СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2022-11-09

УИХ-ын дарга Г.Занданшатар ХААИС-ийн багш, оюутнуудад D-Parliament цахим системийг танилцууллаа

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
1 жилийн өмнө

УИХ-ын дарга Г.Занданшатар Хөдөө Аж Ахуйн Их Сургуулийн багш, оюутнуудад D-Parliament цахим системийн талаар танилцуулж, хэрэглээ, ач холбогдлын тухай мэдээлэл өглөө.

Хууль тогтоох үйл хэрэгт олон нийтийн санал бодлыг тусгах, иргэдийн эрх ашигт нийцсэн бодлого, шийдвэрийг гаргахад тэдний дуу хоолойг хүргэх, ард олны засаглах эрхийг хангахад вэб, аппликейшн хосолсон уг платформын зорилго оршиж байгаа юм.

Дэлхий нийтийн чиг хандлага хувьсан өөрчлөгдөж, нийгмийн шинэ хэв журам дэлгэрсэн өнөө цагт технологийн дэвшлийг ашиглан ардчиллыг илүү төгөлдөршүүлэхэд залуусын оролцоо, манлайлал чухал гэж УИХ-ын дарга Г.Занданшатар уулзалтын эхэнд тодотгосон юм.

D-Parliament бол цахим хувьслаар дамжуулан аливаа нийгмийн асуудлыг дэвшүүлэн, УИХ-аар хэлэлцүүлэх, шийдвэр гаргах түвшинд оролцоогоо бодитойгоор нэмэгдүүлэх дэвшилтэт боломж гэдгийг мөн тодотгов.

Тэрээр үргэлжүүлэн шийдвэр гаргах түвшинд иргэдийн оролцоог нэмэгдүүлснээр, “хэвтээ” хариуцлагын тогтолцоог бүрдүүлж, парламентын ил тод байдлыг нэмэгдүүлэх ач холбогдолтой гэж байлаа.

Энэ үеэр ХААИС-ийн захирал, доктор, профессор О.Баатарцогт хэлэхдээ, цахим парламент цогц шинэчлэлийн хүрээнд УИХ-аас хийгдэж буй ажлууд, хэлэлцэж буй холбогдох хууль, тогтоомжуудын төсөлд эрдэмтэн, судлаач, багш оюутнуудын саналыг сонсон, нээлттэй ярилцаж байгаад талархал илэрхийлэв.

Түүнчлэн уулзалтын үеэр Монгол Улсын Засгийн газраас өргөн мэдүүлсэн Дээд боловсролын тухай хуулийн төслийн зарим зүйл, заалтуудын хүрээнд багш, оюутнууд саналаа илэрхийлж байсан юм. Тухайлбал, уг хуулийн төслийн 10.5 буюу Төрийн өмчийн анагаах ухааны чиглэлээр сургалтын үйл ажиллагаа эрхэлдэг их сургууль нь их сургуулийн эмнэлэгтэй байна гэсэн заалтад нэмэлт өөрчлөлт оруулах саналтай байгаагаа ХААИС-ийн Мал эмнэлгийн сургуулийн багш, судлаачид уламжилж байлаа.

Цахим платформын хөгжүүлэлт одоо ч үргэлжилж байгаа бөгөөд цаашид олон нийтийн саналд тулгуурлан илүү боловсронгуй, хүртээмжтэй болгохоор зорьж байгаа юм.

Өнөөдрийн уулзалтын дараа D-Parliament аппликейшнийг гар утсандаа суулгасан оюутнууд яг одоо хэлэлцэж байгаа зарим хуулийн төслүүдэд саналаа өгч, хэрэглээг туршин, УИХ-ын даргад сонирхсон асуултуудаа тавьсан юм.

Цаашид D-Parliament цахим системийн хэрэглээг улам бүр өргөжүүлж, олон нийтийн идэвх оролцоог нэмэгдүүлэхийн тулд энэ мэтчилэн цувралаар танилцуулах юм.

 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.