УИХ дахь МАН-ын бүлэг Газрын тухай багц хуулийн төслийг хэлэлцжээ.
МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн:
-Өнгөрсөн сард УИХ, Засгийн газраас газрын тухай багц хуулийн төслийг өргөн барьсан. Бид 2020 оны сонгуулийн мөрийн хөтөлбөрт газрын харилцааг багцаар нь авч үзнэ, шинэтгэл хийнэ гэдэг том зорилт тавьсан. Засгийн газраас боловсруулсан Газрын тухай таван хууль байгаа. Тухайлбал, Газрын тухай ерөнхий хууль, Иргэнд газар өмчлүүлэх тухай хууль, Газрын төлбөрийн тухай хууль, Газрын кадастрын тухай хууль, Нийгмийн зайлшгүй хэрэгцээнд үндэслэн газар чөлөөлөх тухай хуулийг өргөн барьсан. МАН-ын бүлэг эдгээр хуулийг хэлэлцээд зарчмын хувьд дэмжсэн.
Гэхдээ цаашид уг хуулийг хэлэлцэхдээ хэд хэдэн асуудалд анхаарах хэрэгтэй гэж үзсэн. Ингэхдээ Барилга хот байгуулалтын тухай хууль, Газрын тухай хуулийг хамтатгаж хэлэлцэх ёстой. Ингэж байж хот байгуулалт болон газрын асуудал хоорондоо уялдана. Газрын тухай хууль батлагдсанаар газар эдийн засгийн эргэлтэд орох ёстой гэж үзэж байгаа. Хууль батлагдсанаар газрын нэгдсэн бүртгэл сайжирч, газрын талаар гардаг зөрчил маргаан цэгцлэгдэнэ гэж үзсэн.
УИХ-ын гишүүн Б.Энхбаяр:
-Цогцоороо нийт долоон хуулийн төсөл хэлэлцэнэ. Энэ асуудалд өргөн бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг гаргана. Газар бол улсын үндэс. Тусгаар тогтнол, Үндэсний аюулгүй байдлын эрх ашгийн үүднээс авч үзэх асуудал. Газрыг өмчлөх асуудлыг шийдээд 20 жил болж байна. Өнгөрсөн 20 жилийн хугацаанд Монгол Улс нийт газар нутгийнхаа 0.04 хувийг өмчлүүлсэн байна. Цаашдаа хувийн өмчийн энэ эрхийг улам баталгаажуулах чиглэлээр тодотгох шаардлага байгаа. Газрын харилцааны хуульд хамрагдахгүй иргэн гэж байхгүй. Өнөөдрийн байдлаар Монгол Улсын хэмжээнд 1.1 сая иргэн, хуулийн этгээд газар эзэмших болон өмчлөх эрхийн харилцаанд орсон байна. Бүх хүнд хамаатай, суурь эрх зүйн шинэтгэл явагдах гэж байна.
Өнгөрсөн хугацаанд бид хэдийгээр Газрын хуультай мэт боловч хуульгүй мэт аягласаар ирсэн. Тусгай хамгаалалттай газар дээр отог барих гэдэг эрхээр дамжуулан хэдэн их наяд, зуун мянган иргэний орон сууц улсын эрхийн бүртгэлгүй харилцаа бий болсон. Зайсан, Тэрэлж, Яармаг гэх мэт. Хамгийн үнэтэй баялгаа үнэ цэнгүй байлгаж ирсэн. 97-98 орчим хувийн газрыг татвар төлбөрөөс чөлөөлж ирсэн. Үнэтэй зүйл өндөр татвартай байх ёстой. Үнэгүй олгож байгаа гэдэг нэрийн дор газрын албаныхан болон Засаг даргаар ажиллаж байсан нөхөд газрыг далд байдлаар үнэтэй зардаг. Газрын авлигын өртгийг шингээгээд өндөр өртөгтэй орон сууцууд баригдаж байна.
Тиймээс газрын шинэтгэлийн цаана, далд байгаа эдийн засгийг ил болгох, улмаар татвар авах бодлогыг шийднэ. Салангид болсон газрын харилцааны бодлогыг нэгдмэл болгоно.
Барилга, хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар:
-Газрын тухай багц хууль 2002 онд батлагдсанаас хойш нийт 32 удаа өөрчлөлт орсон. Тус хуулийг зайлшгүй шинэчлэх шаардлага тавигдсан. Дүүргийн хэмжээний газар олголтыг хотын хэмжээнд хийдэг болж байгаа. Газар олголтыг цахимаар шийднэ. Нийслэлд газар олголтын давхардал бий болдог. Шинэчлэн боловсруулж буй хуульд газрын маргаан шийдэх зөвлөл бий болгож байгаа. Газрын ерөнхий хуулиар цахимжилт, ил тод болгох асуудлыг шийднэ.
Иргэний хуульд байгаа үндсэн асуудлуудтай Газрын тухай хуулийг нэгтгэж байгаа юм. Орон сууцанд амьдарч буй хүний газрыг хүртэл үнэлэх, гэр хорооллын дахин төлөвлөлт, ашиглалтын шаардлага хангахгүй байшин буулгахад газартай холбоотой үүсдэг асуудлыг шийднэ. Иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийг шинэчилж оруулж ирж байгаа. Газар чөлөөлөх тухай хуулийн төслийг багцаар нь боловсруулсан. Хот байгуулалтыг газартай бас холбож ярина. Олон жил яригдсан хуулийг өөрчлөхөөр ажиллаж байна гэсэн юм.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.