СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага /Жайка/-ын ерөнхийлөгчийг хүлээн авч уулзав

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
1 жилийн өмнө

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Монгол Улсад айлчилж буй Японы Олон улсын хамтын ажиллагааны байгууллага /ЖАЙКА/-ын Ерөнхийлөгч А.Танака-г хүлээн авч уулзжээ.

Уулзалтын үеэр Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Японы Олон улсын хамтын ажиллагааны байгууллага /ЖАЙКА/-ын Ерөнхийлөгч А.Танака манай улсад албан ёсны айлчлал хийж байгаад баяр хүргэж, Монгол Улсын ардчилал, зах зээлийн эдийн засгийн тогтолцоог бэхжүүлж, тогтвортой хөгжлийг хангахад Япон Улсын дэмжлэг, хөнгөлөлттэй зээл, тусламж онцгой үүрэг гүйцэтгэж ирснийг онцлон тэмдэглэв.

Тэрээр ЖАЙКА нь “Нарны гүүр”, “Нарны зам”, “1000 инженер”, “Монгол, Японы сургалтын эмнэлэг”, “Чингис Хаан” олон улсын нисэх онгоцны буудал зэрэг манай улс орны хөгжилд стратегийн чухал ач холбогдолтой олон төсөл хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлж, Монгол Улсын ардчилсан хөгжлийг тууштай дэмжиж ирсэнд талархал илэрхийлэв.

Сайд Б.Батцэцэг өнгөрсөн 5 дугаар сард Монгол, Японы хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойн хүрээнд хэрэгжүүлсэн Япон Улсын Гадаад хэргийн сайд Ё.Хаяши-гийн Монгол Улсад хийсэн албан ёсны айлчлалын үеэр  Монгол, Японы Стратегийн түншлэлийн Дунд хугацааны хөтөлбөр /2017-2021/-ийн хэрэгжилтийг дүгнэж, олон нийтэд танилцуулсан нь чухал ач холбогдолтой болсныг тэмдэглээд шинэ хөтөлбөрт эдийн засгийн хамтын ажиллагааны хүрээнд хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөрийг тусгах саналтай байгааг илэрхийлэв.

Мөн Монгол орны ирээдүйн хөгжилд олон тулгуурт эдийн засгийн бүтцийг бий болгох, чингэхдээ гуравдагч хөршүүдээсээ шинэ технологи, хөрөнгө оруулалтыг татах, худалдааг нэмэгдүүлэх шаардлага их байгааг дурдаж, .

А.Танака Япон Улсаас сүүлийн жилүүдэд Монгол Улсад хэрэгжүүлж буй ЖАЙКА-ын төсөл, хөтөлбөрүүдийн үр дүн, Монгол Улсын Засгийн газрын “Алсын хараа 2050” урт хугацааны хөгжлийн бодлого, “Шинэ сэргэлтийн бодлого” болон Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод”, “Хүнсний хангамж-Аюулгүй байдал”, “Эрүүл Монгол” үндэсний хөдөлгөөний хүрээнд цаашид хэрэгжүүлэх хамтын ажиллагааны талаар танилцуулав.

Тэрээр Монгол Улсын Их хурал, төр засгийн зүгээс “Япон лугаа адил хөгжье” санаачлага дэвшүүлэн ажиллаж байгаад баяртай буйгаа илэрхийлээд, Япон Улсын хөгжлийн ололт, амжилт, туршлагаас суралцахын сацуу алдаа, дутагдлыг давтахгүй байхын чухлыг онцлов.

Энэхүү айлчлал нь Монгол Улс, Япон Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жил, Японы Олон улсын хамтын ажиллагааны байгууллага (ЖАЙКА)-ын Монгол дахь Төлөөлөгчийн газар байгуулагдсаны 25 жилийн ой, ЖАЙКА-ын далайн чанад дахь сайн дурын гишүүд Монголд томилогдон ажиллаж эхэлсний 30 жилийн ойн хүрээнд болж буйгаараа онцлог юм.

А.Танака нь Японы Олон улсын хамтын ажиллагааны  байгууллагa (ЖАЙКА)-ын Ерөнхийлөгчөөр 2 дахь удаагаа томилогдон ажиллаж байгаа бөгөөд 2014 онд Монгол Улсад айлчилж байсан юм.

 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.