Гурван өгүүлбэрээр:
Санхүүгийн жилийн сүүлийн улиралд Disney компанийн нэгж хувьцаанд ногдох ашиг 30 цент болон буурч, нийт борлуулалт нь 20.2 тэрбум ам.доллар болсон нь шинжээчдийн төсөөллөөс 1 тэрбум ам.доллароор дутсан үзүүлэлт юм. Гэхдээ шинэ хэрэглэгчдийн тоо нь тэдний урмыг хугалсангүй.
“S&P Global Ratings” Хонгконгийн Хөрөнгийн биржид бүртгэлтэй “Mongolian Mining Corporation” компанийн зээлжих зэрэглэлийг ам.долларын бондын зэрэглэлийн хамт буурууллаа. S&P-ийн үзсэнээр MMC 2024 онд хугацаа нь дуусах 440 сая ам.долларын бонддоо дефолт зарлах эрсдэл нь улам нэмэгджээ. Хилийн боомтын нөхцөл байдлаас шалтгаалан нүүрсний борлуулалт нь хязгаарлагдмал байгаа нь компанийн хөрвөх чадвар сулрахад нөлөөлсний зэрэгцээ Төв банкнууд бодлогын хүүгээ чангаруулж буй энэ үед санхүүжилтийн орчин таагүй байгаа тул компанийн зээлжих зэрэглэл болон бондын зэрэглэлд “Сөрөг” төлөв давамгайлж байна гэж үзсэн байна.
Гадаад худалдааны нийт бараа эргэлт оны эхний 10 сард 17.1 тэрбум ам.долларт хүрч өмнөх оны мөн үеэс 30.3 хувиар өслөө. Тайлант хугацаанд экспорт 33 хувиар өссөн бол импорт өмнөх оны мөн үеэс 26.6 хувиар өссөн болохыг ГЕГ мэдээлэв. Нийт экспортын үнийн дүнгийн 51.1 хувийг чулуун нүүрс, 23.4 хувийг зэсийн баяжмал, 8.2 хувийг алтны экспорт бүрдүүлсэн банйа. Харин импортын хувьд нийт үнийн дүнгийн 19.3 хувийг нефтийн бүтээгдэхүүн, 6.9 хувийг суудлын автомашин, 4.8 хувийг ачааны автомашины импорт бүрдүүлжээ
"COP27" дээд түвшний уулзалтын үеэр Монгол Улс Европын Комисстой “Ойн түншлэлийн тухай харилцан ойлголцлын санамж бичиг” байгууллаа. Ингэснээр Монгол Улс нь Европын Холбооны ногоон санаачилгын нэг болох “Ойн түншлэл”-ийн яриа хэлэлцээнд оролцож байгаа Азийн анхдагч орон болж байгааг ЕТГ мэдээлэв. Энэ хүрээнд ойг эдийн засгийн чухал салбар, орлогын эх үүсвэр болгох, үүнтэй холбоотой 80,000 орчим ажлын байр бий болгох, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх зэрэг зорилтууд тавьсан байна.
"Ипотекийн зээлийн эргэн төлөлтийг хойшлуулах нь энэ зээлийг авах гээд хүлээж байгаа иргэдийн боломжийг нь хулгайлж байна гэсэн үг. 6%-ийн хүүтэй ипотекийн зээлийг байлгамаар л байгаа бол эргэн төлөлтийг хийж эхлэхээс өөр аргагүй хэмээн Монголын банкны холбооны гүйцэтгэх захирал Л.Амар мягмар гарагт мэдэгдэв. Харин эдийн засагч Ж.Дэлгэрсайхан “Ипотекийн тогтолцоо бол цаашид хэдэн арван жилээр тасралтгүй үргэлжлэх систем юм. Ипотекийн зээлийн төлөлтийг хойшлуулах нь улс төрийн өнцгөөс харсан, өнөөгийн эдийн засгийн нөхцөлд үүсээд буй иргэдийн бухимдлыг хязгаарлахыг оролдож байгаа тактикийн шинжтэй арга хэмжээ гэж хувьдаа бодож байна. Монголбанк гарсан тохиолдолд ЗГ хэрхэн санхүүжүүлж явах нь эргэлзээтэй” хэмээн байр сууриа илэрхийллээ.
Үндэсний статистикийн хорооны мэдээллээр III улирлын байдлаар уул уурхай олборлолтын салбарт гадаадын 2187 иргэн ажиллаж байгаа нь өмнөх оны мөн үеэс 3.1 нэгж хувиар өссөн үзүүлэлт аж. Энэ нь улсын хэмжээнд гадаадын нийт 7034 иргэн хөдөлмөр эрхэлж, сайн дурын ажил хийж байгаагийн хамгийн их буюу 31.1 хувийг эзэлж байгаа юм. Харин нийт гадаад ажилтнуудын 22.7 хувь нь барилгын салбарт ажиллаж байгаа нь хоёрдугаарт орох үзүүлэлт болжээ.
Австралийн хөрөнгийн биржид бүртгэлтэй "Jade Gas Holdings" компани Баруун наран нүүрсний уурхайгаас 35 метрийн зузаан бүхий хийтэй нүүрс илрүүллээ. Ингэснээр хий агуулагдаж байх магадлалтай талбайн хэмжээ баруун тийш 20 км-ээр өргөсөж, 31 км хүрсэн болохыг тус компанийн захирал мэдээлэв. "Jade Gas" нь "Эрдэнэс метан" компанитай хамтран Монголд метан хийн хайгуул хийж байгаа бөгөөд Тавантолгойн нүүрсний бүлэг ордоос гадна Баруун наран уурхайд хайгуул хийх зөвшөөрөл аваад байгаа юм.
