Гурван өгүүлбэрээр:
2022 оны III улирлын байдлаар Банк бус санхүүгийн байгууллагын зээлийн нийт үлдэгдэл өмнөх оны мөн үеэс 51 хувиар өсөж, 2.7 их наяд төгрөг хүрснийг СЗХ мэдээллээ. Харилцах дансны үлдэгдэлд хүү тооцохгүй болж, хугацаатай хадгаламжийн хүү буурсан нь зээлийн өсөлтөд голлон нөлөөлсөн байна. Үүнээс гадна тайлант хугацаанд Банк бус санхүүгийн байгууллагын зээлдэгчдийн тоо өмнөх оны мөн үеэс 5.2 хувиар нэмэгдэж, 1.6 сая хүрсний 88.8 хувийг финтекийн зээлдэгчид эзэлж байгаа аж.
Холбогдох хуулийг шинэчилж, финтек зээлийг зохицуулснаар ББСБ-ын засаглал бэхжиж, тухайн компани, аж ахуйн нэгжийн талаар зах зээлд эерэг мессеж өгөх боломжтой. Мөн харилцагч, хөрөнгө оруулагч, зээлдэгч нарын эрх ашгийг хамгийн түрүүнд тавьсны зэрэгцээ СЗХ-ны эрх үүргийг тодорхой тусгаж өгсөн тул энэ зах зээл илүү ойлгомжтой, ил тод болох хүлээлттэй байгааг “Tи Ди Би Секьюритис” ХХК-ийн Дэд захирал Г.Энхбат өгүүллээ.
2022-2023 онд 25 төрийн өмчит компанийн 34 хүртэлх хувийн энгийн хувьцааг нэмж гарган МХБ-ээр олон нийтэд нээлттэй худалдах тогтоолыг VI сард Засгийн газар баталсан. Үүнээс хамгийн анх нээлттэй компани болох ажлыг МХБ энэ XII сард багтаан хийхээр бэлтгэл ажлаа хангаж байгаа бол үлдсэн 24 компани 2023 онд багтан нээлттэй болох аж. Нээлттэй компани болоход андеррайтер болон аудит, хуулийн үйлчилгээ үзүүлэх компанитай гэрээ байгуулах, үнэт цаас гаргах хүсэлтийг МХБ болон СЗХ-д хүргүүлэн бүртгүүлэх гээд дор хаяж 3-6 сарын хугацаа шаардлагатай байдаг тул багагүй хүлээгдэх бололтой. Сүүлийн 6 жилийн хугацааг авч үзвэл МХБ-ээр IPO хийсэн төрийн өмчит компанийн ганц жишээ "Монгол Шуудан" байсан бол сүүлд Төрийн Банк IPO хийж, нээлттэй компани болоод байгаа юм.
"Өмнөд хөршийн ковидын бодлого, Украины дайны асуудал зэрэг инфляцад нөлөөлөх хүчин зүйлс дунд хугацаанд үргэлжилнэ гэж бид ойлгох хэрэгтэй. Дэлхийн эдийн засаг ирэх онд таагүй байна гэсэн судалгаа гарсан. Иймд үед Монгол улс ганцаараа өөдрөг байх боломжгүй. Олон улсын байгууллагуудын судалгаагаар Ази, Номхон далайн бүс нутгийн орнуудаас ганцхан Энэтхэгийн өсөлт 5-аас дээш хувь байхаар байгаа. Ердөө 4-5 улсын ДНБ-ий өсөлт 5-аас дээш хуь байна. Ийм байхад Монгол улсын хувьд ирэх оны өсөлтийг 5 хувь гэж тооцоолж буй нь хэт өөдрөг тоо" хэмээн эдийн засагч Н.Энхбаяр "Bloomberg TV Mongolia"-д ярилцлага өгөхдөө өгүүлсэн юм.
“Rio Tinto”-ийн 3.3 тэрбум ам.долларын саналыг хэлэлцэн шийдвэрлэх хувьцаа эзэмшигчдийн хурал дахин хойшиллоо. “Turquoise Hill Resources”-ийн хувьцаа эзэмшигчдийн хурал анх энэ сарын нэгэнд болох байсан боловч хойшилж, 11 дүгээр сарын 8-ны өдөр болоод байсан бол энэ удаа дахин долоо хоногоор хойшлуулж, 11 дүгээр сарын 15-ны өдөр болгожээ. TRQ-ийн хувьд компанийнх нь 49 хувийг худалдан авах “Rio Tinto”-ийн саналыг батлах тогтоол дээр ажиллахад хугацаа хэрэгтэй гэсэн тайлбар өгсөн байна. Гэхдээ Канадын зохицуулах байгууллагаас энэхүү хэлцлийг зогсоож магадгүй болсон нь хурлыг хойшлуулахад нөлөөлсөн байж болох юм. Тодруулбал TRQ-ийн хувьцаа эзэмшигчид болох “Pentwater Capital Management”, “SailingStone Capital Partners”-тай хийсэн тохиролцоо нь Канадын хууль дүрмийн дагуух үйлдэл биш гэж Онтариогийн Үнэт цаасны зохицуулах хорооны ТУЗ-ийн дарга асан мэдээлсэн байна.
Ипотекийн зээлийн эргэн төлөлтийг 2023 оны долдугаар сарын 1 хүртэл хойшлуулах талаар хууль тогтоогчид хэлэлцэж байгааг УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн мэдээллээ. Улсын төсөв энэ долоо хоногт батлагдах бөгөөд тэр үед ипотекийн зээлийн эргэн төлөлтийн асуудлыг эцэслэн шийдвэрлэх аж. Мөн ипотекийн зээл авч байгаа иргэдийнхээ эрх ашгийг хохироохгүй шийдэл гаргах болохыг Барилга, хот байгуулалтын сайд онцолсон.
