УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн өчигдөр /2022.11.08/ байнгын хорооны хуралдаан дээр өрх, сумын эрүүл мэндийн төвүүдийн санхүүжилт олгогдохгүй удааширч байгаагаас иргэд эмнэлгийн тусламж үйлчилгээ авч чадахгүй хохирч байгаа асуудлаар байр сууриа илэрхийлэв.
УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн:
-Анхан шатны тусламж, үйлчилгээ иргэн бүрт хангалттай биш, үзүүлж байгаа сум, тосгоны Эрүүл мэндийн төвд сэтгэл хангалуун биш байна. С.Энхболд сайд аа, мундаг тушаал гаргаж, сая харлаа. Анхан шатны тусламж, үйлчилгээнд ойролцоогоор 307 тэрбум төгрөгийг төсөвлөсөн байна.
Бидний хүсээд байгаа зүйл чинь энд байна. Гэхдээ хэрэгжилт нь алга.
НББХ-ны гишүүд бид анхан шатны тусламж үйлчилгээнд нэг иргэний санхүүжилтийг хоёр дахин нэмсэн. Гэтэл иргэнд сэтгэл хангалуун биш байна. Очоод ярих гэхээр "Юу яриад байгаа юм бэ. Тэр мөнгө чинь хаана байна" гэж байна.
Сум тосгоны эмнэлэгт 106 тэрбум төгрөг төсөвлөсөн байна. Нийт төсөвлөсөн мөнгөний дөнгөж гуравны нэгийг л өгсөн байна. Одоо найман сар нь өнгөрчихсөн байна. Бусдыг нь яагаад өгөөгүй гэдгээ та нар хүлээн зөвшөөрлөө. Засгийн газар 560 тэрбум төгрөгөө шийдэж чадаагүй учраас хойшлоод байна шүү дээ. Тэр хойшилсон бүх хугацаа чинь тэнд цалингаа авдаг, үйл ажиллагаа явуулдаг эмнэлгүүд гацаад байна гэдгийг л бид нарт хэлээд байгаа юм.
Хоёр сайдын хамтарсан тушаалаар эмнэлгийн ажилтны цалинг нэмэх боломжийг олгосон. Менежерүүдтэй хариуцлага тооцооч ээ. Одоо 1.5 тэрбум төгрөг дансанд чинь байна. Яагаад нэмэхгүй байгаа юм? Эсвэл улс төрийн акц хийгээд байгаа юм уу, энэ мэт асуудлаа шийдээд явах ёстой шүү дээ. Гоё тогтоол гарчихсан, зөв тушаал баталсан ч гүйцэтгэл алга.
Мөн сүүлийн нэг жилийн хугацаанд ажлаас гарсан эмнэлгийн ажилчдын тоо байна уу. Нэг эмнэлгээс бүр 10-160 хүн гарсан гэх юм.
Эрүүл мэндийн сайд С.Энхболд:
-160 хүн халагдсан тоо бий. Нэг нь нийслэлийн дүүрэгт, нөгөө нь Өргөө амаржих газарт 2021-2022 онд нийтдээ 138 хүн ажлаас гарсны 58 нь өөрийн хүсэлтээр өргөдлөө өгсөн. Хувийн эмнэлгүүд байгуулагдаж байна. Тийшээ эмч нар шилжиж байна. Жилдээ нэг албан байгууллагаас 25-50 хүний шилжилт хөдөлгөөн хийгдэж байдаг. Дийлэнх нь шинээр төгсөж ирсэн эмч сувилагч нар байдаг. Тэдний тоо нэгдсэн тоон дээр нэмэгдэж явдаг гэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.