СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2022-11-08

ГИХГ-ын албан хаагчид төрийн тусгай албан хаагч болж, боомтод ажилласан нэг жилийг 1.3 сараар тооцно

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
1 жилийн өмнө

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ.

Хуулийн төсөлд Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн 41 дүгээр зүйл буюу Гадаадын иргэний улсын байцаагч, түүний бүрэн эрхийн баталгаа гэснийг гадаадын иргэний асуудал эрхэлсэн төрийн захиргааны албан хаагчдад бүхэлд нь хамааралтай байх агуулгаар өөрчлөн тусгажээ. Хуулийн төсөлд зөвхөн тус зүйлд нэмэлт, өөрчлөлт оруулахаар боловсруулсан аж. Хуулийн төсөл 4 зүйлтэй байх бөгөөд дараах асуудлыг тусгасан болохыг Б.Пүрэвдорж гишүүн танилцууллаа.

. Мөн улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 10.6 дахь хэсэгт заасан тэмдэгтийн хураамжийн төсөвт төвлөрүүлсэн мөнгөн дүнгийн 20-иос доошгүй хувьтай тэнцэх хэмжээний хөрөнгийг гадаадын иргэн, харьяатын асуудал  эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын дараагийн жилийн төсөвт тусгаж тус байгууллагын үндсэн үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд зарцуулахаар тусгажээ.

Төрийн албаны тухай хуульд төрийн тусгай албан хаагчдын цалин хөлсний талаар зохицуулалт нь Засгийн газрын тогтоолоор тус тус шийдвэрлэхээр заасан байдаг. Иймд тус байгууллагын албан хаагчдын албан тушаалын ангилал, зэрэглэл, зэрэг дэв, түүний нэмэгдэл олгох журмыг Төрийн албаны тухай хуульд нийцүүлэн Засгийн газар тогтоохоор тусгажээ.

Түүнчлэн тус байгууллагын албан хаагч нь нийт 5 шатлал бүхий цолтой байх бөгөөд цол олгох, хураах, сэргээх журмыг батлах эрх бүхий этгээдийн талаар тусгасан гэв. Ингэхдээ ерөнхий байцаагч буюу тус байгууллагын  дарга нь тэргүүн зөвлөх цолтой байх бөгөөд тус  цолыг  хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн  газрын гишүүний шийдвэрээр олгох нь зүйтэй хэмээн төсөл санаачлагч үзжээ. Бусад 4 цолыг тус байгууллагын даргын баталсан журмаар олгохоор төсөлд тусгасан байна. Мөн тусгай  албан хаагчид албан хаагчийн албан ажлын онцгой нөхцөлийн, төрийн алба хаасан хугацааны, цолны, мэргэшлийн, эрдмийн зэргийн нэмэгдэл олгох журам, нэмэгдлийн хэмжээг Засгийн газар тогтоох шаардлагатай хэмээн үзэж, холбогдох өөрчлөлтийг хуульд тусгахаар төслийг боловсруулжээ.

Мөн хуулийн төсөлд Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.3.1 дэх заалтад Монгол Улсад оршин суух, харьяалалгүй хүн зорчих үнэмлэхийн загвар, тэдгээрийг эзэмших, хадгалах, ашиглах журмыг хууль зүйн асуудал эрхлэсэн Засгийн газрын гишүүний батлахаар заасан журмын зохицуулалтад оршин суух үнэмлэхийг хэвлэх асуудлыг нэмж тусгасан байна. Ийнхүү гадаадын иргэний оршин суух үнэмлэх хэвлэх, олгох үйл ажиллагааг гадаадын иргэний асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага бие даан хэрэгжүүлж хүний хувийн мэдээлэл, төрийн болон албаны нууцыг хамгаалах боломжийг бүрдүүлэх зорилгоор тусгасан болохыг төсөл санаачлагч Б.Пүрэвдорж танилцуулав.

Улсын байцаагчийн боомтод ажилласан нэг жилийг нэг жил гурван сар ажилласанд тооцох зохицуулалтыг нийт албан хаагчид хамаарах, мөн боомтод ажилласан эсэхээс хамаарахгүй байх нь зүйтэй хэмээн үзэж холбогдох зохицуулалтыг төсөлд тусгасан байна.

Нийт албан хаагчдыг төрийн тусгай албан хаагчийн статустай болгосноор ажилласан 1 жилийг 1.3 жилээр тооцох гэх мэт төрийн тусгай чиг үүрэг гүйцэтгэдэг байгууллагуудтай адил эрх зүйн зохицуулалтад орох юм байна. Үүгээр тус байгууллагын албан хаагчдын нийгмийн олон асуудал шийдэгдэнэ гэж үзжээ.

Төслийн хэлэлцэх эсэхтэй холбогдуулж гишүүд үг хэлж, байр сууриа илэрхийлсний дараа санал хураалт явуулсан юм. Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн 11 нь буюу 84.6 хувь нь Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийн хэлэлцэх нь зүйтэй хэмээн дэмжлээ. Иймд энэ талаарх санал, дүгнэлтээ чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтов.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.