БНХАУ-ын экспорт болон импорт сүүлийн хоёр жилд анх удаа нэгэн зэрэг буурсан нь дэлхийн эдийн засаг уналтад орох эрсдэл нэмэгдсэнээр олон улсад хэрэглэгчдийн худалдан авалт буурч байгааг харуулж байна. Ам.доллароор тооцоолбол БНХАУ-ын экспорт аравдугаар сард өмнөх оны мөн үеэс 0.3 хувиар буурсан нь эдийн засагчдын төсөөлж байсан 4.5 хувийн өсөлтөөс доогуур дүн болжээ. Мөн импорт нь өмнөх оны мөн үеэс 0.7 хувиар буурсан нь 2020 оны наймдугаар сараас хойш анх удаа агшсан үзүүлэлт болж байна. Ингэснээр БНХАУ-ын төлбөрийн тэнцлийн ашиг 85.1 тэрбум ам.доллар болжээ.
"Twitter"-ийг орлох сошиал сүлжээ хэмээн өөрсдийгөө сурталчилдаг, нээлттэй эх код бүхий "Mastodon" платформд шинээр бүртгүүлсэн хэрэглэгчдийн тоо сүүлийн өдрүүдэд огцом нэмэгдсэн тул багтаамж багатай сервер нь ачааллаа дийлэхгүйд хүрээд байна. 10-р сарын 27-нд Илон Маск "Twitter"-ийн эзэмшигч болсноос хойш "Mastodon" хагас сая гаруй шинэ хэрэглэгчтэй болж, сарын идэвхтэй хэрэглэгчийн тоо нь 1 сая давжээ. Гэхдээ "Twitter"-ийг өдөр бүр 238 сая хүн хэрэглэдэгтэй харьцуулахад энэ нь өчүүхэн тоо юм.
Европын орнууд Африкийн байгалийн хийг хараачилж эхэлсэн нь Египетийн Шарм Эль-Шейх хотноо болж буй Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх COP27 уулзалтад халуун сэдэв байх бололтой. Даваа гарагийн хэлэлцүүлгийн үеэр уур амьсгалын төлөөх "Power Shift Africa" байгууллагын захирал "Бид эрчим хүчний колоничлолыг хүлээн зөвшөөрөхгүй. Европчууд Оросын импортыг орлох эх үүсвэртэй болохын тулд Африкийг шатахуун түгээх станц шиг ашиглаж, бохир шатах түлштэй нь үлдээх гэж байна" хэмээн шүүмжилжээ. ХБНГУ-ын зүгээс уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөлөлд хамгийн их өртсөн орнуудад 170 сая ам.долларын дэмжлэг үзүүлэхийг канцлер Олаф Шольц мэдэгдсэн бол Их Британи 2025 он гэхэд ижил зорилт бүхий төслүүдийн санхүүжилтээ 3 дахин нэмж, 1.5 тэрбум фунт стерлинг болгохоо амлаад байна.
Ухаалаг гар утасны дэлхийн хамгийн том зах зээл болох БНХАУ-д “Apple” компанийн шинэ загварын “iPhone”-ийн борлуулалт тааруу байна. “iPhone 14” гар утасны дөрвөн загварын БНХАУ дахь борлуулалт өмнөх “iPhone 13”-тай харьцуулбал худалдаанд гарсныхаа эхний 38 хоногт 28 хувиар буурсан үзүүлэлттэй гарчээ. Энэ онд хэрэглэгчдийн зарцуулалт эрс багассан нь дэлхийн ухаалаг гар утасны зах зээлд, ялангуяа БНХАУ-ын зах зээлд хүчтэй нөлөөлж байгаагийн нэгэн дохио нь энэ юм. Мөн өнгөрсөн долоо хоногт Жөнжоу хот дахь “iPhone”-ийн гол үйлдвэр нь гэнэтийн хөл хорионд орсноос болж “Apple” компанид нийлүүлэлтийн талаас сорилтууд учрах магадлалтай болжээ
Байгаль хоргүй сав баглаа боодол бүтээх уралдаанд ялагч нь тодорсон байж магадгүй байна. Калифорнид төвтэй стартап "Cove" байгальд бүрэн задардаг дэлхийн анхны усны савыг бүтээснээ мэдэгджээ. Таван жилийн турш хөгжүүлж, хэд хэдэн удаа нээлтийг нь хойшлуулсны эцэст тус компани шинэ бүтээгдэхүүнээ ойрын саруудад худалдаанд гаргахаар болсон байна. Хөөсөнцрөөр хийсэн юм шиг харагдаж, мэдрэгдэх уг савыг хэрэглэсэн хоолны тосноос гаргаж авсан PHA төрлийн полимерийг боловсруулж бүтээсэн бөгөөд ус болон хөрсөнд аливаа хорт бодис үлдээлгүйгээр шингэдэг аж.
BloombergTV.mn танд санал болгож байна
"Meta" компани энэ долоо хоногт олон мянган ажилтнаа цомхотголд хамруулахаар төлөвлөснийг Wall Street Journal мэдээлсэн. "Facebook" болон "Instagram"-ийн борлуулалтын орлого огцом буурсантай холбогдуулан компанийн Гүйцэтгэх захирал Марк Закерберг хүний нөөцөө шинэчилж, ажлын орон тоог цөөрүүлэх төлөвлөгөө танилцуулаад байгаа билээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.