Гурван өгүүлбэрээр:
Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал Н.Мандуул УИХ-ын чуулганы үеэр гишүүдэд мэдээлэл өгөв. Түүний хэлснээр зээлийн эргэн төлөлт одоогийн байдлаар 780 тэрбум төгрөг хүрээд байгаа бөгөөд энэ онд эргэн төлөлтийг 1 их наяд төгрөг хүргэхээр зорьж байна. Тус банкны өөрийн хөрөнгийн хүрэлцээний харьцаа бараг 0-д дөхөөд байсан бөгөөд энэ оны эцэс гэхэд энэ үзүүлэлтийг 20 хувьд хүргэхээр ажиллаж байгаа аж. Монголбанкны 2021 онд хийсэн шалгалтаар Хөгжлийн банкны идэвхтэй байгаа нийт зээл буюу 3.2 их наяд төгрөгийн зээлд эзэлж буй чанаргүй зээл нь 1.8 их наяд төгрөгт хүрсэн буюу чанаргүй зээлийн хэмжээ нийт зээлийн багцын 55.3 хувийг эзэлж байгааг дүгнэсэн актыг 2021 оны 12-р сарын 21-нд албажуулж байв.
"Хөгжлийн банк чанаргүй зээлүүдийнхээ асуудлыг сайн шийдвэрлээд явж байгаа учраас бондын төлбөрийг тодорхой хэмжээнд төлөх санхүүгийн нөөц боломж бүрдэнэ. Өмнөх жилүүдэд бид банкнуудтай бонд гаргадаг байсан бол энэ удаад хүү нэмэгдэх төлөвтэй байна. Ам.долларын суурь хүү 4-5 болчихоор бидний хувьд бондоо дахин санхүүжүүлэхэд тэр хэмжээгээр зардал өснө гэсэн үг. Мөн энэ оны эхнээс хойш эрчимтэй буурч байсан гадаад валютын албан нөөц тогтворжиж байна гэдэг нь бид ерөнхийдөө он дуусахад нөөцийн түвшинтэй гарах болов уу гэсэн төсөөлөлтэй байна. Монголбанкны хувьд гадаад валютын нөөц, ханшийн дарамтыг бууруулах зорилгоор төгрөгийн харьцангуй өгөөжийг хадгалах шаардлагатай. Тиймээс Холбооны нөөцийн банк бодлогын хүүгээ чангалаад байна гэдэг нь Төв банкийг энэ чиглэлд бодлогоо цааш нь үргэлжлүүлэхийг шаардаад байна гэсэн үг" хэмээн Монголбанкны Нөөцийн удирдлага, санхүүгийн зах зээлийн газрын захирал А.Энхжин "Bloomberg TV Mongolia"-д ярилцлага өгөхдөө өгүүлсэн юм.
Изинис Эйрвэйз ХХК өнгөрсөн бямба гарагт AIRBUS А330-200 ачаа тээврийн агаарын хөлгөө хүлээн авлаа. Тус компанийн инженерүүд "AKKA Technologies"-ийн стандартын дагуу 62.8 тоннын даацтай энэхүү агаарын хөлгийн зорчигч тээврийн зориулалтыг өөрчлөн, бүтэн карго үйл ажиллагааны агаарын хөлөг болгон хувиргах юм байна. Энэ нь хувийн хэвшлийн агаарын тээврийн компани бие даан гүйцэтгэж буй анхны тохиолдол болох аж.
Дэлхийн дулаарлаас болж учирсан хохирлыг барагдуулахад чинээлэг орнууд хэрхэн тусалж болох тухай сэдвээр Уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг НҮБ-ын COP27 бага хурал эхэллээ. Сүүлийн хоёр зууны турш дэлхийн баялгийн ачаар хөгжин цэцэглэж, аж үйлдвэржсэн орнууд уур амьсгалын төлөө нөхөн төлбөр өгөх ёстой болохыг хөгжиж буй орнууд энэхүү бага хурал зохион байгуулагдаж эхэлсэн цагаас эхлэн шаардаж байгаа юм. Хурлын эхэнд БНХАУ-ын төлөөлөгч энэ саналыг дэмжсэн хэвээр байгаагаа илэрхийлж, "Энэ удаагийн хурал хөгжиж буй орон болох Египетэд зохиогдож байгаа болохоор хөгжиж буй орнуудын шаардлагыг биелүүлнэ гэдэгт найдаж байна" хэмээжээ.
"Glencore" компани 2016 он хүртэлх таван жилийн хугацаанд Африкийн таван улсад нийт 28 сая ам.долларыг авлигад зарцуулсныг Их Британийн Залилангийн гэмт хэрэгтэй тэмцэх газраас тогтоосон байна. Өнгөрсөн хугацаанд “Glencore” голлон улс төрийн тогтворгүй байдлаас ашиг олохыг эрэлхийлж, Төрийн албан тушаалтнуудад их хэмжээний бэлэн мөнгө өгч, мөн Засгийн газар хоорондын хэлэлцээрт оролцон, хөнгөлөлттэй үнээр гэрээ хийлгэж байжээ. Ийнхүү шүүхийн шийдвэрээр тус компанид 308 сая ам.долларын торгууль оногдуулсан байна. Өмнө нь “Glencore” АНУ болон Бразилд дээрхтэй ижил хэрэгт буруутгагдаж, нийт 1.1 тэрбум ам.долларыг торгуульд төлөөд байсан юм.