2022 оны III улирлын байдлаар виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн салбарт өдөрт дунджаар 300 орчим тэрбум төгрөгийн арилжаа хийгдсэнийг СЗХ мэдээллээ. Энэ нь 2021 оны оргил үед нэг өдрийн дундаж арилжааны дүн 1-1.4 их наяд төгрөг хүрч байсантай харьцуулахад огцом буурсан үзүүлэлт юм. Тайлант хугацаанд шилжилтийн үеийн зохицуулалтын дагуу виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчдийг бүртгэлжүүлж, үйл ажиллагаа явуулж байсан 20 гаруй биржийг 9 болгон бууруулсан нь үүнд тодорхой хэмжээгээр нөлөөлжээ.
"Дийлдэшгүй" гэх байр суурьтай FAANG буюу Facebook, Amazon, Apple, Netflix, Alphabet гэсэн технологийн аварга таван компанид хөрөнгө оруулах нь олон жилийн турш хамгийн үр ашигтай шийдвэр байсаар ирсэн. Гэтэл өнгөрсөн гуравдугаар улирлын тайлан, үзүүлэлтүүд тэр үе нэгэнт өнгөрснийг харууллаа. Meta дээр жишээ авахад: тус компанийг "Facebook" гэсэн нэртэй байхад буюу 5 жилийн өмнө та хувьцааг нь худалдан авсан бол өнөөдөр 49 хувийн алдагдал хүлээх байжээ. Гэтэл энэ хугацаанд хөрөнгийн биржийн голлох S&P 500 индекс 45 хувиар өссөн үзүүлэлттэй байна. Meta-ийн хувьд цар тахлын үеэр бий болсон өсөлтөө алдаад зогсохгүй хувьцааны ханш нь 2015 оны үетэй зэрэгцэж буурчээ.
“Citigroup”, “Morgan Stanley” тэргүүтэй хөрөнгө оруулалтын банкнууд инфляцын түвшин оргилдоо нэгэнт хүрсэн гэж үзэж, Төв банкны бодлогын хүүгийн өсөлт цаашид саарахад бэлтгэж эхэлжээ. Ингэснээр томоохон хөрөнгө оруулагчид эхний ээлжид хөгжиж буй орнуудын валютад, ялангуяа багцын жин багатай валютад анхаарал хандуулах төлөвтэй байна. “Morgan Stanley”-ийн шинжээчид ам.долларын эсрэг эрчимтэй суларсаар байсан хөгжиж буй орнуудын валютын уналтын хүнд үе дууссаныг онцолжээ. Өнгөрсөн долоо хоногт тус банк хөгжиж буй орнуудын валютын ханшийн зэрэглэлийг “Уналттай”-аас “Тогтвортой” болгож өөрчилсөн юм.
Виртуал хөрөнгийн дэлхийн хамгийн том хоёр биржийн хоорондох 48 цаг үргэлжилсэн "драм" төсөөлөөгүй эргэлтээр өндөрлөлөө. Мягмар гарагт "Binance" өөрсдийн гол өрсөлдөгч "FTX"-ийн дийлэнх хувийг худалдан авахаар шийдвэрлэснийг хоёр компанийн Гүйцэтгэх захирлууд болох Жао Чанпен, тэрбумтан Сэм Бэнкман-Фрид нар мэдэгджээ. Энэхүү гэнэтийн үйл явдал нь 1 их наяд ам.доллароор үнэлэгддэг крипто зах зээлийн нөхцөл байдлыг огцом өөрчлөх нь ойлгомжтой юм. Тус хэлцлийн бусад нарийн мэдээлэл, санал болгосон үнэ болон хувь хэмжээг одоогоор ил болгоогүй байна. Өнгөрсөн амралтын өдрүүдэд Жао Чанпен учир битүүлэг шалтгаанаар компанийнхаа эзэмшдэг 539 сая ам.доллартой тэнцэх 23 сая “FTT” койныг бүгдийг нь зарахаар шийдсэнээ зарлаад байв.
Украины дайны эхэн үед ОХУ-ын цохилтод өртөж сүйрсэн дэлхийн хамгийн том нисэх онгоцыг дахин босгох ажлын хүрээнд дизайныг нь гаргаж эхэлжээ. Анх Зөвлөлтийн үед сансрын хөлөг тээвэрлэх зориулалтаар бүтээгдсэн "Антонов Ан-225 Мрія" нэртэй тус онгоц нь 30 гаруй жилийн турш Украины карго тээвэрт ашиглагдсан юм. Далавчны далайц нь 88 метр, жин нь 640 тонн гэдгээрээ дэлхийн хэд хэдэн дээд амжилтыг эзэмшдэг байсан "Мрія"-г хамгийн сүүлд цар тахлын үеэр вакцин тээвэрлэхэд ашиглаж байжээ. Онгоцыг дахин босгоход дор хаяж 500 сая ам.долларын зардал гарахыг үйлдвэрлэгч компани нь мэдэгджээ.
BloombergTV.mn танд санал болгож байна
Унгар улсад цар тахлын дараах сэргэлтийн санхүүжилт олгох эсэхийг Европын Комисс энэ сарын эцсээр шийдвэрлэнэ
Их Британийн Парламент “NFT”-ийн зах зээлд судалгаа хийнэ
БНАСАУ ОХУ-д зэвсэг нийлүүлээгүй болохоо мэдэгдэв
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.