СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Иргэн Э.Цэрэндолгорыг Улаанбаатар хотоос гурван сар гарахыг хориглох шийдвэрийг шүүх гаргав

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
2 жилийн өмнө

Баянзүрх дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний нэр төр, алдар хүндэд халдсан, илт худал мэдээллийг олон нийтэд тараасан гэмт хэрэгт холбогдуулан Э.Цэрэндолгорт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2106 03343 0780 дугаартай эрүүгийн хэргийг Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх өнгөрөгч сард хянан хэлэлцсэн.

Ингээд шүүгдэгч Э.Цэрэндолгорыг гэм буруутайд тооцож, гурван сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэж, Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээс өөр газар явахыг хориглох, мөн тухайн газраас өөр газарт зорчихдоо эрх бүхий байгууллагын зөвшөөрөл авах үүргийг тус тус хүлээлгэж, зан үйлээ засах үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч шийдвэрлэлээ.

Тодруулбал иргэн Э.Цэрэндолгор нь олон нийтийн цахим сүлжээн дэх өөрийн хуудсаар “иргэн Б нь Э-тэй хамт шатаж нас барсан”, “иргэн М бол монголын хар тамхины зөөвөрлөгч, наймаачин, гаршсан гэмт хэрэгтэн”, “төрийн алба хаагч Д нь М-д үйлчилдэг, түүний хууль бус үйлдлийг нуун дарагдуулдаг” гэх агуулга бүхий, нэр бүхий гурван хүний нэр төр, алдар хүндэд халдсан, илт худал мэдээллийг олон нийтэд тараасан.

Хэрэгт цугларсан нотлох баримтаар, шүүгдэгч Э.Цэрэндолгорийн олон нийтэд тараасан дээрх агуулга бүхий мэдээлэл нь “үнэн бодит” болох нь тогтоогдоогүй тул тухайн хүмүүсийн талаар илт худал мэдээллийг олон нийтэд тараасан гэж үзэж, шүүхээс гэм буруутайд тооцов.

 Эрүүгийн хуульд “хүний нэр төр, алдар хүнд, хуулийн этгээдийн ажил хэргийн нэр хүндэд халдсан илт худал мэдээллийг олон нийтэд тараасан” үйлдлийг гэмт хэрэгт тооцож, уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай хүнийг 450.000-1.300.000 төгрөгөөр торгох, эсхүл 240-720 цаг нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл 1-3 сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэхээр заасан байна.

Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд уг хэргийг хянан хэлэлцээд, шүүгдэгч Э.Цэрэндолгорийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, түүний эрүүл мэндийн байдал, эрхэлсэн тодорхой ажилгүй зэргийг харгалзан түүнд 3 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэв.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.