicron” хувилбарын “BF.7”, “BQ.1” шинэ хувилбаруудаар өвчилсөн тохиолдол бүртгэгдсэн байна. Тодруулбал ОХУ-д ажиллаж байгаад ирсэн БНХАУ-ын иргэн “BF.7” хувилбараар өвчилснийг тогтоосон бол “BQ.1” хувилбарын таван тохиолдол батлагдсан нь бүгд Монгол Улсын иргэн байгааг ЭМЯ мэдээллээ. Улсын хэмжээнд энэ долоо хоногт коронавирусийн халдварын 772 тохиолдол шинээр бүртгэгдсэн нь өнгөрсөн долоо хоногтой харьцуулахад хоёр дахин өссөн үзүүлэлт болж байна. 

Volvo-ийн "EV"

Volvo" компани бүрэн цахилгаан хөдөлгүүртэй SUV ангиллын "2024 EX90" автомашинаа танилцууллаа. Скандинавын тансаг стандартыг "Volvo"-ийн нэрийн хуудас болсон аюулгүй байдал, орон зайн хангалттай байдалтай хослуулснаараа өмнөх загвар XC90-тэй төстэй боловч цахилгаан хөдөлгүүртэй гэдгээрээ онцлог аж. Шинэ "EX90" нь 496 морины хүчтэй хоёр хөдөлгүүрээр (ардаа нэг, урдаа нэг) тоноглогдсон. Харин 111 кв/цагийн багтаамжтай цэнэг хураагуур нь 30 минутын дотор 80 хувь хүртэл цэнэглэгддэг, нэг бүтэн цэнэглэлтээр 480 км зай туулах боломжтой аж.

Дефляц руу шилжив

БНХАУ-д үйлдвэрлэгчийн үнэ сүүлийн хоёр жилд анх удаа буурч, дефляцад шилжсэнээр тус улсын компаниудад учирч буй сорилтууд улам нэмэгдэж байна. Аравдугаар сард тус улсын үйлдвэрлэгчийн үнийн индекс өмнөх оны мөн үеэс 1.3 хувиар буурсныг БНХАУ-ын Үндэсний статистикийн товчоо мэдээлжээ. Үүний зэрэгцээ БНХАУ-ын хэрэглээний үнийн индекс санхүүгийн жилийн хугацаанд 2.1 хувиар өссөн бол суурь инфляц 0.6 хувь гарснаар сүүлийн дөрвөн сарын турш нэг хувиас доогуур хадгалагдсан байна. Бусад улсын Төв банкнууд үнийн өсөлттэй тэмцэхийн тулд бодлогын хүүгээ эрчимтэй өсгөж байхад БНХАУ-д эсрэгээрээ хэрэглээний болон үйлдвэрлэгчийн үнэ буурсан нь анхаарал татаж байгаа юм. 

Эгзэгтэй уралдаан

АНУ-ын Конгрессын завсрын шатны сонгууль тооцооллоос өрсөлдөөнтэй үргэлжилж байгаа тул ялагчийг зарлахад эрт хэвээр байна. Бүгд Найрамдахчуудын хувьд Сенатад ердөө ганцхан тойргийг эргүүлэхэд олонх болохоор байсан ч одоогоор өмнө нь аваад байсан нэг суудлаа алдаад байгаа юм. Харин Төлөөлөгчдийн танхимд олонх болоход шаардагдах 218 суудлаас Бүгд Найрамдах нам 207-г, Ардчилсан нам 183-ыг нь аваад байна. Санал тооллого нь хараахан дуусаагүй байгаа Невада, Аризона мужуудад гарах үр дүн хоёр намын ирэх 4 жилийн хувь заяаг шийдэх юм. 

Дахин нэг эргэлт

"Binance" компанийн Гүйцэтгэх захирал Жао Чанпен гол өрсөлдөгч Сэм Бэнкман Фридийн "FTX" крипто биржийг гэнэт худалдан авахаар болсон шигээ гэнэт хэлцлээ цуцлахаар шийджээ. "Хэрэглэгчид FTX-ийг хөрвөх чадвартай болгоход бид тусалж чадна гэж найдаж байсан. Гэвч үүсээд байгаа асуудлууд бидний боломж бололцооноос хэтэрсэн байна" хэмээн Binance өгүүлсэн байна. "FTX"-ийг уналтаас аврах нь "Binance"-ийн хувьд хэт хүнд даалгавар болох нь өчигдөр энэхүү дуулиантай хэлцлийн дараа төд удалгүй тодорхой болсон юм. 

BloombergTV.mn танд санал болгож байна

IV/01-ний өдрөөс энэ он дуустал ₮195.1 тэрбумын ипотекийн зээлийн төлбөрийг хүү хуримтлуулж тооцохгүй нөхцөлөөр хойшлуулжээ

Газрын тосны үнэ дахин өссөн нь OPEC-ийн гарцаа танах шийдвэртэй холбоотой эрсдэлийг нэмэгдүүлэв

Европын Холбоо сэргээгдэх эрчим хүчний төслийг хэрэгжүүлэхэд шаардагддаг хугацааг богиносгоно

Онцлох чарт

Зах зээлийн үнэлгээ нь нэг их наяд ам.доллароор буурсан дэлхийн анхны компани нь "Amazon" боллоо. Инфляцын өсөлт, мөнгөний хатуу бодлого, улирлын орлогын сул үзүүлэлтүүдээс болж энэ онд тус компанийн хувьцаа түүхэн дээд хэмжээгээр зарагдсан нь үүнд нөлөөлжээ.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.