Франц улс хууль бусаар хил давуулсан үндэслэлээр хураагдсан тансаг зэрэглэлийн гар цүнхнүүд, хоёр ширхэг “Rolex“ цаг тэргүүтэй 350 гаруй бүтээгдэхүүнийг Парис хотноо дуудлага худалдаагаар заржээ. Эдгээр бүтээгдэхүүнүүд нийлээд 1.36 сая еврогийн орлого авчирсан нь өмнө тооцоолж байсан 700 мянган еврогоос бараг хоёр дахин илүү дүн болжээ. Тухайлбал: алтлаг цайвар өнгийн “Rolex Sky-Dweller” бугуйн цаг нь 15-25 мянган еврогийн хооронд зарагдана гэж тооцоолж байсан ч 31 мянган евро хүрсэн байна. Түүнчлэн хар өнгөтэй, хөх хүрээтэй “Rolex GMT Master II” цаг 17500 евро, “Hermes” брэндийн “Birkin” гар цүнх 11500 еврогоор тус тус зарагджээ.
Инфляцын өсөлтийг үл харгалзан хэрэглэгчдийн дунд өндөр үнэтэй захиалгын хоолны эрэлт өндөр байснаар III улиралд “DoorDash” компани шинжээчдийн таамгаас давсан ашигтай ажилласан байна. Тус компанийн ашиг III улиралд 33 хувиар өсөж, 1.7 тэрбум ам.доллар болсон нь “Bloomberg”-ийн шинжээчдийн таамаглаж байсан 1.63 тэрбум ам.долларын үзүүлэлтээс давжээ. Тайлант хугацаанд хэрэглэгчдээс ирсэн захиалгын тоо 27 хувиар өссөн бол захиалгын орлого 30 хувиар нэмэгдэж, 13.5 тэрбум ам.доллар болсон гэдгийг тус компани мэдэгджээ. Цар тахлын хөл хорионы үед хэрэглэгчид гадуур хооллох боломжгүй болсноос гадна өдрийн турш гэртээ гурван удаа хоол хийх сонирхол буурсантай холбоотойгоор захиалгын хоолны эрэлт эрс өсөөд байсан юм.
Шинэ эзэнтэй болсныхоо дараа нийт ажиллах хүчээ 50 гаруй хувиар цомхотгоод байгаа "Twitter" компани зарим чөлөөлөгдсөн ажилтнуудаа эргүүлэн дуудсан болохыг нэрээ нууцалсан эх сурвалжаас "Bloomberg"-т мэдээлжээ. Тэдний багагүй хэсэг нь бүртгэлийн алдаанаас болж цомхотголд хамрагдсан бол үлдсэн хэсэг нь Илон Маскийн төлөвлөж буй шинэ үйлчилгээнүүдийг хэрэгжүүлэхэд зайлшгүй хэрэгтэй ажилтнууд байсан аж. Өнгөрсөн долоо хоногт тус компани богино хугацааны дотор 3700 гаруй ажилтныг чөлөөлж байгаагаа зөвхөн мэйлээр мэдэгдсэн нь багагүй будилаан үүсгэсэн бололтой.
Хэрэв та "Америк мөрөөдөл"-д хамгийн хурдан хүрье гэвэл АНУ-ын Массачусетс мужийг зорих хэрэгтэй болох нь. "Milken Center for Advancing the American Dream" байгууллага АНУ-ын 50 мужийг хөгжил цэцэглэлтээр нь эрэмбэлсэн жагсаалт гаргасан байна. Эрүүл мэнд, боловсрол, бизнесийн орчин, хувийн эрх чөлөө зэрэг шалгуур үзүүлэлтүүд бүхий энэ жагсаалтад Бостон хот, Харвард, MIT их сургуулиудаараа алдартай Массачусетс муж тэргүүлж, Коннектикут, Миннесота, Нью Хэмпшир, Юта мужууд эхний тавд оржээ.
АНУ-ын Конгрессын хоёр танхимын төлөөлөгчдийг сонгох завсрын сонгуулийн санал хураалт явагдана. Уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг НҮБ-ын COP27 бага хурал Египет улсад зохион байгуулагдана. АНУ аравдугаар сарын инфляцын дүн мэдээллээ танилцуулна.
Даваа гараг: Австрали, БНХАУ, Хонгконг, Сингапур улсууд гадаад валютын нөөцөө танилцуулна. Чили улсын зэсийн экспорт, худалдааны дүн гарна. Евро бүсийн Сангийн сайд нар Брюссель хотноо хуралдана.
Мягмар гараг: Walt Disney компани IV улирлын тайлангаа танилцуулна. АНУ-ын Сенат, Төлөөлөгчдийн танхимын гишүүдийг сонгох сонгуулийн санал хураалт эхэлнэ.
Лхагва гараг: ОХУ, Мексик, Унгарын инфляцын үзүүлэлт гарна.
Пүрэв гараг: АНУ аравдугаар сарын инфляцын үзүүлэлтээ гаргана. Мексикийн Төв банкны бодлогын хүүгийн шийдвэр гарна.
Баасан гараг: ХБНГУ-ын инфляц, Малайз, Хонгконгийн ДНБ-ий үзүүлэлт танилцуулагдана. БНХАУ-ын гадаадын шууд хөрөнгө оруулалтын тайлан гарна.
"Амьд үлдэх" хамгийн сайн арга бол ердөө л алтан гулдмай худалдаж авах бололтой. III улиралд дэлхий даяар төв банкнууд гадаад валютын нөөцөө төрөлжүүлэх зорилгоор их хэмжээгээр алт худалдан авсныг Дэлхийн алтны зөвлөл мэдээлсэн. Энэ онд төв банкнууд нийт 400 тонн гаруй алт худалдан авсан нь 1967 оноос хойших дээд үзүүлэлт болжээ.
Эх сурвалж: Bloomberg TV Mongolia
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.