Америкийн “Twitter” компани ижил нэртэй олон нийтийн сүлжээндээ төлбөртэй үйлчилгээнүүд нэвтрүүлэхээр судалж байна гэж “The New York Times” сонин эх сурвалжуудаас эш татан мэдээлжээ.
Тухайлбал алдартай хэрэглэгчдэд хувийн зурвас илгээж болдог төлбөртэй үйлчилгээ нэврүүлэхээр судалж байгаа аж.
Үүнээс гадна, тусгай дүрс бичлэгийг төлбөртэй үзэх үйлчилгээ нэврүүлж магадгүй байна.
Алдарт санхүүч Илон Маск уг компанийг худалдаж авсны дараахнаас төлбөртэй үйлчилгээнүүдийн талаар яригдаж эхэлжээ
И.Маск гэрээгээ дуусгахын тулд өндөр хүүтэй 13 тэрбум ам.долларын зээл авсан тул энэ нь хурдан ашиг олох зорилготой гэж “The New York Times” онцолсон байна. Үүний зэрэгцээ тус компани ажилчдаа олноор нь цомхотгох талаар хэлэлцэж байгаа бөгөөд “Bloomberg” агентлагийн мэдээлснээр, “Twitter”-ийн ажилтнуудын тал хувь нь цомхотголд орж магадгүй байна.
Их Британийн зар сурталчилгааны “WPP” компанийн ажилтан асан Роб Норман өмнө нь “The New York Times” сонины зохиогчийн буланд гаргасан нийтлэлдээ, нийгмийн сүлжээг үзэл бодлоо илүү чөлөөтэй илэрхийлэх платформ болгон хувиргах гэсэн И.Маскийн санаанаас болж томоохон сурталчлагчид “Twitter”-т бүтээгдэхүүнээ сурталчлах санхүүжилтийг зогсоож магадгүй гэж онцолжээ.
“The Wall Street Journal” сонины мэдээллээр, “Twitter”-т маркетинг хийх санхүүжилтийг зогсоох шийдвэрийг “Nestle” хүнсний брэндийг эзэмшигч “General Mills”, "Oreo" жигнэмгийн үйлдвэрлэгч “Mondelez International”, эмийн үйлдвэрийн аварга “Pfizer”, автомашин үйлдвэрлэгч “Audi” зэрэг хэд хэдэн томоохон компани хэдийнээ гаргасан байна.
Эх сурвалж: The New York Times
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.