СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2022-11-09

Монгол Улсын 2023 оны төсвийн тухай хуулийн төслийн гурав дахь хэлэлцүүлгийг явууллаа

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
1 жилийн өмнө

Улсын Их Хурлын Төсвийн байнгын хороо долоон асуудал хэлэлцэн шийдвэрлэжээ.

Монгол Улсын 2023 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2023 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2023 оны төсвийн тухай хуулийн төслийн гурав дахь хэлэлцүүлгийг хийлээ.

Хуулийн төсөлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Х.Баделхан барилгын компаниуд үнийн өсөлтөөс шалтгаалан санхүүгийн хүнд нөхцөлд байгаа тул үнийн зөрүүг нь энэ ондоо багтааж, олгох боломж бий эсэхийг тодруулахад Сангийн сайд Б.Жавхлан, Бид 2023, 2024 оны төсөвт өмнөх жилүүдэд гарсан үнийн өсөлтийн нэмэгдлүүдийг суулгаж өгсөн. Харин энэ жилийн хувьд Төрийн хэмнэлтийн тухай хуулиа хэрэгжүүлүүлэхээс өөр аргагүй” хэмээн хариулсан.

Ингээд Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 71.1-т заасны дагуу хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний төсөвт өртөг, санхүүжих дүнг өөрчлөхгүй, агуулга, зарчмыг алдагдуулахгүйгээр арга хэмжээний нэр, хүчин чадал, байршлын талаар залруулга хийхтэй холбоотой гишүүдийн зүгээс гаргасан зарчмын зөрүүтэй саналаар санал хураалаа. Тухайлбал, Улсын Их Хурлын гишүүн Б.Пүрэвдоржоос Хууль зүй, дотоод хэргийн салбарын тоног, төхөөрөмжтэй холбоотой зарчмын зөрүүтэй санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн 66,7 хувь нь дэмжив.

Энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Г.Тэмүүлэн чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтлоо.

Төсвийн байнгын хорооноос Монгол Улсын 2023 оны төсвийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдтэй холбогдуулан боловсруулсан Төсвийн тухай, Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай, Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай  болон Төрийн хяналт шалгалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг явуулсан.

Хэлэлцэж буй асуудлуудтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ш.Раднаасэд, Х.Баделхан, Б.Пүрэвдорж, Ж.Батжаргал, Д.Тогтохсүрэн, С.Ганбаатар, Х.Булгантуяа, Ц.Сандаг-Очир нар асуулт асууж, үг хэлсний дараа хуулийн төслүүдийг зүйл, заалт бүрээр хэлэлцэв. Тухайлбал, Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн 1 дүгээр зүйлд 2/29 дүгээр зүйлийн 29.3.6 дахь заалт “тухайн жилд батлагдсан хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний санхүүжих дүнг төсвийн тодотголоор бууруулахгүй байх” гэж нэмэх Ажлын хэсгийн саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн 68.8 хувь нь дэмжсэн.

Харин Ажлын хэсгээс гаргасан саналууд дэмжигдээгүйтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Д.Тогтохсүрэнгээс төслийн 1/19 дүгээр зүйлийн 29.3.5 дахь заалтыг “шинээр эхлэх барилга, байгууламж, хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээг гурван жилд багтаан санхүүжүүлж дуусгах” гэж өөрчлөх, Улсын Их Хурлын гишүүн Ш.Раднаасэд, Х.Баделхан, Л.Мөнхбаатар нараас  төслийн 2/291 дүгээр зүйлийн заалтыг “барилга, байгууламжийн хувьд Барилгын тухай хуулийн 4.1.30-д заасан зураг төсөл болон сүүлийн хоёр жилийн хугацаанд хийгдсэн магадлалаар баталгаажсан төсөвтэй байх” гэж өөрчлөх санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх тус тус дэмжив.

Мөн хуулийн төслүүдийг хэлэлцэх үеэр Улсын Их Хурлын гишүүн Д.Тогтохсүрэн, Төсвийн байнгын хорооноос боловсруулсан хуулийн төслүүдэд хуралдааны үеэр гаргасан саналуудыг нэмж тусган чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх тул Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 39.22-т заасны дагуу төслийн анхны хэлэлцүүлгийг эцэслэн батлах үе шаттай нэгтгэн явуулах горимын санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх тус тус дэмжив. 

 

Сурталчилгаа

Манай хуудсыг дагаарай!


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.